Усан парк нэрийдлээр орон сууц барьж байгааг эсэргүүцэж буй иргэд НЗДТГ-ын гадна талбайд жагсаал зохион байгуулж байна. Усан паркийн газарт орон сууны барилга барьж байгааг эсэргүүцэгч иргэн н.Тэмүүжин мэдээлэл хийв. Тэрбээр, "Улаанбаатар хотын тэлж хөгжих цагариг төв замын төв зогсоол нь Усан парк барих хэсэгт байгаа. Энд ямар нэг орон сууцны хороолол барьж болохгүй. Тухайн газарт орон сууцны хороолол бус терминал буюу төв зогсоол байх ёстой. Ингэж байж тээвэрлэлтэд суурилан тэлж хөгжинө. Энэ бол усан паркийн газар орон сууцны хороолол барихыг эсэргүүцэх гол шалтгаан юм. Үүнээс ч олон хууль зөрчсөн асуудлууд тухайн барилгын компани дээр байсан.
Хот суурин газарт төмөр замын хамгаалалтын бүсийн стандарт нь 100 метр зайд байдаг. Харин онцгой нөхцөлд хамгаалалтын даланг 50 метр зайд байх ёстой. Үүний цаана орон сууц барих ёстой. Гэтэл усан паркийн газарт баригдаж буй барилгат хэмжилт хийхэд төмөр замын тэнхлэгээс 46 метр зайтай байсан. Энэ нь мөн л хууль зөрчсөн асуудал. Улаанбаатар хотод дундуураа урсдаг ганц л гол бий. Түүний эрэг дагуу орон сууцны хорооллууд баригдсан байдаг. Гэвч одоо баригдаж буй энэ барилга нь Сэлбэ, дунд голын ай сав гол дотор нь баригдаж байгаа юм.
Үүний цаана төрийн байгууллагуудын хооронд хийгдэж буй авлига байх вий хэмээн хардаж байна. Нийслэлээс тухайн компанийг орон сууц барих зөвшөөрлийг нь нэг ч удаа олгож байгаагүй,ерөнхий төлөвлөгөөнд тусгаагүй юм билээ. Тэгсэн атал барилга нь баригдаад байгаа." гэв.