Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаад худалдааг дэмжиж, Монгол, Хятад хоёр улсын худалдааны гол бүрэлдэхүүн хэсэг болох нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйн хамт энэ сарын 24-25-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллаж, нүүрс тээвэрлэлтийн байдалтай танилцсан юм.
Тэгвэл ажлын хэсэг томилолтоор ажилласнаас хойш Гашуунсухайт боомтоор нэвтэрч байгаа нүүрс тээврийн авто машины тоо нэмэгдэх хандлагатай байна. Тус боомтоор нүүрс тээврийн үйл ажиллагааг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс сэргээснээс хойш дунджаар 60-70 машин хил нэвтэрч байсан. Гэтэл Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын томилолтын дараа буюу 4 сарын 27-ны өдөр 192 нүүрс тээврийн машин хил гарчээ. Гашуунсухайт боомтоор нүүрснээс гадна зэсийн баяжмал экспортолдог бөгөөд манай улсын төсвийг бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой гарц юм. Тус боомтоор экспортолсон зэс, нүүрсний хэмжээг гаалийн байгууллагын тоо баримтаас үзэхэд:
- 2017 онд 794.8 мянган тонн зэсийн баяжмал, 17.173 сая тонн нүүрс
- 2018 онд 783.5 мянган тонн зэсийн баяжмал, 18.155 сая тонн нүүрс
- 2019 онд 763.8 мянган тонн зэсийн баяжмал, 20.643 сая тонн нүүрсийг тус тус экспортолсон байна.
Мөн Монгол Улсаас БНХАУ-д экспортолж байгаа нүүрсний дийлэнх хувийг Гашуунсухайт боомтоор хил гаргадаг.