Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нийлүүлэхэд зорьж ажиллахыг санал болголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 41 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Энэхүү төвийн үйл ажиллагаа 2020 онд эхэлж байсан бөгөөд Экспортыг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг Герман болон Европын Холбооны улсуудад таниулж, үндэсний аж ахуйн нэгжүүдийн тогтвортой үйл ажиллагааг дэмжих зорилгоор анх байгуулагдаж байжээ. Одоогоор тус төв нь хоёр жилийн турш Берлин хотод албан ёсоор байршиж, ГХЯ болон МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Ерөнхий сайд тус төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг аль болох Европын зах зээл, тэр дундаа Германы зах зээлд нийлүүлэхэд зорьж ажиллахыг санал болголоо.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Манай улсын экспортын 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Иймээс төр засгийн зүгээс уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулна. Та бүхний хувьд Монголын бараа бүтээгдэхүүнийг Германы зах зээлд гаргаж байгаа нь сайшаалтай. Бага багаар, алхам алхмаар урагшилъя. Ирээдүйд 50 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, 50 хувь нь уул уурхайн бус бүтээгдэхүүн экспортлохын төлөө хамтдаа хичээцгээе" хэмээлээ.

Ингээд “Европ дахь Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв”-ийн менежер Б.Гэрэлтуяагаас үйл ажиллагааных нь талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани Монголын жижиг, дунд үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахдаа ямар шаардлага тавьдаг вэ. Одоогоор хэдэн компанитай хамтарч ажиллаж байна?

-Манайх бүрэн бус хариуцлагатай компани гэсэн статустай герман байгууллага. Энэ байгууллагаар дамжуулж Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдийн ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг оруулж ирэх нөхцлийг бүрдүүлж өгсөн.

Монголд үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд аж ахуйн нэгж манайд хандах бүрэн боломжтой. Манай вэб сайт болон бүх шугамаар Монголчуудад нээлттэй ажиллана гэдэг мессэжийг байнга өгч байдаг. Бид Монголын жижиг, дунд аж ахуйн нэгжийг наашаа гарах эхний алхмаас эхлээд энд ирэх хүртэл бүх талаар тусалж дэмжихэд бэлэн байгаа.

Одоогоор ноос ноолуурын 24, арьс ширний 18 жижиг дунд үйлдвэр бидэнтэй гэрээ байгуулан ажиллаж байна.

Бид хамтарч ажиллах арьс шир, ноос ноолуурын жижиг, дунд үйлдвэрүүдэд үйлдвэрлэл явуулдаг, ажилтантай байх гэдэг л шалгуур тавьж байгаа. Хамтарч ажиллаж байгаа үйлдвэрүүд маань наашаа бүтээгдэхүүнээ явуулахдаа нэмүү өртөг болон ажилчдын цалингаа шингээж ирүүлдэг. Ирснийх нь дараа бид өөрсдийн ашгаа нэмээд худалдаалдаг.

-Хамтарч ажиллах компаниудынхаа бүтээгдэхүүнийг хэрхэн сонгодог вэ. Эндэхийн худалдан авагчдын сонирхолд нийцэх загвараар захиалдаг уу?

-Хамтарч ажиллах Монголын компаниуд маань эхний ээлжинд өөрсдөө бүтээгдэхүүнээ сонгож нааш нь явуулдаг. Харин урт хугацаанд хамтарч ажиллах бол бид өнгө, загварын захиалгаа өгдөг.

Бид Монголын үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг энд борлуулж тодорхой хэмжээний ашгийг эргүүлж явуулдаг. Гэхдээ энэ бол бидний гол зорилго биш юм. Зөвхөн оршин тогтнох үүднээс энэ хэрэгтэй. Харин бидний гол зорилго бол business to business гэдэг зарчим буюу аль болох олноор үйлдвэрлүүлэх захиалагч олж өгөх явдал юм.

Яг ийм зарчмаар эхний үйлдвэрлэгчээ захиалагчтай нь холбоод байна.

-Арьс ширэн эдлэл тэр дундаа цүнхний худалдан авалт хэр байдаг вэ. Европчууд өнгө загвар гэхээсээ илүү чанарыг эрхэмлэдэг шүү дээ. Тэдний шаардлагад Монголчуудын үйлдвэрлэж буй арьсан цүнх нийцдэг үү?

-Манай арьс ширэн эдлэл энд хүмүүсийн сонирхол, шаардлагыг хангахаар сайн болсон. Хийц загвар, чанараар хаана ч гологдохгүй, харин ч өрсөлдөхүйц болсон. Тийм болохоор бид Монголын арьс ширэн эдлэлийг худалдаалахдаа нүүр бардам байдаг.

Г.Лхагвадорж

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзлаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Транспэрэнси Интернэшнл байгууллагын Гүйцэтгэх захирал Д.Эрикссонтой уулзлаа
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.