ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Берлин хотод суугаа иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр иргэдийн зүгээс сонирхож байсан асуудал бол Улаанбаатар-Берлинг чиглэлийн шууд нислэгийн тухай байлаа.
Үүнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Ерөнхий сайдын айлчлалаар Берлинд амьдарч буй Монгол иргэдтэйгээ уулзлаа. Тэдгээр иргэдийн тавьж буй гол асуудал нь Улаанбаатар-Берлин чиглэлд шууд нислэг үйлдэх явдал юм. Хуучин 1995-2019 он хүртэл МИАТ компани нисэж байсан. Энэ нислэгийг сэргээж өгөх хүсэлт тавьж байна. Хуучин Москва-Берлин чиглэлд нисдэг байсан. Улаанбаатар-Москва чиглэлд нисэж Москвагаас Берлин рүү нисдэг байсан гэсэн үг. Харин Берлин-Улаанбаатар чиглэлээр нисэхээр алдагдалтай байсан учир Улаанбаатараас Москва руу нислэг үйлдэж тэндээс Берлин явдаг байсан. Төрийн өмчит компаниудыг ашигтай ажилла гэж шаардлага тавьж байгаа атлаа алдагдалтай нислэг үйлд гэх нь учир дутагдалтай байна.
-МИАТ компанийг Улаанбаатар-Берлин-Франкпурт гэсэн маршрутаар нислэг үйлдэх боломж байгаа эсэхийг судлах болно. Энд амьдарч буй иргэдийнхээ хүсэл саналыг судалж үзэх болно.
Мөн "Mongolian Airlines" компани Улаанбаатар-Берлин чиглэлд нисэх хүсэлт тавьсан. Тийм болохоор Улаанбаатар-Берлин чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрлийг ойрын хугацаанд шийдэх үүрэг хүлээж байна. Энэхүү зөвшөөрлийг ойрын хугацаанд олгоно гэж бодож байна" гэсэн юм.