Түгжрэлийг бууруулахаар НЗДТГ-аас хийж хэрэгжүүлж буй ажлын нэг нь Улаанбаатар хотод зам тээврийн удирдлагын ухаалаг систем нэвтрүүлэх юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр түгжрэлийг 50 хүртэлх хувь бууруулах үндсэн зорилтод хүрэхэд 30 хувийн нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол гарчээ. Зам тээврийн удирдлагын ухаалаг системийг үндсэн гурван чиглэлээр хэрэгжүүлж байна. RFID буюу радио давтамжийг ашиглах систем үүнд багтана. Энэ нь камерын систем биш, харин автомашины зорчилтыг уулзваруудад таних шинэ уншигч юм. Удирдлага, хяналтын энэхүү системийг шинээр төвийн зургаан дүүрэгт хэрэгжүүлж байна. Ингэснээр Тээврийн цагдаагийн ажлыг цахимжуулж, иргэд цаашдаа цахимаар торгууль төлдөг систем рүү шилжих юм. Үүнд 22.3 тэрбум төгрөг төсөвлөжээ. Улаанбаатар хотын гудамж, зам , талбайг камержуулах ажилд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах юм байна.
Мөн авто замын сүлжээний хөндлөн, босоо чиглэлд гол болон туслах зам барьж, зогсоолуудыг нэмэгдүүлж байгаа аж. Их багтаамжийн буюу 5 болон 9 давхар зогсоолыг барьж байгуулахад найман тэрбум төгрөг төсөвлөжээ. Явган хүний 16.8 км зам, унадаг дугуйн 14.4 км замыг шинээр тавьж байна. Энэ ажилд 11.2 тэрбумыг зарцуулж байгаагаас гадна 74 ил зогсоолыг шинэчилж байгаа аж. Энэ бүхэн 414 тэрбум төгрөгийн төсөвт багтсан ажлууд гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.