Засгийн газрын өнөөдрийн /2022.10.05/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боомтын сэргэлтийн ҮХ-ний сайд бий болсон. Үүнтэй холбоотойгоор сайдын ажлын алба байгуулагдаж, боомтын захиргаа хэрхэн ажиллах талаар шийдэгдсэн байсан. Боомтын сэргэлтийн сайдын дэргэдэх боомтын захиргаа нь Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ аймгуудад салбар нэгжээ байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ. Эдгээр боомтын захиргаа ОХУ, БНХАУ-тай ижил түвшинд харилцаа үүсгэж, хилийн боомтод үүсдэг бэрхшээлийг арилгахын тулд ажиллах боломж бүрдсэн.
Монгол Улсын Шадар сайдын зүгээс стандартын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Энэ хүрээнд МУ-д хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг цаашид бүрэн мөрдөгдөх нэн шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаа манай улсад 6524 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Засгийн газрын бодлогоор аялал жуулчлалын салбарыг нэн тэргүүнд хөгжүүлэх ёстой гэж үзэж байгаагаа ч энэ салбарт ердөө 15 стандарт хэрэгжиж байна.
Стандарт хэмжил зүйн газрын баталгаажуулалтын үйл ажиллагаа маш хангалтгүй байна. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй итгэмжлэгдсэн баталгаажуулалтын 12 байгууллага байдаг. Эдгээр байгууллагуудаар баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулахад үйлчилгээний салбарын 70 хувийг, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн 10 хувийг тус тус баталгаажуулсан байна. Энэ бол маш хангалтгүй дүн. Харин экспортод гарч буй бүтэгдэхүүний баталгаажуулалт 100 хувь байна.
Иймд Засгийн газраас стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах, дэлхийн жишигт нийцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Төрөөс худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа авто зам, цэцэрлэг, эмнэлэг, сургууль зэрэг бүтээн байгуулалтын тендерийг зарлахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартыг хангуулах чиглэлийг өгч байна. Тооноос илүү чанарт шилжсэн бодлого баримталж ажиллах болно. Олон сургууль, цэцэрлэг, зам барих бус чанартай бүтээн байгуулалт хийдэг байхаар анхаарал хандуулж ажиллана.
Иргэд олон нийттэй харилцах, санал гомдлыг нээлттэй сонсох чиглэлд анхаарч эхэлсэн. Он гарснаар 286 мянга орчим иргэн Засгийн газрын бүх түвшинд санал хүсэлт ирүүлсэн байна. Эдгээр гомдлын 95 хувийг цаг тухайд нь шийдвэрлэсэн бол үлдсэн 5 хувийн гүйцэтгэл хангалтгүй байна. Учир нь иргэдийн зүгээс ирүүлсэн халамж, мөнгөн дэмжлэг, туслалцаатай холбоотой гомдол ирсэн учир анхан болон бусад шатанд шийдэгдэх боломжгүй байсан учир шийдвэрлээгүй гэдэг дүгнэлт гарсан." гэв