Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2012-2016 хүртэл онуудад АН засаг барьж байх үед тавьсан өрийг МАН засаглаж байхдаа төлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн мэдэгдсэн. Тэрбээр "Манай Монгол ардын зүйр үг "Үүрэхийг нь чи үүр, янцаглахыг нь би янцаглая" гэдэг шиг өр тавьсан хүмүүс нь одоо дефолт боллоо гээд алга ташаад байдаг. Гэтэл одоо өрийг нь төлж байгаа бид хамгийн хүнд ачааг нь үүрч явж байна" гэсэн юм.
Тэгвэл эл мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү цахим хуудсаараа өөрийн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр "Би өртэй холбоотой асуудлаар улс төр хиймээргүй санагддаг. Учир нь АН, МАН-ын өр биш энэ бол ард түмний нэрийг барьсан төр засгийн бодлого гэж ойлгодог байсан. Дотоодын гэлтгүй гадаадын эдийн засагчид монгол дампуурахад бэлэн болсон, өр зээл нь өндрөө авчихсан, өнөө маргаашгүй Шри Ланкын араас орох гэж байна гэж хэлж байгаа. Гэтэл асуудал ярихаар АН-ынханы хийсэн гайгаас гэж яриад байх юм. Засах найман жилийн боломж байна. Эрдэнэтийн зэсийг та нар 2022 онд нэг саяар нь зарсан юм. Та нар мөнгөтэй л юм байна шүү дээ. Юмаа зарж байгаа бол доллартай л байгаа. Сөрөг хүчингүй болчихсон, юу дуртайгаа хийж болох мэтээр хараад байгаа юм. Монгол Улсад маш олон асуудлууд байна. Асуудал бүр дээр ажлын хэсэг гаргаад байгаа. Одоо үр дүнгээ яриач.
Тээврийн зардал, долларын ханш буурсан уу. Монголын өр намын өр биш. Монгол Улсын өр зээл хэрээс хэтэрлээ гэж байна. Ажилтай, орлоготой Монгол хүн болгомоор байна. Баялагтаа эзэн Монгол болгомоор байна. Хүн бүр хичээх хэрэгтэй" гэв.