Арилжааны банкууд зарим төрлийн зээл олголтоо хязгаарлаад буй. Үүнтэй холбоотойгоор барилгын компаниудын хөрөнгө оруулалт тасалдаж, улмаар барилгын үйл ажиллагаа явах боломжгүй байдалд хүрээд байгаа юм. Иймд барилгын салбарт гарч буй хөрөнгө оруулалтын асуудлын талаар Монголын Барилгачдын Нэгдсэн холбооны Ерөнхийлөгч М.Батбаатартай ярилцлаа.
-Арилжааны банкууд зарим төрлийн зээл олголтоо хязгаарласан байгаа. Үүнээс шалтгаалан барилгын салбарт ямар хүндрэл гарч байна вэ?
-Бодит байдлыг хэлэхэд, үнэт цаасны хоёр дахь зах зээлийг барилгын салбарт гаргаж ирэх асуудал яригдаж байна. Энэ асуудал 10 гаруй жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Ипотекийн зээлийг анхдагч зах зээлд гаргаад 10 гаруй жил болсон ч зарчим нь алдагдсан гэдгийг Шадар сайд С.Амарсайханы гаргаж тавьсан асуудлаас харж болно. Тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай байгаа талаар яригдсан. Энэ явцаас болж арилжааны банкуудын зээл саарчихаад байгаа юм.
Урьд өмнө арилжааны банкууд барилгын салбарынханд ипотекийн зээл өгөөд буцаан төлөлтөөс олох ашгаа Монголын Ипотекийн корпорацтай /МИК/ хамтран 30-40 хувийг эргэлтэд оруулдаг байсан. Харин одоо яригдаж буй үнэт цаасны хоёрдогч зах зээл нь өмнө нь ипотекийн зээлээр олгогдсон орон сууцны зээлүүдийг нэг багцлан үнэт цаас болгож, дахин хоёрдогч зах зээлд гаргах юм. 6 болон 8 хувиар өгсөн ипотекийн зээлүүдийг багцлан үнэт цаас болгосноор зээлийн хүү багасаж, хугацаа уртасна. Анхдагч зах зээлээр ипотекийн зээлийн орон сууц авсан гэр бүлүүдийн зээлийн нөхцөл сайжрах ёстой.
Сүүлийн 20 жил анхдагч зах зээл дээр байгаа зээлтэйгээ ноцолдсоор байгаад таарсан. Миний олж авсан мэдээллээр 15 жил ипотекийн зээл төлөөд үндсэн зээлийн төлөлтдөө ороогүй хүмүүс байна. Дандаа хүүгээ төлсөөр байгаад таарсан. Энэ тогтолцоог өөрчлөх асуудал яригдаж эхэлсэнтэй холбогдуулан арилжааны банкууд барилгын салбарынханд зээл өгөх асуудал саарсан.
Зээл огт өгөхгүй биш, өгч байгаа. Монголбанк сар бүр эх үүсвэрээ олгож байгаа ч барилгын салбарынханд очих хурд нь саарсан гэж ойлгож болно.
-Зээл олголт саарсантай холбоотойгоор ямар бодит хүндрэл барилгын салбарынханд тулгарч байна вэ?
-Хөрөнгө оруулалтын асуудал хурцаар яригдаж байна. Барилгын салбарын сезон буюу улирал нь дуусах дөхөж байхад барилгын ажил нь удаашралтай байгаа. Дээрээс нь тээврийн асуудлаас болоод барилгын материалын үнэ нэмэгдсэн. Олон зүйлийн "хавчилга"-д барилгачид орж байна.
Ийм хэцүү нөхцөлд барилгын салбарт орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт "тэг" зогсчихсон. Арилжааны банкуудаас олгох зээл нь удаашралтай байгаа учир салбарын ажил сайн байгаа гэж хэлэх ямар ч үндэслэлгүй болчхож байгаа юм.
-Танай холбооны зүгээс барилгын салбар тойрсон асуудлуудад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Монголын барилгачдын нэгдсэн холбооны хувьд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх, тогтолцоог шинэчлэх асуудлаар гадна дотнын байгууллагуудтай ярилцаж байна. Шадар сайдын гаргаж ирсэн асуудал буюу МИК-ийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөхтэй санал нэг байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол Улс руу татах талаар гаднынхантай яриа хэлэлцээр хийж байгаа ч дотоодын банкуудын зөрчил, дутагдлаас болоод бодитой хөрөнгө оруулалт хийсэн зүйл алга байна.
Гадаадын хөрөнгө оруулалт татах орчин бүрдүүлэхэд бидний хийсэн зүйл бий. Тухайлбал, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн бонд гаргачихвал тэрхүү бондыг худалдаж авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулагч байгаа.
5-10 жилийн хугацаанд гадаад хөрөнгө оруулалтын буцаан төлөлтийг нүүрсээр хийвэл тодорхой хэмжээний хөнгөлөлттэй хөрөнгө оруулалт өгч монголын барилгачидтай нийлж, барилга барья гэсэн саналууд ирсэн.
Хамгийн таатай мэдээ нь бидний бүтэн 12 жил ярьсан Сингапурын туршлагаар төрийн оролцоотой орон сууц барих асуудлыг хэрэгжүүлэх санал гарсан. Улмаар өнгөрсөн сард болсон Ерөнхий сайдын айлчлалаар "Төрийн оролцоотой бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах" хүрээнд 273 сая сингапаур долларын тусламж үзүүлж ТОСК, ЗГ, БХБЯ-тай хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.
Үүнийг таатай гэсний учир нь тогтолцооны шинэчлэл хийгдэх гэж байна. Орон сууцны эцсийн хэрэглэгч нь бага дунд орлоготой Монголын ард түмэн байх ёстой. Түүнээс биш хөрөнгө мөнгөтэй, чинээлэг хүмүүст зориулсан орон сууцны хөтөлбөр биш. Жирийн иргэд, залуу гэр бүлүүдийг орон сууцтай болгох юм.
-Төр хувийн хэвшлийн түншлэлээр барилгын салбарын хөрөнгө оруулалт, иргэдэд хүрэх хүртээмжийг тогтолцоогоор нь шинэчилж байна гэж ойлгож болох уу?
-Болно. Хөрөнгө оруулалтын сайн орчин бий болж, төр, банкуудын бодлого цогцоороо шинэчлэгдэх гэж байна. Үүнийг Засгийн газартай хамтарч яаралтай зөв голдирол руу нь оруулж хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэл банкууд ч асуудалгүй зээл олгодог болно.
-Үнэт цаасны хоёрдогч зах зээлийг түр хойш тавиад арилжааны банкуудтай шууд холбоо тогтоосон уу. Ерөнхийдөө шууд банкуудтайгаа харилцаж зээлийн асуудлаа түргэсгэх боломж бий юу?
-Арилжааны банкуудад барилгын салбарынхантай хамтарч ажиллах буюу зээлийг шуурхай олгооч гэх хүсэлтийг байнга тавьж байгаа. Жишээлбэл, арилжааны банкны зээлээр хөрөнгө оруулалтаа бий болгож, барилгаа ашиглалтад оруулсан хамгийн сүүлийн жишээ нь "Баганат-Өргөө" ХХК байна.
Банкны зээлийн хэмжээг ихэсгэхийн тулд үнэт цаасны хоёрдогч зах зээлийг арилжааны банкны зээлтэй холбох юм.
-Монголын барилгын холбоонд хэдэн ААН, байгууллага харьяалагддаг вэ?
-21 аймаг тус бүрийн барилгачдын салбар холбоотой. Хөдөө орон нутагт 600 орчим ААН, байгууллага байдаг. Харин нийслэлд 1500 орчим бий. Ерөнхийдөө 2100 ААН, компани Монголын барилгачдын нэгдсэн холбоотой хамтарч ажиллаж байна. Үүнээс байнгын үйл ажиллагаагаа явуулж буй 1000 гаруй ААН байна.
Дахин хэлэхэд, манай салбарт материалын үнийн өсөлт, банкуудын зээл гэх мэт саад тотгор их учирч байгаа. Гэвч өмнө хэлсэнчлэн барилгын салбар зөв голдирол руу орох алхам эхэлсэн гэж үзэн барилгачид тэвчээртэй хүлээж байна.
Энэ процесс явагдаж дуусахад орон сууцаар барьцаалсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн тогтолцоо Монголд хэрэгжвэл барилгын салбар том үр дүнд хүрнэ гэж итгэж байгаа.
-Таны хэлж буй үнэт цаасны хоёрдогч зах зээл буюу барилгын салбарын шинэчлэл хэдийн хугацаанд хийгдэнэ гэж харж байна вэ?
-Энэ ондоо үргэлжлэх болов уу. Засгийн газраас Сингапурын туршлага дээр үндэслээд ажлын хэсэг байгуулаад ажлаа эхэлбэл ирэх жил барилгын салбарынханд том үр дүн хүлээх жил болно. Хөшигийн хөндийг дагуул хот болгох, орон нутагт ипотекийн зээл олгодог болсон зэрэг нь орон нутгийн барилгачдыг ажил эрчимжиж, том зургаар төлөвлөгдөж байгаа юм.
Зорилтоо тодорхойлчихсон учир түүнд хүрэх механизмыг төр нь ч, хувийн хэвшил нь ч хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид 2009 онд одоогийнхоос ч хүнд нөхцөл, хямралд орж байсан. Барилгын салбарт зээл, үнийн өсөлттэй холбоотой саармагжилт үүсэн ч зүгээр суугаагүй тогтолцоог шинэчлэх ажлыг хийж байна.
- Ярилцсанд баярлалаа.