Ардын намын томилгооны “шуурга” өнөөдрөөс дуусгавар болох хандлагатай байна. Ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ. Сайдуудын тангараг бол угаас явагдаад өнгөрөх протoколны асуудал. Одоо сүүлийн улс төр байнгын хороодын дарга нарын томилгоон дээр өрнөнө. Сайдад явсан байнгын хорооны дарга нараас гадна хугацаа нь болсон байнгын хорооны дарга нарыг солино.
Яг одоо МАН-ын бүлэг орж байгаа бөгөөд байнгын хороод 12.00 цагаас эхлээд 15.20 цаг хүртэл 20 минутын зайтай хуралдаж дарга нараа сонгоно. Үүний дараагаар 15.30 цагт чуулган хуралдаж, ээлжит бус чуулганаа хаахын сацуу, байнгын хорооны дарга нарын томилгоог хэлэлцэх гэж байгаа аж.
Тэгвэл хэн хэн ямар байнгын хороон дээр даргаар яригдаж байгаа талаар урьдчилсан прогноз гаргъя.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Б.Баттөмөр үлдэх өндөр магадлалтай байгаа ч Д.Цогтбаатарыг мартаж болохгүй
Сая сайдуудын томилгоог хийхдээ Ерөнхий сайд туршлагатай, хоёроос дээш удаа УИХ-д сонгогдсон, байнгын хорооны даргуудаа сайдад томилсон. Эндээс үлдсэн хүн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр юм. Тус байнгын хороо 19 гишүүнтэй. Хоёр сонгогдсон МАН-ын гишүүд хэд хэд байгаа ч сайдад яваагүй Б.Баттөмөр байнгын хорооны даргаараа хэвээр үлдэх байх. Тэрбээр хоёр жил орчим л тус байнгын хороог даргалж байгаа билээ.
Магадгүй түүнийг өөрчиллөө гэхэд Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын нэр давхар яригдах боломжтой.
БОХХАА-н байнгын хорооны даргаар Б.Саранчимэг очих амбицтай байгаа ч "Засаг дарга" нарын фракц Б.Батжаргалыг зүтгүүлж байна
Мөн л сайдаас “хусагдсан” Б.Саранчимэг БОХХААН-н байнгын хороон даргаар очих магадлал өндөр. Б.Саранчимэг гишүүний сонгож авсан улс төрийн сэдэв бол байгаль орчны асуудал. Өнгөрсөн хугацаанд Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны даргаар ажилласан. Ер нь байнгын хорооны дарга болох тулчихсан амбицтай яваа гишүүдийн нэг.
Гэтэл энэ байнгын хороонд “Аймгийн засаг дарга” нарын фракц хурган анхаарал хандуулж буй. Харамсалтай нь тэд бүгд анх удаа сонгдсон учраас байнгын хорооны дарга болох магадлал нь ядмаг. Гэхдээ тэд Төв аймгийн Засаг дарга асан Б.Батжаргал гишүүнийг зүтгүүлж буй сурагтай. Гэхдээ Б.Саранчимэгийгээ бараг л дийлэхгүй дээ.
Г.Дамдинням даргаар үлдэхийг хичээж, сайдаас мултарсан Г.Мөнхцэцэг БСШУС-ын байнгын хороог авах гэж байна
Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны даргаар Г.Дамдинням гишүүн ажиллаж байгаа. Өнгөрсөн жил байнгын хорооны даргаар томилогдсон тэрбээр даргаараа үлдэх гэж хичээж буй нь ойлгомжтой. Гэхдээ түүнд хүчтэй өрсөлдөгч гарч ирсэн нь УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Хоёр удаа гишүүнээр сонгогдсон, сая Соёлын сайдад санаархаад харамсалтай нь том даргынхаа хүн Б.Номинг дийлээгүй. Тиймээс шарандаа Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны дарга болох магадлалтай болж ирлээ.
Даргад өрсөлдөхөөр энэ хоёрын араас гарч ирэх хүн нь Б.Баярсайхан гишүүн гэнэ. Өмнө нь БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хийж байсан гэдгээрээ энэ байнгын хороод санаатай байгаа нь гарцаагүй. Гэхдээ гол өрсөлдөөг Г.Мөнхцэцэг, Г.Дамдинням нарын хооронд өрнөж, Г.Мөнхцэцэг нь ялалт байгуулах буй за.
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороог Х.Баделхан гишүүнд өгч магадгүй
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ сайд болсон. Одоо түүний орыг хэн залгах нь сонирхолтой. Аравхан гишүүнтэй, төсөв санхүү, хууль, төрийн ямар ч ач холбогдолгүй тус байнгын хорооны 8 гишүүн нь Ардын намын гишүүн байна. Үүнээс гурав нь сайд, хоёр нь байнгын хорооны дарга. Тэгэхээр үлдсэн Б.Энхбаяр, Х.Баделхан хоёрын нэг сайд болно.
Бараг л Казах түмний төлөөлөл болсон Х.Баделхан гишүүнд энэ байнгын хороогоо өгөх байх гэсэн таамаг байна. Магадгүй ёс зүй, сахилга хариуцлагын талаар хатуухан үг чулуудчихдаг Б.Энхбаярт ч очих магадлалтай.
Инноваци, цахим бодлогын байнгын хороог Энхбаярын Батшугарт өгнө
Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга дээр эргэлзэх юмгүй Энхбаярын Батшугарыг тавих байх. “Цахим хэл”-тэй Н.Учрал нь сайд болоод явчихаар энэ байнгын хорооны гишүүд дунд инноваци, цахим шилжилт, AI нтрийг ойлгох нэг ч хүн байхгүй.
Тэгээд ч Н.Энхбаяр даргын МАН-ынхан хоосон хоцроохгүй.
Нийгмийн бодлогын байнгын хорооноос М.Оюунчимэг явж, ХНХ-ын сайд асан С.Чинзориг очих уу
Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын томилгоо бага зэрэг эргэлзээтэй байна. Одоогийн дарга М.Оюунчимэг нь эмэгтэй гишүүдийн квотоор сайдад яригдах байсан ч Л.Оюун-Эрдэнийн засагт орохгүй үлдсэн. Гадуур түүнийг сайдаас үлдсэн учраас байнгын хороо дээрээ үлдэнэ гэж таамаглаж байгаа. Тохироо ёсоор бол үлдэх ёстой байх. Гэхдээ М.Оюунчимэг гишүүн 2017 оноос хойш тасралтгүй байнгын хорооны дарга хийчихсэн тул энэ удаад өнжих магадлалтай.
Харин түүний оронд хуучин ХНХ-ийн сайдаар ажиллаж байсан С.Чинзориг гишүүн орж ирэх байх. Нэгдүгээрт, салбарын хүн. Хоёрдугаарт, хоёр удаа сонгогдсон. Гуравдугаарт, Ерөнхий сайд Өвөрхангайн төлөөллүүдийг хоосон хоцроохгүй учиртай. Бүлгийн дарга нь сая сайдаас үлдчихлээ шүү дээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат гишүүн хэвээрээ үлдэнэ
Сайдаас мултарсан. Ерөнхийлөгчтэй тээр нэг жил чуулганы танхимд сүрхий муудалцаж, хэл амаа билүүдсэнийхээ гороор сая сайдаас мултарсан тэрбээр, ядаж байнгын хорооны даргаараа үлдэх байлгүй дээ. Яриад байгаа ҮХНӨ, тогтолцооны өөрчлөлтөө хийх үүргийг Ерөнхий сайд өгөх байх.
Увсынхны авдаг Төсвийн байнгын хорооны дарга дээр Г.Тэмүүлэн тохироо хийхээр явж, Ч.Хүрэлбаатар нар Х.Булгантуяаг дэмжих магадлалтай
За, хамгийн “алаантай” байж мэдэх байнгын хороо бол Төсвийн байнгын хороо. Ер нь бодлогын байнгын хороо учраас дарга нарын ойр тойрны хүн авах болов уу. Ч.Хүрэлбаатар гишүүн сайд болоод явсан тул энэ байнгын хорооны дарга хэн байх нь тун ч их сонирхол татаж байна.
Гол өрсөлдөөн Х.Булгантуяа гишүүн болон хоёр удаа сонгогдсон Г.Тэмүүлэн нарын хооронд өрнөх байх. Төсвийн байнгын хороог сүүлийн жилүүдэд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гээд “Увс”-ын фракц эзэрхийлсээр ирсэн. Г.Тэмүүлэн гишүүнийг Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга бол гэж нэг дарга нь хэлэхэд сүрхий татгалзсан гэсэн. Бодвол Төсвийн байнгын хорооны дарга болох тохироогоо хийсэнтэй холбоотой биз. Нөгөө талаас Х.Булгантуяа гишүүн бол Ч.Хүрэлбаатар гишүүнийг Сангийн сайд байхад дэд сайдаар нь ажиллаж гол ажлыг нь нугалж өгч байсан хүн гэдгийг мартаж болохгүй.
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Д.Өнөрболор яригдаж байна
Агуулгынхаа хувьд Ерөнхий сайдад хамгийн хэрэгтэй байнгын хороо. Шинэ сэргэлтийн бодлогын томоохон төслүүдийн бодлогын голыг энэ байнгын хороо нугална. Тиймээс хүнээ бодож тавих байх. Байнгын хорооны даргад яригдаж байгаа хүмүүс ихэнх нь эрчүүд байгаа тул квотоо бодсон, үйлдвэржилтийн талаарх бодлогыг өнгөрсөн хугацаанд түлхүү ярьж, хөөцөлдөж байгааг нь бодсон ч Д.Өнөрболор гишүүн байнгын хорооны даргад яригдах магадлалтай байна.
Уг нь энэ байнгын хорооны даргыг Г.Тэмүүлэнд өгөх гэсэн ч нөгөөх нь төсвийн байнгын хороог сонирхоод байгаа. Мөн Ерөнхийлөгч болон 70-аад оны ах нарын зүгээс Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг түлхэж байгаа сурагтай. Дээр нь нэмээд Ц.Анандбазарын нэр дуулдаж байгаа ч авгай хүүхний хэл амаа шийдэж чадахгүй байгаа түүнд МАН-ынхан албан тушаал өгөхгүй. Сайд ч үгүй, байнгын хороо ч үгүй байгаа Ш.Раднаасэд гишүүн ч санаархаж болох л юм. Гэхдээ л Д.Өнөрболор гишүүнд бараг л очих болов уу даа.
Хууль зүйн байнгын хорооны дарга дээр Л.Мөнхбаатар гэж тохирчээ
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт ЗТХ-ийн сайд бол томорсон. Одоо түүний орыг хуульч гишүүдийн нэг авна. Олон нийтийн зүгээс бол Б.Энхбаярыг тавьчихмаар байгаа. Гэхдээ ирээдүйн карьерийн эхлэл болдог гол байнгын хороо учраас өрсөлдөөн тун ч их байна. Хоёр сонгогдсон гэдгээрээ автоматаар Ж.Сүхбаатарт очих байсан ч мань хүн сайд болчихсон. Одоо Ш.Раднаасэд, Ц.Мөнх-Оргил нар магадлалтай гэж улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөвсгөлийн гишүүн Л.Мөнхбаатар тус байнгын хорооны даргаар томилогдохоор тохироогоо хэдийнээ хийжээ.
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Х.Булгантуяа гишүүн очих магадлалтай
Хамгийн сүүлийн байнгын хороо. Бас хамгийн повертэй байнгын хороо. Таван яамны сайдуудыг дуудаж ирээд суулгадаг учраас гол байнгын хороодын нэг байхаас аргагүй. Ж.Ганбаатар дарга нь сайд болоод явсан тул суудлыг нь одоо хэн авах вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Даахгүй нохой булуу хураана гэгчээр Ц.Цэрэнпунцаг гишүүн энэ байнгын хороог сонирхсон сурагтай байна лээ. Арай ч түүнийг тавихгүй байх. Мөн Ц.Даваасүрэн гишүүн сонирхож магадгүй байгаа хэдий ч намынхан нь түүнд сүжиггүй болоод удаж байна. Сая Б.Болорчулуунд нь сайд өгчихсөн болохоор энэ удаад Ц.Даваасүрэнд нь зай олдохгүй л байх. Мөн С.Чинзориг гишүүн энэ байнгын хороонд давхар яригдаж байна.
Харин Төсвийн байнгын хороогоо Г.Тэмүүлэнд алдчихвал УИХ-ын гишүүн Х.Булгантуяа энэ байнгын хороог авах байх. Төсөв, санхүүтэй холбоотой хоёр байнгын хорооны нэгийг заавал Х.Булгантуяа гишүүнд өгөх учиртай.
Г.Лхагвадорж