Зугаатай зуны амралт дуусч, сургууль цэцэрлэг үүдээ нээх цаг хэдийнээ хаяанд иржээ. Шинэхэн цүнхнийхээ үнэрт баясаад, цэвэрхэн формоо жимбийтэл эвхээд, үеийн найзуудтайгаа уулзахаа бодохоор сэтгэл догдолдог тийм л нандин үе. Хэдий хичээлийн шинэ жилийг хүүхдүүд догдлон хүлээх авч эцэг эхчүүдийн өмнө хүндхэн бэрхшээл тулгардаг. Тэр бол ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ.
Дэвтэр, бал, үзэг, харандаа, өнгийн цаас, хайч, баллуур гээд л тоочиход бэрх. Энэ нь олон хүүхэдтэй эцэг эхчүүдийн төдийгүй бүх өрхийн санхүүд хүндээр тусдаг нь нуух аргагүй үнэн. Бид хэзээнээс л "ард хормойгоо авч урд хормойгоо нөхдөг" гэж хэлж заншсаны дээр аргыг нь олоод хүүхдүүдийхээ хичээлийн хэрэгслийг бэлддэг.
Тэгвэл иргэдийн өргөнөөр үйлчлүүлдэг "Нарантуул" худалдааны төвөөс хичээлийн хэрэгслийн үнэ болон эцэг эхчүүд хичнээн төгрөгөнд бэлтгэл хийж байгаа талаар сурвалжиллаа.
Сурагчийн цүнх 25-65 мянган төгрөгийн хооронд байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай зэрэгцэн эцэг эхчүүд хэдийнээ хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдээд эхэлжээ. Хүний хөдөлгөөн тасрахгүйн дээр шинэхэн цүнхээ үүрсэн хүүхдүүд ч олон харагдаж байлаа. Бид цүнхний худалдаа эрхлэгч иргэнээс үнийг нь тодруулахад,
"Манай дээр байгаа цүнхнүүд 25-65 мянган төгрөгийн хооронд зарагдаж байна. Өнгө үзэмж, хэмжээ, материалаасаа хамаарч үнийн хувьд өөр өөр байна. Дээр нь бага, дунд, ахлах гээд цүнхний үнэ хамаарч байгаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал, үнийн хувьд тийм ч өсөөгүй" гэсэн хариултыг хэлж байсан юм.
Харин өөр нэгэн цүнхний худалдагчаас иргэдийн худалдан авалтын талаар асуухад дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,
"Хүмүүсийн худалдан авалт эрс нэмэгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд харьцангуй их байна гэж хэлж болохоор байна. Манай цүнхнүүд 25-55 мянган төгрөгийн хооронд зарагдаж байгаа. Эцэг эхчүүд ихэвчлэн 2-3 хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж байгаа нь ч ажиглагдсан. Тэр хүмүүс маань 2-3 цүнх авбал жаахан хямдруулж өгөхийг хүсдэг. Бид ч бас аль болох боломжоороо бууруулаад өгдөг дөө" гэв.
Тэгвэл гол хичээлийн хэрэгслийн үнэ ямар байгаа талаар худалдаачдаас асуухад өмнө жилийнхтэй харьцуулбал, 100-300 төгрөгөөр нэмэгдсэн. Ялангуяа үндэсний үйлдвэрлэлийн дэвтэрний үнэ жил ирэх тусам нэмэгдэж байгаа тул үнийг нэмэхээс өөр аргагүй мөн дэвтрийн хомсдол үүсэх магадлалтай байгаа талаар хэллээ. Үүнээс гадна зарим худалдаачин үнээ маш нэмж хэлж байгаа учир иргэдийг сайн судалж байж худалдан авалт хийх хэрэгтэйг өөр нэгэн худалдаачин сануулсан юм.
Дэвтэр тасарч байгаа учир дэвтрээ нөөцөлж байна
Энэ талаар худалдаачин Н.Оюундарь "Өмнөх жилийг бодвол дэвтрийн үнэ харьцангуй нэмэгдсэн. Монгол үйлдвэрийн дэвтэр маш их эрэлттэй байдаг. Гэвч "Улаанбаатар принт" өнгөрсөн долоодугаар сард дөрвөн удаа үнээ нэмсэн. Өмнө жил 200, 250-тай байсан 12 хуудастай дэвтэр өнөөдөр 350 төгрөг болсон. Үүнээс гадна хүрэлцээ бага, хэвлэлт муу. Энэ нь цаалаад үнэ ахин нэмэгдэх үндсэн шалтгаан болдог. Тиймээс үндэсний үйлдвэрийг дэмжих маш хэцүү болоод байна.
Иргэдийн хувьд монгол дэвтрийг цаас сайтай учир ихэвчлэн сонгодог. Гэтэл цааснаас гадна үнээ байнга нэмээд байвал худалдан авагчдын хувьд ч тэр худалдаачдын зүгээс ч тэр маш их хүндрэлтэй. Харин урдаас орж ирдэг бал, харандааны үнэ харьцангуй үнэ багатай байна. Гэхдээ Америк, Солонгос зэрэг улсаас ирж байгаа хичээлийн хэрэгсэл тээвэрлэлт болон зардлаасаа хамаараад үнэ нь нэмэгдэх хандлагатай байдаг.
Үүнээс гадна дэвтэр тасарч байгаа учраас бид боломжоороо дэвтрээ нөөцөлж байна. Дэвтэр тасарч болохгүй. Учир нь дэвтэр тасарвал цаашлаад үнэ нэмэгдэх магадлал өндөртэй болно. Түүнээс сэргийлж бид дэвтрийн нөөц үүсгээд байгаа" гэв.
Иргэд хичээлийн хэрэгсэл худалдан авахдаа сайтар судалж авах хэрэгтэй
"Хичээлийн хэрэгслийн үнэ бол хувь хүнээсээ ихээхэн хамаардаг. Зарим худалдаачид бүр маш үнэтэй зардаг өчигдөр л гэхэд нэг худалдан авагч ганц хүүхдийн хичээлийн хэрэгслээ 100 гаран мянган төгрөгөөр бэлдсэн гээд ирсэн. Энэ бол байж болохгүй зүйл шүү дээ. Үнэтэй авсан гэдгийг нь өөрт нь хэлэхэд очоод зөрүүгээ авсан гэж байна лээ. Тиймээс иргэдийг үнээ сайтар судалж байж худалдан авалт хийгээсэй гэж хүсч байна" гэв.
Бид эцэг эхчүүдийн байр суурийг ч мөн сонслоо. Эцэг эхчүүдийн дунд 200-500 мянган төгрөгөөр хүүхдийн хичээлийн хэрэгслээ бэлдэж байгаа талаар хэллээ.
Нэгдүгээр ангид орох хүүгийнхээ хичээлийн бэлтгэлд формноос тусдаа 500 мянган төгрөг төсөвлөсөн
Иргэн "Энэ жил зээ маань нэгдүгээр ангид орно. Одоогоор формноос нь тусдаа 500 мянган төгрөг хичээлийн хэрэгсэлд зарцуулахаар төсөвлөсөн байгаа. Нэгдүгээр ангид орж байгаа болохоор бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй юм шиг байна. Цүнхний үнэ бол боломжийн. Хичээлийн хэрэгсэл жаахан үнэтэй байгаа юм шиг боловч тийм ч их нэмэгдээгүй байгаа юм байна" гэв.
Хоёр хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэхэд багахан хүндрэлтэй байна
Түүнээс гадна 2 хүүхдийн хичээлийн хэрэгсэл бэлдэж буй иргэн дараах зүйлийг хэлсэн юм. Тэрбээр "Одоогоор хичээлийн хэрэгслийг нь л бэлдэж байна. Хоёр хүүхдийн бэлтгэл. Нэг нь гуравдугаар анги, нэг нь нэгдүгээр ангид орно. Миний авсан зүйл 130 мянган төгрөг болж байна. Хоёр хүүхэд болохоор жаахан хүнд шүү. Бүр түүнээс олон хүүхэдтэй бол хэцүү л юм. Одоо цүнх, хувцас хунар гээд авахад нэлээн мөнгө зарцуулах шинжтэй байна. Хичээлийн хэрэгсэл бол тийм ч айхтар нэмэгдээгүй юм байна" гэлээ.
Бид энэ жил гуравдугаар ангид элсэн суралцах н.Номинжин охиноос ээжийнх нь зөвшөөрлөөр яриа авсан юм.
Хичээл орох гэж байгаа нь гоё санагдаж байна
Охин "Хичээл орох гэж байгаа нь үнэхээр гоё санагдаж байна. Бас ээжтэйгээ хичээлийн хэрэгслээ авах гээд явж байна. Надад гоё санагдаад байна. Гэхдээ хичээлийнхээ хэрэгслийг авч эхлээгүй байна аа. Үүргэвчээ авах гээд л. Надад гоё харагдаж байгаа зөндөө цүнх байна. Гэхдээ энэ цүнх хамгийн гоё нь байна" гэх өхөөрдөм яриаг өгсөн юм.
Хичээлийн хэрэгслийн ҮНЭ ямар байна вэ?
Бид энэхүү сурвалжилгаараа хичээлийн хэрэгслийн үнэ болон иргэд хичнээн төгрөгөөр хичээлийн шинэ жилийн бэлтгэл хийж байгааг сурвалжиллаа. Үүнээс харахад хичээлийн хэрэгсэл өнгөрсөн жилийхтэй харьцуулбал 100-300 төгрөгөөр нэмэгдсэн бол цүнхний үнэ харьцангуй үнээ барьсан байна. Харин эцэг эхчүүдийн хувьд 300-500 мянган төгрөгөөр хичээлийн хэрэгсэл бэлдэх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг харж болох юм. Мөн дэвтэрний хомсдол үүсэх магадлалтай байгаа тул худалдаа эрхлэгчид дэвтрээ нөөцлөөд байгаа гэдгийг хэлж байсан юм.