ХХААХҮ-ийн шинэхэн сайд Х.Болорчулуун хамгийн сүүлд 2016 онд мах худалдаж авсан бололтой. Учир нь өчигдөр /2022.08.31/ "Нэгүүн" сайтын сэтгүүлч түүнээс махны үнийн талаар асуухад тэрбээр "Та бүхний мэдэж байгаачлан мах экспортод гарахгүй байгаа. Үүнээс шалтгаалан махны үнэ унасан. Нэг килограмм үхрийн махны үнэ "дөнгөж" 6-7 мянган төгрөгөөр борлогдож байна. Харин адууны мах нэг килограмм нь 10 гаруй мянган төгрөгөөр зарагдаж байсан бол одоо 4000 төгрөг болсон байна. Бид янз бүрийн аргаар махаа экспортод гаргах нүх арга замыг бодлогын хувьд эрэлхийлж ажиллах ёстой" гэж ярьжээ.
Шинэ сайдын хэлсэн махны үнэ 2016 оныхтой хамгийн ихээр дөхөж байгаа юм. Тус оны мөн үед үхрийн мах нэг килограмм нь 6000 төгрөг , адууных 4000 төгрөг байжээ.
Хүн болгон махны үнэ мэдэх албагүй. Гэвч энэ салбарыг хариуцаж авсан улсын сайд хүн салбарынхаа гол бүтээгдэхүүний үнийг мэдэхгүй, энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь ажилдаа хойрго хандаж байгааг нь илтгэх мэт. Мөн мах экспортод гаргах ажил хэдийн эхэлсэн билээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар мал эмнэлэг, ариун цэвэр, чанар аюулгүй байдлын стандартын шаардлага хангаж буй аж ахуйн нэгжийн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн экспортлох ажлыг шуурхай зохион байгуулахаар болсон.
Нэмж хэлэхэд, зах худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй нэг килограмм үхрийн махны дундаж үнэ 13884 төгрөг, адууны мах 9462 төгрөг байна шүү Х.Болорчулуун сайд аа.