Жил бүр зохион байгуулагддаг хуур хөгжмийн наадам /XMF/ өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулагдсан. Энэ жилийн XMF-т АНУ-ын реппер LIL PUMP оролцоод буцсан билээ.
Тэрбээр Монголд байх хугацаандаа хийсэн нэгэн бичлэгийг өчигдөр өөрийн цахим хуудсандаа байршуулсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тиймээс энэ талаар ХMF наадмын зохион байгуулагчид буюу LIL PUMP-ийг Монгол Улсад авчирсан BRB компаниас мэдээлэл хийв.
Тус компанийн захирал Ж.Энхжаргалан "Lil pump-ийн албан ёсны твиттер хаягнаас эмэгтэй хүнтэй холбоотой нэгэн бичлэг цацагдсан. Тухайн үед энэ цацагдсан бичлэгийн талаар маш олон хүн бидэнтэй холбогдсон. Тиймээс бид мэдээллийн дагуу Pump-н менежментийн багтай холбоо тогтоосон. Бид Pump-г авч ирэхдээ Тайваны агентлагтай гэрээ байгуулан авчирсан. Тиймээс гэрээний дагуу менежментийн баг болон тухайн агентлагтай холбогдох ёстой. Энэ дагуу холбогдож, "Ёсзүйгүй бичлэг цацагдаад байна. Үүндээ тайлбар өгнө үү, мөн уг бичлэгээ яаралтай устгамаар байна" гэх тавьсан. Гэтэл үдээс хойш бидэнтэй холбогдож, "Нэгдүгээрт, та бүхний энэ яриад байгаа бичлэг Монгол Улсад хийгдээгүй. Хоёрдугаарт, садар самуунтай холбоотойгоор эмэгтэй хүнийг доромжилсон асуудал байхгүй. Учир нь ямар эмэгтэй хүний царай зүс, нэр гаргаагүй. Pump-н хувьд иймэрхүү хандалт авах бичлэг маш олныг хийдэг. Тэр бичлэгүүдийн нэг нь гэж тайлбарласан. Бид хариуд нь "Тийм байсан ч энэ бичлэгийг устгуулмаар байна. Манай нийгэм, соёл өөр. Тиймээс энэ бичлэг огт таалагдахгүй байна. Хэрвээ устгахгүй бол гомдол гаргах боломжтой" гэдгээ ч хэлсэн. Менежментийн зүгээс хүсэлтийг хүлээн аваад устгасан" гэлээ.