Өнгөрсөн дөрвөн өдрийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1308 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 972 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 48 хүн гэмтэж бэртсэний 25 нийслэлд, 23 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 5 хүний амь хохирчээ. Хүүхэд өртсөн 12 осол бүртгэгдэж, 13 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүд 10 явган зорчигч, 3 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байжээ.
Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 401 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 292, орон нутагт 109 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан. Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаа анхааруулж байна.
Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.