"Эрэл" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нь өөрийн өмгөөлөгч Н.Цэцэгмаагаар дамжуулан өөрийн үйлдсэн Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн хэрэг болон 20 тэрбум төгрөг бусдаас залилсан гэмт хэргээ хаалгахаар Нийслэлийн Прокурорын удирдлагууд болон хяналтын прокурор М.Энхбаатар нарт авлига, хээл хахууль өгсөн байж болзошгүй үйлдлийг АТГ-аас шалгаж эхэлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн.
Энэ талаар АТГ-аас тодруулах гэсэн боловч холбогдох мэдээллийг өгөх боломжгүй гэсэн юм.
Харин эл хэрэгтэй холбогдуулан авлига, хээл хахуулийн асуудалд нэр холбогдоод буй прокурорт дотоод хяналт шалгалт явуулж байгаа эсэхийг УЕПГ-аас тодруулахад "Хэвлэлд гарсан мэдээллийн дагуу УЕПГ-ын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс нэр бүхий прокуроруудыг шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа тул нарийн мэдээллийг өгөх боломжгүй" гэлээ.
Ташрамд дурьдахад, 2021 оноос эхлэн Б.Эрдэнэбатыг "Хөгжлийн банкнаас чанаргүй зээл гаргуулж, улсыг хохироосон. Олон зуун тэрбум төгрөгийн хохирол учруулсан" хэргээр АТГ-т шалгаж байгаа ч тэрбээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байгаа юм. Мөн 2016 онд иргэн Б-ийн 20 000 000 000 төгрөгийг (хорин тэрбум) Хөгжлийн банкны барьцаанд тавьсан хөрөнгөө барьцаалж байна гэж хуурч, компанийн хувь эзэмшүүлнэ залилан мэхэлж аваад өнөөдрийг хүртэл төлөөгүй аж.
Энэ хэрэгтээ 2021 оны наймдугаар сард ХУД-ийн Эрүүгийн шүүхээс 7 жилийн хорих ял авч байсан. Шүүх хуралдааны шатанд Б.Эрдэнэбат нь "Эрэл ХХК"-нд нэг ч хувьцаа эзэмшдэггүй, хувь эзэмшүүлнэ гэж хууран мэхэлсэн. Компани нь улсын бүртгэлд бүртгэлгүй, барьцаалсан гэх бүх хөрөнгөнүүд нь хуурамч, Хөгжлийн болон Хаан, Хас банкны барьцаанд байсан нь нотлогдож, иргэн Б-г хууран мэхэлж залилсан нь хөдөлшгүй баримтуудаар тогтоогдсон байдаг.
Түүнчлэн Б.Эрдэнэбат нь ял авсныхаа дараа МӨХ-ны гишүүн Н.Цэцэгмаа гэх өмгөөлөгчийг өөрийн өмгөөлөгчөөр авснаас хойш түүний үйлдсэн улсыг хохироосон болон залилах хэргүүд нь замхарч эхэлжээ. Учир нь Н.Цэцэгмаа гэх өмгөөлөгч нь өмнө нь Нийслэлийн Прокурорын Газарт олон жил хэлстсийн дарга хийж байгаад өмгөөлөгч болсон бөгөөд маш олон найзууд, танилууд нь тус прокурорын газарт дарга, хяналтын прокурор хийдэг гэх мэдээлэл байна.