Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Эрдэнэтуяа: Манай улсын эрх зүйн тогтворгүй байдал хөрөнгө оруулагчдыг татахгүй байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 16 секунд

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2022” чуулга уулзалтын үеэр “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Нүүрсний салбарт тулгарч буй хүндрэл юундаа байна вэ ?

-Нүүрсний салбар гэхээсээ илүү эрдэс, баялгийн салбарт хөрөнгө оруулалтын тоо хэмжээ сүүлийн жилүүдэд буурсан. Хөрөнгө оруулагчдын юу хүсэж байгаа олж харах ёстой гэж харж байна. Хөрөнгө оруулалт татахаар маш олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулга хийж байгаа. Энэ маань хэр үр дүнтэй байх нь гэдгийг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас харагдана.

Хөрөнгө оруулалтын хуулийг 2013 онд шинэчилсэн. Гэвч хөрөнгө оруулалт татахад тодорхой үр дүн авчирсангүй.

2015 оны Ашигт малтмалын хуулиар хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр жилийн хугацаанд олгосон. Энэ хугацаанд багахан хөрөнгө оруулалт татаж чадсан. Хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн тогтвортой байдлыг хүсэж байна. Хуулийн өөрчлөлт шинэчлэлийг сайжруулалт гэж харж байгаа хэдий ч хөрөнгө оруулагчдын хүсэлтэй нийцэхгүй байна.

-Хөрөнгө оруулалт татахад улс төрийн тогтворгүй байдал нөлөөлж байна уу ?

-Хууль эрх зүйн тогтворгүй байдал нь улс төрийн тогтворгүй байдлаас хамаарч байгаа. Сүүлийн 30 жилд засгийн газрын дундаж үйл ажиллагааны хугацаа 1.8 жил байна. Төрийн залгамж халаа байхгүй, цаг үедээ тохирсон хөрөнгө оруулагчдын хүсэж буй зүйлийг өгч чадахгүй байна. Хөрөнгө оруулагч нарын итгэлийг олоход их хугацаа ордог гэдгийг харж байна.

-Манай улсад гадаад зах зээл дээр өрсөлдөх боломж ямар байна вэ?

-Гадаад зах зээл дээр өрсөлдөх боломж бага байна. Харин нүүрсний салбарт давуу тал их. Жилд 4.6 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг том импортлогч улс манай хөрш байгаа нь бидний давуу тал. Бидний хувьд жилдээ 30 сая гаруй тонн нүүрс экспортод гаргадаг. Энэ асуудалд бодлогын цогц өөрчлөлт, шинэчлэл хийж, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспорт, импортын тэнцвэртэй байдлыг хадгалах шаардлагатай.

-Гадаад зах зээл дээр өрсөлдөх боломж бага байна гэлээ. Үүнд юу нөлөөлж байна вэ?

-Татвар болон амнаттай холбоотой асуудал эрдэс баялгийн салбарын том сорилтуудын нэг хэвээр байна. Гадаад зах зээл дээр маш олон улс өөрсдийгөө уул уурхайн улс гэж зарлаж байгаа. Татварын таатай нөхцөлийг санал болгож, хууль эрх зүйн орчин нь манайхаас эсрэг буюу тогтвортой гэж сурталчилж байна.

Олон улсын хөрөнгө оруулалт татахаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг сайтар судалж, түүнтэй өрсөлдөхүйц хэмжээний үйл ажиллагааг хөрөнгө оруулагчдад санал болгож байна. Урт хугацаандаа хөрөнгө оруулагч орж ирэх боломж нь бүрдэнэ. Ойрын хугацаанд орж ирсэн байгаа хөрөнгө оруулагч нарт хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах боломжийг нь өгөх ёстой.

-Уул уурхайн үр өгөөжийг манай улс өөрөө хүртэж чадаж байгаа юу ?

-Уул уурхайн салбар олон оролцогч талтай. Хөрөнгө оруулалтын хамгийн том эрсдэлийг хөрөнгө оруулагч үүрдэг хэдий ч үр өгөөжийг оролцогч талууд бүгд хүртдэг. Тэрхүү улсад үлдэж буй үр өгөөжийг татварын орчноор зохицуулж авч үлдэж байна гэж харж байна. Эрдэс баялгийн салбарт ямар хэмжээний татвар ногдуулж байгааг ярилцсан. Ингэхэд ААН-ын орлогын албан татвар, АМНА-ын татвар, нэмэн өртгийн албан татвар, бусад хураамжийг төлдөг. Энэ нь хуулийн хүрээнд зохицуулагдаж байгаа учир улс татвараараа үр өгөөжийг хүртэж байгаа.

-Хөрөнгө оруулалтын бууралтад нөлөөлөсөн гол хүчин зүйл нь юу байна вэ?

-2010 оноос хойг хөрөнгө оруулалт огцом буурахад хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал нөлөөлсөн. Манай эрдэс баялгийн салбарт 830 хууль хэрэгжиж байгаагаас 92 нь нүүрсний салбарт шууд хамааралтай. Цаашид хөрөнгө оруулагчид одоо байгаа хууль эрх зүйн орчныг хараад хөрөнгө оруулалт хийлээ гэхэд дараа нь хууль эрх зүйн орчны эрсдэл үүсвэл түүнийг хөрөнгө оруулагч өөрөө үүрдэг. Маш олон лиценз урт нэртэй хуулийн хүрээнд цуцлагдсан.

- Ярилцсанд баярлалаа

Apple компани IPHONE 14 болон Watch Ultra-г танилцууллаа
Apple компани IPHONE 14 болон Watch Ultra-г танилцууллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.