Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: “Хуурамч Дамбийжаа” О.Цогтгэрэл улс төрийн “ЯНХАНДАЛТ” хийж болохгүй

Огноо
Унших
8 минут 54 секунд

УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

“О.Цогтгэрэл тамга авах дуртай юм бол МАН-ын тамгыг л ав”

-Таныг бүлгийн даргын суудлаа өгөхөөс татгалзаж удаа дараа улстөрчийн соёлгүй үйлдэл олныг гаргасан гэж шүүмжилж байна. Тамгаа хэзээ өгөх вэ. Бүлэг дээр шинэ тамганы асуудал хүртэл яригдсан гэх мэдээлэл байна?

-Миний талаар олон сөрөг мэдээллүүд хэвлэлээр цацагдсан. Надад тамга аваад зугтсан асуудал байхгүй. Дүр эсгэгчид миний эсрэг яаж тавилттай жүжиг тоглодог вэ гэдэг нь хар цагаанаараа ялгарчихсан л даа. О.Цогтгэрэлийн хувьд миний эсрэг хийж байгаа үйлдлийнх нь арга барил хуучирсан. Ардчилсан намын даргын ажлыг нэг жил хийсэн гээд “хуурамч Дамбийжаа” нэр зүүгээд явж л байсан. МАН-ын хамааралтай хоёрдугаар бүлэг нь болох юм уу, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг нийтийн сонсгол явуулахгүйгээр эрх баригч намтай хуйвалдаж хийж, дараагийн хүмүүсийг хоолонд оруулах санаа зорилго агуулж болохгүй.

Хатуухан хэлэхэд, бялдууч аргаараа улс төрийн “янхандалт” хийж болохгүй.

Ардчилсан намын бүлгийн дүрмийг Үндэсний бодлогын хороо баталдаг. Баталсан дүрэмд хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон гишүүд бүлгийн даргын ажлыг хийнэ гэж заасан байгаа. Гэтэл өнөөдөр О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийг хоёр хуваачихсан. 5-6 хүнд сайдын суудал өгнө гэж хэлээд харин гэмт хэрэгт холбогдож байсан нөхдүүдийг гишүүдийн өрөөгөөр явуулж дарамтлуулж байна. Энэ асуудал удахгүй хуулийн байгууллагаар тогтоогдох байх.

О.Цогтгэрэлийг УИХ дахь АН-ын бүлгийн даргаар сонгогдох ёсгүй гэдэг асуудал ҮХЦ дээр маргаан үүсчихсэн байж байна. Ингэж ард түмнээ хуурч явж болохгүй.

Миний тамга өгөх эсэх асуудал Ардчилсан намын чиглэл зааврын дагуу шийдэгдэх. О.Цогтгэрэл тамга авах дуртай юм бол тэр МАН-аасаа л авна биз дээ. МАН-ын “хүүхэлдэй” болоод л явж байгаа юм чинь. Би О.Цогтгэрэлд олон хэлсэн дээ “чи мах комбинатын ямаа шиг байна” гэж. Ардчилсан намд ийм урвагч байж болохгүй. Үүний цаана “Увсын бүлэглэл” байгаа гэдгийг би мэднэ.

-Эрх баригчаас АН-д сайдын суудал амлаж, Засгийн газарт хамтарч ажиллах санал ирсэн гэсэн албан бус мэдээлэл бий. УИХ дахь танай намын бүлгийн дарга О.Цогтгэрэл ч үүнийг үгүйсгээгүй. Энэ асуудлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-МАН-ын хэсэг бүлэг нөхдийн нөлөөллөөр сайдын суудлын төлөө тэсэж ядаж байгаа хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орж байна. МАН өөрсдийн зуурсан жонхууныхаа хариуцлагыг дангаараа үүрэхгүй гэсэндээ манай намын хэдэн нөхдийг сугалах гэж байгаа байх. Гэхдээ эрх баригч намаас АН-д албан ёсоор сайдын суудал амласан зүйл байхгүй гэж мэдэгдсэнийг О.Цогтгэрэл албажсан мэт ярьж байгаа нь буруу.

2020 оны сонгуульд Ардчилсан намаас УИХ-д 11 гишүүний суудал авсан. Тэдгээрээс долоон гишүүн төв талбай дээр өлсгөлөн зарлаж байх үед О.Цогтгэрэл өөрийгөө намын дарга гэж хэлээд явдаг байсан. Одоо түүний дарга нь хаана байгаа юм.

Үндсэндээ О.Цогтгэрэл гэдэг хүний цаана МАН-ын хэсэг бүлэг хүмүүс ээлжит тархи угаалтыг хийж байгаа юм.

Миний хувьд өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл баримтлалтай хүн учраас эвлэрэхгүй. Би намын дүрмээ дагаж яваа болохоос тамга тэмдэг, сандал ширээтэй зууралддаг хүн биш..

-Саяхан АН-ын гишүүд “Эвлэрлийн уулзалт” зохион байгуулсан. Гэтэл зарим гишүүд нэг удаагийн уулзалт эвлэрлийг шийдэхгүй гэж ярьж байсан.

-Эвлэрлийн уулзалтууд тогтмол зохион байгуулагдана. Үзэл бодол өөр, хоорондоо мэтгэлцдэг, зарим талаараа нэгддэг хүмүүс цуглаж зөвхөн намынхаа үзэл баримтлалыг л дагана. Тэрнээс бид хэн нэгнээс сандал ширээ авч, албан тушаал наймаалцаж, хийсэн гэмт хэргээрээ барьцаалагддаг хүмүүс биш учраас тийм хүмүүсийг намаасаа хасаад явна.

“МАН-аас сайдын асуудал яривал ҮБХ-гоор хэлэлцэх шаардлагатай”

-Сайдын суудлын асуудал руу эргэж оръё. Хэрвээ Ерөнхий сайдаас танай намд сайдын квот олгох болбол ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Ийм зүйл тохиовол намын гишүүддээ хэлэх ёстой. Эрх бүхий Үндэсний бодлогын хороогоор хэлэлцэх шаардлагатай. Тэрнээс биш О.Цогтгэрэл юм уу, Д.Ганбат дангаараа яриад шийдэгдэх асуудал биш л дээ.

-Намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын даргын ширээн дээр картаа шидэж, зааланд хашгичсан үйлдлийг та яагаад гаргав. Түрүүн /2022.10.06/ чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга Г.Занданшатар танд бас л сануулга өгчихлөө?

-Тийн. Яах вэ, эрх баригч нам Ардчилсан намын гишүүдийг тоглоом болгож болохгүй гэдгийг сануулсан юм. УИХ өөрөө Засгийн газарт хяналт тавьж ажиллах ёстой байгууллага. Монгол Улсын Үндсэн хуулийн зарчим нь засаглалыг хуваах л даа. Хууль тогтоох байгууллага нь Засгийн газартаа хяналт тавиад явах ёстой байтал 2019 оны ҮХНӨ-өөр баталсныг хасаж хаяад Үндсэн хуулийн дээр өөрсдийгөө суулгачихаж байгаа юм.

МАН засаглалын эрхийг гартаа авснаас хойш иргэд идэх талхаа авч чадахаа байсан. Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч Монгол төгрөг цаас болж хувирсан.

Гэтэл энэ бүгдийг Ардчилсан нам сөрөг хүчний дуу хоолойгоор хэлж засах ёстой байтал зарим нэгийг нь захиалаад авчихаж байна шүү дээ. Миний хувьд УИХ-д хоёр дахь удаагаа ард түмнээс сонгогдсон хүний хувьд намын үнэт зүйл, үзэл баримтлалаасаа буцахгүй. Өргөсөн тангарагтаа үнэнч байх болно гэдгээ албан ёсоор хэлье.

“Хоёр жил бүлгийн даргаар ажиллахдаа ямар ч байсан улс орныг үзэл санааны хоригдолгүй болгосон”

-2024 оны УИХ-ын сонгууль хаяанд ирчихлээ. Бүтэн хоёр жил нь өнгөрчихөөд байхад Ардчилсан нам дотоод тэмцлээсээ салж чадсангүй. УИХ-д сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүй байна шүү дээ. Талцал, зөрчилдөөн чинь хэзээ дуусгавар болох вэ. Намын дарга байгаа байхгүй гэдэг маргаанаас эхлээд олон асуудал шийдэгдэхгүй удаж байна?

-Уг нь манай намын олон жилийн дадлага туршлагатай, үзэл баримтлалдаа тууштай гишүүд л нэгдчих ёстой асуудал юм л даа. Харамсалтай нь, зарим нь хувийн эрх ашгаа намын эрх ашгаас дээгүүрт тавьж хувийн тоглолт хийгээд явж байна. Би бүлгийн даргаар хоёр жил шахуу ажиллахдаа ямар ч байсан улс орныг үзэл санааны хоригдолгүй болгосон.

-Ардчилсан намын дарга яг одоо хэн гэж яригддаг вэ. Учир нь албан ёсоор хууль шүүхийн байгууллагаас нэр зааж баталгаажуулсан зүйл харагдахгүй байгаад байна?

-С.Эрдэнэ дарга ажлаа хийгээд явж л байна шүү дээ. О.Цогтгэрэл нэг хэсэг өөрийгөө намын дарга гэж баахан савсганасан. Гэтэл Дээд шүүх хүлээж аваагүй. Одоо бол намын дарга хэн байх нь сонин биш ээ. Гол асуудал, намын үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ гишүүд нэгдэж чадаж байна уу, үгүй юу гэдэг л сонин.

-Ярилцсанд баярлалаа

Б.Мягмарсүрэн

Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан байна
Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.