Өнөөдөр /2022.07.28/ вирус гепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан ЭМЯ болон ХӨСҮТ-өөс мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны эмнэлгийн тусламжын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дарга Г.Ганхуяг: "Манай улс гепатит В, С вирусийн халдварын эсрэг "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийг сайн туршлага болгон дэлхийн улс орнуудад түгээж байгааг дуулгахад таатай байна.
Монгол Улсын Засгийн газраас тухайн хөтөлбөрт тусгасан ажлууд нь дэлхийн улс орнуудад туршлага болохуйц үйл явдал болсон. Тухайлбал, гепатит С вирусийн эсрэг эмчилгээний үр дүн өндөртэй эмийг хөнгөлсний эцэст С вирусээр оношлогдсон хүмүүс бүр мөсөн эмчлэгдсэн. Харин гепатит В вирустэй хүмүүс эмчилгээгээ хийлгэж байгаа. Монгол Улс санхүүжилтийг нь бүрэн олгож, дээрх хөтөлбөрийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлж ажилласан үр дүнтэйгээр энэ өдрийг угтаж байгаад таатай байна.
Гепатит вирусийг илрүүлэх оношилгоо эмчилгээг цаг хугацааг алдалгүй эхлүүлж, тууштай үргэлжлүүлэн үр дүнтэй дуусгах, уг халдварын хүндрэлээс сэргийлэх нь нэн чухал.
ЗГ-аас дахин 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө үүнийг тусгасан. Үүнтэй холбоотойгоор иргэдийн эрт илрүүлэг шинжилгээ, оношилгоогоор гепатит В, С вирусийн халдварын илрүүлэг шинжилгээг хийж байна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээг өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс улсын хэмжээнд эхлүүлсэн бөгөөд одоогоор 242 мянган хүн хамрагдаад байгаа.
Цаашид вируст гепатитын халдвараас урьдчилан сэргийлэх, ялангуяа архаг халдварыг эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдаж, халдвартай илэрсэн бол мэргэжлийн эмчийн хяналтад орох, биеийн байдлаа тогтмол хянуулж, вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх, вирусийн эсрэг вакцинд хамрагдах хэрэгтэй.
В вируст гепатитын эрсэг вакцинд иргэдийг манай улс бүрэн хамруулж байгаа. Монгол Улс вакцинтай холбоотой асуудалдаа дэлхийд тэргүүлдэг буюу хүн амын вакцинд хамрагдсан хувь маш өндөр байдаг" гэх мэдээллийг өглөө.