Найруулагч Д.Галбаярын “Гадны нөлөөгүй” УСК-г угтаж үзэн, амдаж сэтгэгдлээ бичив.
Киноны эхлэлээс учир битүүлэг үйл явдал, таамаглахын аргагүй нууц асуултууд хөвөрнө. Аажимдаа асуултын хариултууд бага багаар тайлагдах боловч холбож ойлгох, бүрэн утга санааг шууд таахад бэрх. Ерөөс триллер киноны давтагдашгүй тал нь үзэгчдийг өдөөж, эргэлзүүлж, гайхшируулж чаддагт оршдог аж.
Гэхдээ киноны сүүлийн хоёр минутад утга санаа бүрэн гүйцэт тайлагдана. Тэр хооронд юу байж болох вэ, яагаад гэх асуултууд толгойноос үл сална. Кинонд ерөөс хүний амь нас, эрүүл мэндээс давсан эрх ашиг, өрнөөс айсан өрөөндөө бүгэгч, хүүгээсээ өөр амьдрал үгүй ээж гээд л өнөөгийн нийгэмд байх л ёстой асуудал мэт болчихсон эмзэг сэдвүүд хөндөгдөж байв.
Гэхдээ үйл явдал бүрийг нэг зүгт чиглүүлэн учир тайлагдахад гайхах, хорсох зэрэгцэнэ. Үйлийн үр хаалга андуурдаггүй юм. Энэ үг л хамгийн түрүүнд толгойд буув. Итгэхийн аргагүй төгсгөл. Хүн үйлээ эдэлдэг нь жам ажээ. Өөрөөсөө хүртэл хайралдаг гэр бүл, үр хүүхэд өөрийн чинь үйл лайг үүрдэг хорвоогийн хатуу хууль. Үүнийг өөрчилж үл болно. Хатуу утга санааг илэрхийлж байгаа нь гүн гүнзгий сэтгэгдэл үлдээв. Хатууг ойлгох, хүлээж авах, хүлээн зөвшөөрөх нь үзээд суухад ч оюун ухаан, сэтгэлзүйг зөрчилдүүлнэ.
“Үйлийн үр” гэдэг бол ирээдүйн үйл явдлууд таны гарт байгааг илэрхийлэх идэвхтэй хүч гэсэн утгатай үг юм” гэж тайлбарласан байдаг. Киноны үйл явдал, асуулт, тайлал бүрийг ажиглахад дээрх тайлбартай утга дүйнэ. Нэг ёсондоо хүн ер нь аливаа юмыг хэтэрхий хөнгөн, өнгөц, тоомжиргүйгээр үйлддэг, энэ нь эргээд хүртэх ёстойг нь өгдөг. Өршөөл гэж байдаггүй.......
Ингэж л хэлмээр санагдав. “Гадны нөлөөгүй” УСК-г үзэх, ойлгох, эргэцүүлэх, дүгнэх үзэгч олон байх биз ээ.