Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний багц стандартын шинэчлэлтэй холбоотой асуудлаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч А.Цэнгэлмаатай ярилцлаа.
-Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний стандартууд шинэчлэгдэж байгаа гэж сонслоо. Ямар, ямар стандартууд шинэчлэгдэж байгаа вэ?
-Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний арга зүйн багц стандартын шинэчлэлийг хийх ажлыг Монголын хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбоо санаачлан хэрэгжүүлж, ХАБЭА-н салбарын мэргэжилтнүүдийн санал авах хэлэлцүүлгийг МХЕГ-тай хамтран өнгөрсөн 5 дугаар сард зохион байгуулсан. Энэ хэлэлцүүлэгт манай байгууллагын хөдөлмөрийн эрүүл ахуйч, химич нар оролцож санал бодлоо солилцсон. Мөн салбарын яамд, мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээс санал авч, дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа юм байна.
Энэ ажлын хүрээнд 6 стандартыг шинэчлэн боловсруулж, 2 гадаад стандартыг орчуулсан.
Үүнд:
Шинэчлэгдэж буй стандартууд
MNS 5080:2001 Хөдөлмөрийн нөхцөл, түүний ангилал, хүчин зүйл. Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
MNS 4990:2015 Ажлын байрны орчин. Эрүүл ахуйн шаардлага
MNS 4970:2000 Өргөх зөөх ачааны массын зөвшөөрөгдөх дээд хэмжээ
MNS 5077:2001 Ажлын байрны агаар. Ажлын байрны агаарын урсгалын хурдыг хэмжих арга
MNS 5387:2004 Ажлын байрны агаар. Ажлын байрны агаарын температур, чийгийг хэмжих арга
5366:2004 Агаарын чанарын нийтлэг асуудал. Нарийн ширхэгтэй тоосонд агуулагдах цахиурын давхар исэл, кристобалит, тридимитыг тодорхойлох арга
Орчуулсан стандартууд
ISO 13137:2013 Ажлын байрны орчин. Химийн бодис, биологийн хүчин зүйлсээс хувь хүний амьсгалын түвшинд сорьц цуглуулах насос-Ерөнхий шаардлага ба сорилтын арга
DHS 14 Ажлын байрны агаараас цулцанд болон амьсгалын замаар нэвтэрдэг тоосны фракцын сорьц цуглуулах, шинжлэх арга
-Шинэчилж байгаа стандартуудыг харахад ихэнх нь 2000 оны стандартууд байна, эдгээр стандартын шинэчлэлийн ач холбогдол нь юу бэ?
-Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт шинжилгээний аргын болон хэм хэмжээ тогтоосон бүх стандартууд мөрдөгддөг. Энэ нь ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартуудын ихэнх нь 2000-2002 онуудад анх батлагдаж, түүнээс хойш огт шинэчлэгдээгүй байж байгаад 2015 оноос эрчимтэй шинэчлэл хийгдэж 2017 онд тоосны өртөлтийг зохицуулах багц стандарт, 2019 онд ажлын байрны гэрэлтүүлэг, гарт болон бүх биед дамжих доргион, шуугианы стандартууд шинэчлэгдсэн. Одоогоор ажлын байрны бичил цаг уур, бусад стандартууд, тэр дундаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний стандартын шинэчлэл явагдаж байгаа нь энэ цаг үед чухал байна.
Түүнчлэн Монгол Улсад мөрдөж буй хууль эрх зүй, бодлогын өөрчлөлтөд нийцүүлэн, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний аргачлалыг урьдчилан сэргийлэлтийн зарчимд суурилан шинэчлэл хийж, хөдөлмөрчин хүний эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөрийн эрүүл ахуйн практикийг олон улсын түвшинд хүргэхэд чиглэгдэж байгаа нь ач холбогдолтой юм.
-Шинэчлэгдэж байгаа стандартуудын шинэлэг болон онцлог талыг нь дурьдвал?
-Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний MNS 5080 стандартын хувьд 2001 онд анх батлагдаж, түүнээс хойш огт шинэчлэгдээгүй, хөдөлмөрийн нөхцөлийн ангилалыг тогтоосон байдаг бол тус стандартын шинэчлэлийн хүрээнд олон улсын жишгийн дагуу хөдөлмөрийн нөхцөлийг эрсдэлийн түвшнээр нь ангилж, үнэлэх шаардлагыг бий болгосон төдийгүй хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний арга зүйг зохицуулж өгсөн нь одоогийн эргэлзээтэй байдлыг тодорхой болгож байгаа давуу талтай байна.
MNS 4990 стандартын хувьд 2002 онд анх батлагдаж, 2015 онд шинэчлэгдсэн. Энэ стандарт нь ажлын байрны бичил цаг уур, тоос, хорт бодисыг хэмжих арга, тоос хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг зохицуулсан. Стандартын шинэчлэлийн хүрээнд тоос хорт бодисын хэмжилтийн арга зүй, түүврийн тоо, тандалт хэмжилт, статистик боловсруулалт, урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээний төлөвлөлт, зөвшөөрөгдөх дээд хэмжээний шаардлага зэргийг дангаар нь нарийн тогтоож, бичил цаг уурын үзүүлэлтийг хасаж тусдаа стандартаар зохицуулахаар төлөвлөсөн байна.
Ажлын байрны бичил цаг уурын стандартын хувьд MNS 5077 ажлын байрны агаарын урсгалын хурд хэмжих аргын стандарт, MNS 5387 ажлын байрны агаарын температур, чийгийг хэмжих аргын стандарт, MNS 4990 стандартууд тус тусдаа зохицуулж байгааг нэгтгэн нэг стандартаар зохицуулахаар төлөвлөсөн нь эмх цэгцтэй, салбарын мэргэжилтнүүд нэгдсэн нэг тодорхой ойлголттой байхаар харагдаж байна.
MNS 5366 стандартын хувьд 2004 онд анх батлагдаж, 2017 оноос цулцанд нэвтэрдэг тоосонд агуулагдах талст цахиурыг шинжлэх чадавх манай улсад бүрдсэн ч эрх зүй, стандартын шинэчлэл, хэрэглээний явцад стандартын агуулга, үг хэллэгийг шинэчлэн сайжруулах хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан байна.
MNS 4970 стандартын хувьд 2000 онд анх батлагдаж, зөвхөн гараар өргөж зөөх ачааны норм хэмжээг тусгасан байдаг бол стандартын шинэчлэлээр гараар гүйцэтгэх ажил, гараар ачаа өргөх үеийн эргономикийн үнэлгээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээ, мөн гараар гүйцэтгэх ажлын үеийн өргөх ачааны жинг үнэлэх аргачлалыг тодорхой оруулж өгсөн нь онцлог байна. Орчуулсан 2 стандартын хувьд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний хүрээнд зайлшгүй хэрэгцээтэй, нэн чухал стандартуудыг оруулж ирсэн байгаа юм. Нэг стандарт нь ажлын байрны агаараас хувь хүний амьсгалын түвшинд тоос, хорт бодисын сорьц цуглуулах насосын техникийн үзүүлэлт, найдвартай ажиллагаанд хяналт шалгалт хийх шаардлагыг тогтоосон бол нөгөө стандартын хувьд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд тусгах боломжгүй байдаг, хэмжих арга болон зөвшөөрөгдөх норм хэмжээ нь байхгүй 100 мкм-ээс жижиг тоос буюу амьсгалаар нэвтэрдэг тоосны хэмжилтийн арга зүйг оруулж өгч байгаагаараа чухал юм.