2024 оноос Их Британи улсын нисэх буудлуудад “contactless буюу зайнаас” хилийн зурвас нэвтрэх технологи нэвтрүүлэхээр ажиллаж байгаа талаар Дотоод хэргийн сайд Прити Пател мэдээлсэн байна.
Энэ нь ямар учиртай технологи вэ гэхээр, зорчигчид тухайн улсад электрон пасспортын хаалга ашиглалгүйгээр эсвэл хилийн шалганы ажилтантай харилцахгүйгээр нэвтрэх боломж бүрдэнэ гэсэн үг юм. Зорчигчид аялалын өмнө өөрийн зургаа бүртгэлд байршуулан нэвтрэх эрхээ авна гэдгийг Дотоод хэргийн сайд онцолсон.
Энэ ажиллагаа нь хилийн зурвас дээр олон хүний дараалал үүсгэх байдлыг бууруулах, Их Британи улс руу хийх аялалын тоог өсгөхөд туслах боломж гэжээ.
Иймээс Их Британи улсад зорчих хүсэлтэй иргэн бүр эхлээд “Аялалын зөвшөөрөл” авах ёстой болох юм. Их Британи болоод Ирландын иргэдээс бусад улсын иргэд аялалын виз авах болоод “Электрон аялалын зөвшөөрөл” авах шаардлагатай болно гэдгийг мөн урьдчилан тооцоолж байгаа юм байна. Дотоод хэргийн яамны төлөвөлгөөнд тусгагдсаны дагуу электрон аялалын зөвшөөрөл нь ойролцоогоор 18 фунтын үнэтэй байх тооцоо байгаа бөгөөд аялагчийн намтар, биометрийн мэдээлэл, холбоо барих мэдээлэл зэргийг багтаасан бичиг баримттай байх ёстой бөгөөд “тохиромжтой асуулт”-д хариулах шаардлагатай болно гэжээ. Энэхүү аялалын зөвшөөрөл нь виз биш бөгөөд Их Британи улс руу аялах нислэгт суух боломжийг нээхээс гадна уг зөвшөөрөл нь 09/11-ний террорист халдлагын дараа АНУ-д нэвтэрсэн Аялалын зөвшөөрлийн электрон системтэй (ESTA) ижил юм байна.
Уг ажиллагааг 2023 оны 3-р сараас эхлэн Кувейт, Катар, АНЭУ, Саудын Араб, Оман болон Бахрейны зорчигчдод туршиж үзэхээр төлөвлөж байна. Улмаар ирэх оны сүүлч гэхэд дэлхийн бусад орны аялагчдад нэвтрүүлэх боломжтой гэжээ.