Орос, Украины дайны нөхцөл байдал улам ширүүсэж буй. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн есдүгээр сарын 20-нд 300 мянган хүнийг цэргийн дайчилгаанд татахаа зарласан байдаг. Уг дайчилгаанд тус улсын цөөнх гэгддэг Монгол угсааны иргэдийг татаж байж болзошгүй гэх мэдээлэл бий. Үүнтэй холбогдуулан ОХУ-аас Монгол Улсад ирэх Орос болон Тува, Буриад хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байгаа. Тэгвэл дайчилгаа зарласны дараа ОХУ-аас ирсэн Буриад иргэн Н.Баяртай нөхцөл байдлын талаар ярилцлаа.
Тухайн иргэний аюулгүй байдлыг харгалзан үзэж түүний нэрийг Баяр хэмээн өөрчилсөн болно.
-Монгол Улсад хэзээ ирсэн бэ. Ирэх болсон шалтгаан нь юу байв?
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины дайчилгаа зарласан мэдэгдлийн дараа буюу есдүгээр сарын 24-ны өдөр Монгол Улсад ирсэн. Дайчилгаа зарласны дараа ажлын найз маань над руу залгаад "Ажилдаа ирэх хэрэггүй. Дайчилгаанд олон хүн татаж байна. Чамд ч бас цаас ирнэ /дайчилгаанд дуудах хуудас/. Эндээс зугт" гэж хэлсэн. Тэгээд л ажил руугаа очоогүй. Шууд л бүх зүйлээ орхиод ирсэн. Энд өмсөж байгаа хувцаснаасаа өөр юмгүй ирсэн. Миний хамт ажилладаг найз Немец хүн л дээ.
-ОХУ-ын ямар хотоос хэдүүлээ ирсэн бэ. Тэнд нөхцөл байдал ямар байгаа бол?
-Монголын хилээс 12 километрийн зайд байдаг Буриадын "Закаменский" хотоос гурвуулаа ирсэн.
Надтай хамт сургуульд сурч байсан хоёр найз маань дайнд яваад амь үрэгдсэн. Цэргийн дайчилгаанд ихэвчлэн Халимаг, Тува, Буриад, Якут, Дагестан, Кавказ хөвгүүдийг татаж байгаа. Биднийг Орост хар толгойтой /Орос хүмүүсийн үс шар байдаг учир ингэж нэрлэдэг/ хоёрдугаар зэрэглэлийн, бага ястан хүмүүс гэж цоллодог.
-Монголд ирээд хэсэг хугацаа өнгөрсөн байна шүү дээ. Ирснээсээ хойш ямар нэг ажил хийж байгаа юу?
-Ажилгүй байгаа. Хар ажил их олдож байна. Гэхдээ мэргэжлээрээ ажиллахыг хүсэж байгаа учир мэргэжлийнхээ ажлыг хайж байна. Даанч ажилд зуучилж өгөх хүн байхгүй.
-Ямар мэргэжилтэй вэ. ОХУ-д ямар ажил хийдэг байсан бэ?
-Уул уурхайн инженер мэргэжилтэй. Орост мэргэжлээрээ ажилладаг байсан.
-Ямар ангиллын визтэй ирэв. Визний хугацаа нь дуусах үед хэрхэх бодолтой байна вэ?
-Аяллын 30 хоногийн визээр ирсэн. Цааш нь сунгуулна гэсэн бодолтой байна. Эхний удаад 30 хоногийн визээ нэг удаа сунгах эрхтэй юм билээ. Түүний дараа ковидын нөхцөл байдлаас шалтгаалан дахиад 30 хоног сунгаж болно гэсэн. Ерөнхийдөө 90 хоног Монголд байж болно. Үүний дараагаар нөхцөл байдал сайжрахгүй бол сургуулийн виз хөөцөлдөж, сургуульд сурна. Хэрэв энэ бүтэхгүй бол Солонгос юм уу Узбекстан явна даа. ОХУ-ын иргэд Солонгос Улс руу чөлөөтэй нэвтрэх боломжтой. Солонгост ажиллаж амьдрах боломжтой ч Монгол ажиллаж, амьдрахыг хүсэж байгаа.
Мөн Узбекстанд миний ангийн хүүхдүүд бий. Тэнд байдаг найз маань надад уул уурхайн ажил олсон учир ирэхийг хүссэн. Гэхдээ бас л Монголд уурхайн чиглэлийн ажил олоод эндээ байхыг хүсэж байна.
-Гэр бүлтэй юу ?
-Миний эхнэр Орос эмэгтэй бий. Эхнэр маань жирэмсэн. Оростоо үлдсэн ч энд байх хүсэлтэй байгаа. Би Америк явах хүсэлтэй байсан ч эхнэр маань Америк явуулахыг хүсэхгүй байгаа. Эндээ бай гэсэн.
-Таны мэдэхээр хэчнээн Буриад иргэн Монголд ирсэн бол?
-Есдүгээр сарын 21-нээс өчигдөр хүртэл /2022.09.30/ 6200 гаруй хүн орж ирсэн гэж сонссон. Тэр дунд Оросууд ч бий, Халимаг, Тува хүмүүс ч байгаа. Ерөнхийдөө 4000 орчим Буриад хүн Монголд ирсэн байх.
-Эдгээр хүмүүстэй холбоотой байгаа юу?
-Холбоотой. Өчигдөр /2022.09.30/ бүх Буриадууд цугласан. Хоорондоо фэйсбүүк группээр холбогдож, бие биедээ анхаарал тавьдаг.
-Монгол хүмүүс хэрхэн хүлээж авч байна ?
-Ер нь халуун дотно, элэгсгээр хүлээж авч байгаа. Их тусалж байгаад баяртай байна.
-Тэгвэл Монголд ирснээс хойш хэцүү зүйл тохиолдов уу?
-Байгаа. Нэг Монгол хүн намайг Орос руугаа зайл гэсэн. Ерөнхийдөө Путин руугаа яв гэсэн.
-Монгол хүмүүсээс хүсэх зүйл байна уу?
-Монгол хүмүүст их баярлаж байгаа. Ийм халуун дотноор хандана гэж бодсонгүй. Тийм учраас энд үлдэхийг хүсэж байна. Өөрийн боловсрол, мэргэжлээрээ ажил олбол эндээ үлдэнэ.
Нэг зүйлийг хэлмээр байна.
Агуу их эзэн Чингис хааны 10 мянган цэрэг нутагтаа буцаж ирж, газар шорооныхоо эзэн болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж байна. /10 мянган цэрэг гэдэг нь ОХУ-д харьяалагддаг Буриад иргэдийг хэлсэн болно/
- Ярилцсанд баярлалаа