Өнөөдөр "Монгол генералуудын өдөр" тохиож байна. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэхүү өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлжээ.
Мэндчилгээг бүрэн эхээр хүргэж байна.
Монгол Улсын эрхэм генералууд аа!
Эдүгээгээс 76 жилийн тэртээ буурал Европт дэлхийн их дайны гал ид дүрэлзэн, Дорно зүгт милитаристуудын зэр зэвсэг хангинан түрэмгийллийн аюул нүүрлэж байсан хүнд бэрх цаг үед Монгол төр 11 хүнд генерал хэмээх цол анх олгосон нь цэргийн байгуулалтын нэгэн шинэ үе эхэлж буйг нотолсон түүхэн шийдвэр байсан юм.
Түүхэн энэ ойг тохиолдуулан эрхэм Танд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндийг хүргэж, сайн сайхны ерөөл дэвшүүлье!
Монгол Ардын Хувьсгалт Цэрэг, Монголын Ардын Арми, Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицерууд 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, баруун хил дээрх зэвсэгт мөргөлдөөн, дайны дараах энхийн бүтээн байгуулалт, “хүйтэн дайн"-ы жилүүдийн өргөтгөн зохион байгуулалт, Монгол Улсын Зэвсэгт хүчний байгуулалтыг аюулгүй байдлын шинэ орчин хийгээд Монгол Улсад хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлоох зорилгод нийцүүлэн шинэчлэх, Төрийн цэргийн байгууллагын алба хаагчдыг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах зэрэг зохион байгуулах авьяас, бие сэтгэлийн зориг, тэнхээ, мэргэжлийн ур чадвар шаардсан их үйлсэд төр, ард түмнийхээ итгэл найдварыг нэр төртэй биелүүлсэн юм.
Эрхэм генерал Та Монголын Ардын Арми, Монгол Улсын Зэвсэгт хүчний байгуулалтын эгзэгтэй цаг үед өргөтгөн зохион байгуулах, цомхотгох, шинэ бүтцэд шилжүүлэх зэрэг нөр их ажил, онцгой хариуцлагатай үйл хэргийн ачааны хүндийг үүрч, Зэвсэгт хүчний гол цөм, ноён нурууг нь хадгалж, хамгаалж, хөгжүүлж бэхжүүлсэн гавьяат үйлстэн билээ.
Генерал хүн бол Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний эр зориг, эрдэм чадвар, хүний жудаг, ёс зүйн үлгэрлэн дуурайх жишээ, дагаж омогших туг нь юм. Энэ үүрэг хариуцлагаа гүнээ ойлгож, ухамсарт бүхий л амьдралаа цэрэг, эх орныхоо төлөө зориулж ирсэн, өдгөө албаа хашиж буй болон чөлөөнд гарсан нийт генералууддаа их амжилт, урт нас, удаан жаргалын ерөөл дэвшүүлье.
Монгол цэргийн сүлд хийморь, яруу алдар бадартугай!
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД