"Юнител" групп өнгөрөгч долоодугаар сарын 30-ны өдөр "Холбоочдын баяр"-аа тэмдэглэн өнгөрүүлсэн. Уг арга хэмжээ "Монгол шилтгээн" амралтын газрын задгай талбайд зохион байгуулагдсан бөгөөд "Модерн номадс" сүлжээ ресторан хоолоор үйлчилсэн байна. Гэвч арга хэмжээнд оролцсон 100 гаруй хүн хоолны хордлогонд орсон хэмээн манай сайтад хандсан иргэний гомдлын мөрөөр уг асуудлыг тодруулав.
"Юнител" группийн Пи Ар хэлтсийн менежер Ж.Нарантуяа "Долоодугаар сарын 30-ны өдөр "Монгол шилтгээн"-ий задгай талбайд арга хэмжээ болж өнгөрсөн. Нийт 900 гаруй хүн "Холбоочдын баяр"-т оролцсон. Баярын маргааш, нөгөөдрөөс эхлээд 100 гаруй буюу 105 орчим ажилтанд гэдэс базлах шинж тэмдэг илэрсэн. Тиймээс бид баярт оролцсон ажилчдаасаа санал асуулга аваад, шинж тэмдэг илэрч байгаа хүмүүсээ ХӨСҮТ-д шинжилгээнд хамруулсан байгаа. Наймдугаар сарын 04, 05-ны өдрүүдэд ажилчдаа хоёр хуваагаад шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариунд хоолноос хордсон гэх зүйл гараагүй" гэсэн юм.
Мөн тус өдөр тус компанид хоолны үйлчилгээ үзүүлсэн"Модерн номадс" рестораны менежер н.Шижирбаяр "Манайхаас холбогдох албаныхан шинжилгээ аваад, хоолны хордлогоос болоогүй гэх дүгнэлт гаргачихсан байгаа" хэмээсэн юм.
Хэдийгээр тус хоёр компанийн зүгээс хоолноос болоогүй гэх хариулт өгч байгаа нь Юнителийн 100 гаруй ажилчид юунаас болж хордсоныг тодорхой хэлж мэдэхгүй байгаа юм. Харин компанийн зарим ажилчдын зүгээс хоол, эсвэл наранд хэт удаан байснаас наршсан байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Ер нь нэг арга хэмжээнд оролцсон хүмүүсийн 100 гаруйд нь ижил шинж тэмдэг илэрсэн нь тус арга хэмжээтэй зайлшгүй холбоотой юм.
"Юнител" группын Ерөнхийлөгч Р.Ганболд, "Модерн номадс" рестораны М.Есөнмөнх нар дотны найзууд бөгөөд Юнителийн бүх арга хэмжээнд "Модерн номадс" ресторан хоолны үйлчилгээ үзүүлж ажилладаг байна.