УИХ-ын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар "Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль"-ийн төслийг хэлэлцсэн. Тодруулбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлдог байсныг өөрчилж үндэслэлийг зөвхөн бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгажээ. Харин банк дампуурах процесс нь ААН-ийнхээс өөр бөгөөд Монголбанкны хуулиар зохицуулагдаж ирсэн. Цаашид шинэчилсэн хуулиар ямар зохицуулалтууд хийгдэх талаар Монголбанкны хууль, эрх зүйн газрын захирал Д.Аюуштай ярилцлаа.
Банкийг албадан буулгах эрх Монголбанканд хадгалагдаж, сайн дураар дампуурах процесс “Төлбөрийн чадваргүйдлийн тухай” хуулиар зохицуулагдана.
-Дампуурлын тухай хуулийг “Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль” болгож өөрчлөөд шүүх дээр шийдэгдэхгүй сунжирдаг процессыг шинэчилсэн хуульд хялбаршуулж тусгасан гэж төсөл санаачлагчид хэлж байгаа. Тэгвэл банк дампуурах процесст хуулийн хүрээнд ямар өөрчлөлт орох вэ?
-Банкны тухай хуулиараа Монголбанкнаас өөр этгээд банкийг албадан татан буулгах, дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл, банкныхаа хуулиар явдаг гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд арилжааны хоёр шатлалт банкны тогтолцоо үүсээд анхны банкны дампуурлаас эхлээд процесс нь банкны тухай хуулиараа явсан байдаг. Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуульд банкийг албадан татан буулгах харилцаа хамаарахгүй. Харин банк сайн дураараа татан буугдаж байгаа тохиолдолд төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулиар зохицуулагдах ёстой болж байна.
-Монгол Улсад арилжааны банк байгуулагдсан цагаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн банк дампуурсан бэ. Шүүх дээр одоо болтол нэхэмжлэлийн маргаантай байгаа хэдэн банк байгаа вэ?
-1989 онд анхны “Монгол хоршоо” банк зөвшөөрлөө авснаас хойш 30 гаран банк зөвшөөрлөө авсан байдаг. Эдгээрээс 20 банк дампуурлаа зарласан. “Монгол бизнес” нэртэй ганцхан банк өөрөө сайн дурын дампуурлаар дампуурлын хэрэг гүйцэтгэгчийг “Монгол бизнес” ХХК-д шилжүүлж авч, гүйцэтгэх ажиллагаа нь одоо хэр нь хийгдээд явж байна. Үлдсэн 19 банканд Монголбанкнаас эрх хүлээн авагч томилогдож татан буулгах ажиллагаа хийгдсэн байна.
-Арилжааны банкуудыг албадан татан буулгахаас илүү дампуурахаас сэргийлж төрийн зохицуулалт хийх, банкны хяналт шалгалтыг чангатгах, даатгалын аргаар, эсвэл өөр банктай нэгтгэх зэрэг арга хэмжээ авч болдог шүү дээ. Сүүлд Монголбанкнаас “Капитал” банкийг 2019 онд албадан татан буулгасан. Тухайн үед шууд дампуурлыг нь зарлахаас өөр гарц байгаагүй юу гэдэг шүүмжлэл ч бий. Одоо банкны өр төлбөр барагдуулах ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Банк гэдэг маань өөрөө маш “эмзэг” итгэл дээр суурилсан хуулийн этгээд. Шууд утгаараа банк дампуурах сургаар харилцагчид үүдэнд нь дугаарлаж эх үүсвэрүүдээ татаж аваад нэг өдрийн дотор тухайн банкийг дампууруулах эрсдэлтэй. Ингээд банк эх үүсвэрээ гэнэт алдаад эхэлбэл, зээл, хадгаламж, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн өөрийн хөрөнгөө алдаж эцэст нь хүчээр дампуурах хүндрэл рүү орчихдог. Тиймээс банканд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд албаны нууцын журмаар явдаг. Монголбанкны үндсэн гол зорилго бол санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа банканд эрсдэл үүсэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь маш тодорхой байдаг. Монголбанк нь урьдчилан сэргийлэх болон албадлагын арга хэмжээ авна гэж заасны дагуу эрсдэлд орсон тухайн банканд эхлээд бүрэн эрхт төлөөлөгч томилох, хянагч томилж хянах зэрэг арга хэмжээнүүдийг эхний ээлжинд авсны дараа хэрвээ үр дүнд хүрэхгүй байвал тухайн банкийг албадан татан буулгахаас өөр аргагүй байдал руу ордог л доо. “Капитал” банкны хувьд 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож татан буулгах ажиллагаа хийж банкны эрх хүлээн авагчийн зөвлөл томилогдсон. Энэ томилогдсон зөвлөл маань тухайн банкны өр төлбөрийг барагдуулах ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.
-Одоо үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудад активын чанарын үнэлгээ хийсэн байх. Анхаарал хандуулах шаардлагатай хэдэн банк байгаа вэ?
-Албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа 12 банк байна. Тухайн банкууд дээр зайны болон иж бүрэн хяналт шалгалтууд хийгдээд явж байгаа. Хяналт шалгалтынхаа хүрээнд бид нар шаардлагатай банкуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ аваад процессын ажиллагаа явагдаж байна. Банкны нэрийг зарлах боломжгүй л дээ.
-Үндэсний хөрөнгө оруулалтын банк, “Чингис хаан” банк хоёрыг дампуурах эрсдэлтэй дараагийн банкуудаар нэрлэсэн мэдээлэл хэвлэлээр багагүй гарсан. Төв банкнаас оруулсан хяналт шалгалтаар юу гэж дүгнэсэн байдаг вэ?
-Төв банкны хяналтад “хянагчтай” /банкны хэвийн үйл ажиллагаа алдагдсан тохиолдолд хуулийн дагуу Монголбанкнаас хянагч томилно/ явж байгаа банкнууд. Яг үзүүлэлт тоог нь шууд хэлэх боломжгүй байна.
Ярилцсанд баярлалаа