Өглөө эртлэн босож урьд шөнө нямбай гэгч нь индүүдэн тавьсан дүрэмт хувцсаа өмсөөд сургуулийн зүг алхана. Яагаад ч юм хичээлийн шинэ жил гэж бодоход хамгийн түрүүнд ийм л зураглал хүн бүрийн нүдэнд буух нь лавтай.
Хичээлийн шинэ жил хэдийнэ хаяанд иржээ. Бэлтгэлүүдээ ч базаагаад эхэлж. Энэ өдрүүдэд сурагч багачууд гэлтгүй эцэг, эхчүүдийн хувьд дүрэмт хувцас тойрсон олон олон асуудлууд тулгардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд олон нийт сурагчийн дүрэмт хувцасны үнэ болон түүнд тавигддаг норм, стандартын тал дээр "хэлэлцүүлэг" өрнүүлэх болсон. Тэгвэл энэ удаад сурагчид өөрт тохирсон стандарт бүхий дүрэмт хувцсыг өмсөж чадаж байна уу гэх асуудлыг хөндлөө.
Сурагчдын дүрэмт хувцас нь бага, дунд, ахлах ангийн гэсэн насны ангиллаар өөр өөр загвартай ч загвар хийц, өнгө, материал нь адилхан байхаар заасан байдаг. Ингэхдээ бага ангийн хөвгүүдийн үндсэн иж бүрдэлд хүрэм, өмд багтсан бол нэмэлт иж бүрдэлд кардиган, майк, цамц багтана. Харин бага ангийн охидын хувьд сарафан, кардиган өмсөнө. Дунд болон ахлах ангийн сурагчдын хувьд хүрэм, юбка, майк, сорочкан цамц, өмд зэрэг багтдаг болохыг та бид мэднэ.
Гэвч нийтээр өмсөж буй сурагчийн дүрэмт хувцас хүүхдийн биед тухгүй, баригдмал, зузаан, чанар муутай, хэтэрхий албаны гэх мэт шүүмжлэлийг хүртсээр багагүй хугацаа өнгөрлөө. Сурагчийн дүрэмт хувцас нь сургуулийн орчинд ялгавартай байдал гаргахгүй байхад чухал ач холбогдолтой. Гэхдээ түүнээс давсан чухал асуудал бол тав тух юм. Тэгвэл манай улсын сурагчид одоо өмсөж буй дүрэмт хувцсандаа СЭТГЭЛ ХАНГАЛУУН байж чадаж байна уу.
-Сурагчийн дүрэмт хувцасны одоогийн "БОДИТ БАЙДАЛД"-
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ямар дүрэмт хувцас өмсөж байна вэ гэдгийг дараах дүрслэлд үзүүллээ.
Олон нийт улсын сургууль ч мөн ялгаагүй хувийн сургуулиуд сурагчийн дүрэмт хувцсаа энгийн, биед эвтэйхэн байдлаар шийдвэрлэдэг жишгийг дагахыг "санал болгодог". Тэгвэл жишээ татах үүднээс хэд хэдэн хувийн сургуулийн дүрэмт хувцасны шийдлийг үзүүлье.
ТЭД ЮУ ХЭЛЭВ: Сурагчийн дүрэмт хувцасны шаардлагад ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ
Хичээл сургууль орохтой зэрэгцэн асуудал дагуулсаар ирсэн энэ асуудалд эцэг, эхчүүд дараах байр суурийг илэрхийлж байна. Тэдний хувьд сурагчдын дунд дүрэмт хувцасны хэрэглээ зайлшгүй байх шаардлагатай боловч түүнийг хүүхдийн биед эвтэйхэн, тухтай байдлаар шийдвэрлэх нь чухал гэдгийг хэлж байв.
-Олон давхар юм өмсөөд сургууль руугаа явахыг харах тухгүй санагддаг-
Иргэн н.Сарантуяа: Бидний үед форм паарчиг л өмсдөг байсан шүү дээ. Одоо үед ч ялгаагүй. Хүүхдийн хөдөлгөөнд саад болохгүй, биед эвтэйхэн байх ёстой. Ач, зээ нараа дүрэмт хувцсаа өмсөж байгааг хааяа хардаг л юм. Нэг л нозоорсон, олон давхар юм өмсөөд л яваа юм шиг санагддаг. Хүйтэн сэрүүний улиралд ч дээрээс нь гадуур хувцсыг нь өмсгөхөд хүртэл тээр болж байгаа юм шиг л санагддаг. Ер нь дүрэмт хувцсыг энгийн загвартай болгож зохицуулалт хийх хэрэгтэй юм шиг санагддаг.
-Хүүхдийн тав тухыг бодсон ч дүрэмт хувцсаа илүү биед эвтэйхэн байдлаар шийдэх хэрэгтэй-
Иргэн н.Гэрэлтуяа: Сурагчид дүрэмт хувцсаар жигдэрсэн байх нь чухал. Тийм ч учраас өмсөх дүрэмт хувцас нь хүүхдэд өөрт нь төвөг болохооргүй байх хэрэгтэй. Эгчийн маань хүүхэд ..... нэртэй хувийн сургуульд суралцдаг. Дүрэмт хувцас гэдэгт өмд, цамц, поло футболк л багтдаг. Харин улсын сургуульд сурдаг дүү маань сорочкан цамц, зангиа, жилет өмсдөг. Арчилж, цэвэрлэх тал дээр ч асуудал үүсдэг. Жилд 2-3 сорочкан цамцаа солих ч үе байдаг. Тиймээс хүүхдийн тав тухыг бодсон ч дүрэмт хувцсаа илүү биед эвтэйхэн байдлаар шийдэх хэрэгтэй байх
-Угааж арчлах тусам агшиж, өнгөө алддаг бус хүүхдийн биед “сууж” өгдөг, материал сайтай байх хэрэгтэй-
Иргэн н.Даваагэрэл: Ач зээ нар маань хараахан сургуульд орж амжаагүй. Харин том охин маань аравдугаар анги. Миний бодлоо дүрэмт хувцас зайлшгүй байх шаардлагатай зүйл. Хүүхдүүдийн дунд ялгамжтай байдал, сурах идэвх хүслийн хувьд ч нөлөөлдөг байх гэж бодож байна. Харин тухайн дүрэмт хувцсыг хүүхдийн биед эвтэйхэн байгаа эсэх, материал даавуу нь чанартай байна уу гэх мэтээр асуудал их. Тиймээс аль болох өмсөх тусам агшиж, өнгөө алддаг бус хүүхдийн биед “сууж” өгдөг, материал сайтай байх хэрэгтэй.
-Боловсролын салбараа бизнес болгосон цагт өөдлөхгүй. Шведэд хүүхдүүд дүрэмт хувцас өмсдөггүй-
Харин эл асуудалд Швед улсад амьдардаг ... иргэн дараах байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Амьдарч байгаа орноо дөвийлгөөд байгаа юм биш шүү. Авахыг нь авч, алгасахыг нь алгасмаар санагддаг.
1.Шведэд хүүхдүүд дүрэмт хувцас өмсдөггүй, хувцас нь заавал шинэ байх ч албагүй, өдөр тутмын хувцас бол биед эвтэйхэн байх , заавал бэлдэх хувцас нь бороо усны хамгаалалттай, хүйтний улиралд бол дотортой усны хамгаалалттай гутал, бээлий, мөн солих хувцас гэсэн цөөхөн зүйл жагсаалтад байдаг. Багадаагүй бас цоороогүй бол ахиад өмссөн ч болно, цоорсон байсан ч хэн ч тоохгүй.
2. Сургуульд дүрэмт хувцас гэж байхгүй. Хүссэнээ л өмсөнө, тэглээ гээд нэг нэгнээсээ онцгойроод байх зүйлгүй. Шаардах зүйл мөн л адил хувцсаа бохирдуулсан үед солих хувцас, цаг улирлын хувцас л байна.
Өнгөц харахад авах л ёстой наад захын хэрэгцээ мэт боловч арай гүн гүнзгий бодвол хүүхэд дүрэмт хувцасгүйгээр ч сурна, ном сурах бичиг үүрч явахгүйгээр ангидаа хэрэглэдэг бол адаглаад элэгдэл, хорогдолгүй байна. Боловсролын салбараа бизнес болгосон цагт өөдлөхгүй шүү. Бүр системээрээ өөрчлөх үе ирсэн” гэжээ.
-Цаашид дэлхий нийтэд гарч ирэх сайн жишгийг дагаж сурагчийн дүрэмт хувцсанд өөрчлөлт, сайжруулалт хийх боломжтой-
Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очироос дүрэмт хувцасны норм, стандарт болон үнийн өсөлт зэргийн талаар тодрууллаа.
-Төрийн өмчит сургуулиудад өмсөх сурагчдын дүрэмт хувцасны норм, стандартыг үйлдвэрлэгч компаниуд хэрхэн барьж байна вэ. Сүүлийн жилүүдэд эцэг, эхчүүдийн дунд сурагчдын дүрэмт хувцсыг хүүхдийн биед илүү эвтэйхэн байдлаар зохицуулалт хийж болдоггүй юм уу гэх шүүмжлэл ихээр гарах болсон байна?
-2016 онд анх Боловсролын хуулийн шинэчлэлд Ерөнхий боловсролын сурагчид дүрэмт хувцастай байна гэж зааснаас хойш 2019 онд л хувцасны стандартаа баталж дуусгасан шүү дээ. Үүнийг зөвхөн БШУЯ дангаараа баталдаггүй. ХХААХҮЯ болон холбогдох эрдэмтэд хамтран баталдаг.
Мэдээж сурагчийн дүрэмт хувцас хичээллэх улирлынхаа онцлогт зохицсон байх ёстой. Зөвхөн намар аль эсвэл өвлийн улиралд тохируулсан дүрэмт хувцас гэж байхгүй шүү дээ. Улирал бүрт дүрэмт хувцас худалдаж авдаг байсан бол эцэг, эхчүүдэд ирэх ч санхүүгийн ачаалал ч нэмэгдэнэ. Тэгвэл гурван улиралд аль алинд нь тохируулан өмсөж болохоос гадна хүүхдийн бие физилогид таарсан, стандарт норм шаардлагыг хангаж чадсан дүрэмт хувцсыг эрдэмтэн судлаачид гарган баталж байгаа. Мэдээж цаашид дэлхий нийтэд гарч ирэх сайн жишгийг дагаж дүрэмт хувцсыг өөрчлөлт, сайжруулалт хийх боломжтой гэж харж байна.
-Хичээл сургууль орохтой зэрэгцэн сурагчийн дүрэмт хувцасны үнийн өсөлт эцэг, эхчүүдийн дунд хамгийн их тулгамддаг асуудал болж бухимдлыг төрүүлэх нь боллоо. Үнийн өсөлт тал дээр үйлдвэрлэгч компаниудтай холбоотой ажиллаж байгаа юу. Салбар яам эл асуудалд яаж анхаарч байна?
-Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зөвхөн дүрэмт хувцас бус сурах бичгийн үнэ 60 хувиар өссөн байна. Энэ нөхцөл дан ганц дүрэмт хувцасныхаа үнийг барь, 2016, 2017 оныхтой адил хэмжээнд худалдаал гэх нь БШУЯ-ны дангаараа шийдэх асуудал биш болчихоод байгаа юм. Дүрэмт хувцасны компаниуд зах зээл, орлого, борлуулалт зэрэг асуудлаар бидэнтэй уулзаж байгаа. Гэхдээ одоогийн нөхцөлд зах зээлийн зарчим үйлчилж байгаа учраас үнээ барих асуудал дээр шууд манлайлан орж чадахгүй байгаа юм. Тиймээс олон хүүхэдтэй аль эсвэл алслагдсан нутаг дэвсгэр зэргээр харгалзан үзэж түр хугацааны зохицуулалт хийх боломжтой. Сурагчдын дунд ялгаатай байдал үүсгэхгүй байх нь чухал. Түүнээс биш зах зээлийн зарчмаараа ажиллаж байгаа компаниудад та нар алдагдалтай ажилла гэж хэлэх эрх бидэнд байхгүй.
ОУ-ЫН СТАНДАРТ: Сургуулийн дүрэмт хувцасны өнгө хэт тод, сэтгэл татам байх нь сургуулийн нөхцөлд тийм ч зохимжтой биш
Тэгвэл сурагчийн дүрэмт хувцас олон улсад хэрхэн стандартчилагдсан байдаг нь олон нийтийн анхаарлыг татах нь зүй. Олон улсад сургуулийн дүрэмт хувцас, өөрөөр хэлбэл бэлэн хувцасны материал нь биологийн болон химийн аюулгүй байдлын шаардлагыг нэн түрүүнд хангасан байх ёстой бөгөөд дараах үзүүлэлтүүдийн дагуу стандартчилагдсан байдаг. Үүнд:
-Гигроскоп агууламжтай буюу өөрөөр хэлбэл чийг, хөлс шингээх чадвар, агаар нэвтрүүлэх чадвартай, өнгө алдалтгүй, угаах цэвэрлэх зэргээр үрэлт явагдахад тэсвэртэй байдал, хүүхдийн арьсанд ямар нэгэн байдлаар харшил, цочроо өгөхгүй материалаар хийгдсэн байх шаардлагатай.
-Сургуулийн дүрэмт хувцас, ялангуяа бага насны сурагчийн дүрэмт хувцас элдэв зүйлд анхаарал сарниулахгүй, даруу байх ёстой. Хувцасны өнгө хэт тод, сэтгэл татам байх нь сургуулийн нөхцөлд тийм ч зохимжтой биш. Яагаад гэвэл хэтэрхий хурц өнгө нь сурагчдад хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд нь саад болохоос гадна ОУ-ын хүүхдийн сэтгэл судлаачид аль болох даруу эсвэл бараавтар өнгийг сонгохыг зөвлөдөг.
-Гэвч, хар ба цагаан өнгөний хослолоос зайлсхийх нь зүйтэй бөгөөд ийм өнгөний хослол нь хүүхдийн харааг муутгах аюултай гэсэн судалгаа бий. Хамгийн тохиромжтой нь шаргал болон завсрын бүдэг өнгөнүүд байдаг байна.
СТАНДАРТ МОНГОЛД: Хүүхдийн хөдөлгөөн, биеийн өсөлт, хөгжилтөд саад болохгүй загвар, хийцтэй байх
Харин Монгол Улс сурагчийн дүрэмт хувцсандаа ямар шаардлага тавьдаг юм бол гэдэгт хариулт хайя. БШУЯ-наас материалын хувьд Хүүхдийн эрүүл мэндэд хоргүй, эрүүл ахуйн шаардлага (агаар нэвтрэх, дулаан хадгалах, арьсанд харшил үүсгэхгүй гэх мэт)-ыг хангасан байх шаардлагыг тавьж иржээ.
-Биед шууд хүрэлцэх I дүгээр үеийн хувцас буюу цамц нь Европын холбооны стандартын шаардлагыг хангасан байх.
-Гадуур хувцас нь Монгол Улсын стандартын жишиг шаардлагыг хангасан байх. Цахилгаанжихгүй, бөөгнөрөхгүй, хог татахгүй байх
-Загвар хийцийн хувьд Монгол орны цаг агаар, уур амьсгалын нөхцөлд тохирсон байх
-Хүйтний улиралд өмсөхөд зориулсан нэмэлт сонголттой байх. Сонгох боломжийг хангасан үндсэн болон нэмэлт иж бүрдэлтэй байх.
-Дүрэмт хувцсаар дамжуулан хувцасны асуудлыг шийдэх боломжийг олгосон байх.
-Хүүхдийн хөдөлгөөн, биеийн өсөлт, хөгжилтөд саад болохгүй загвар, хийцтэй байх гэсэн шаардлагыг тавьдаг аж.
Хэдийгээр энэ дунд хүүхдийн хөдөлгөөн, биеийн өсөлт хөгжилтөд саад болохгүй байх гэсэн шаардлага бичээстэй байгаа ч бага ангийнхны, ялангуяа охидын дүрэмт хувцас энэ шаардлагыг хараахан хангахгүй байна. Материалын хувьд нимгэн, тоос татдаг, өвдөг, тохойн хэсэг амархан урагддаг, бөөсөрдөг, цахилгаан нь хэврэг тухай эцэг эхчүүд ярьж байна. Тиймээс чанарыг анхаарч, загварыг шинэчилж, материалыг чанартай болгохоос гадна ТАВ ТУХ гэдэг шаардлагыг зайлшгүй анхаарах цаг иржээ.