ОХУ-ын байлдааны зэвсэг хэрэгсэл болон цэргүүд Монгол Улсын хилээр орж ирсэн тухай мэдээлэл цацагдсан билээ. Уг асуудалд иргэдийн зүгээс ОХУ-Украин улсын хооронд дайн өрнөсөн эгзэгтэй үед орос цэргүүд орж ирснээр Монгол Улс ОХУ-ыг дэмжиж буйгаа шууд илэрхийлж байна. Цаашлаад олон улсад Монголын нэр унах вий гэж болгоомжилж байгаа юм.
Тэгвэл уг асуудлыг албаны эх сурвалжаас тодруулахад “Жил бүр зохион байгуулагддаг “Сэлэнгэ” зэвсэгт хүчний хамтарсан бэлтгэл сургуулиалт энэ жил Ховд аймагт болохоор товлогдсон. Уг арга хэмжээ 2008 оноос улбаатай. Цар тахлын үед ч тасалдаагүй. Өнгөрсөн 2019 онд Халхын голд зохиогдож байсан. Жил бүрийн арга хэмжээ өөр өөр төрлөөр зохигддог. Энэ жилийн хувьд Ховд аймгийн уулархаг бүсэд зохиогдоно.
Сургуулилт нийт 14 хоног үргэлжлэх байх. Яг хэдэн цэрэг, ямар зориулалттай техник хэрэгсэл орж ирсэн мэдээлэл нууцын зэрэглэлтэй.
Иргэдийн зүгээс дайны нөхцөл байдал үүссэн байхад Орос цэргүүдийг орууллаа гэж шүүмжилж байна. Энэ бол ташаа ойлголт. Уг арга хэмжээг зохион байгуулснаараа ОХУ-ыг дэмжиж байна гэсэн үг биш. Олон улстай хамтарсан цэргийн сургуулилт Монгол Улсад олон болдог.
Хамгийн сүүлд гэхэд зургаадугаар сард АНУ болон бусад улстай хамтарч "Хааны эрэлд 2022" цэргийн хээрийн сургуулилт хийсэн. Гол нь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох эрхээ баталгаажуулах, чадвараа сайжруулах зорилгоор хийдэг. Түүнчлэн "Нүүдэлчин заан" цэргийн хээрийн сургуулилтыг Энэтхэг улсатай хамтарч хийдэг.
Энэ мэтчилэн цэргийн сургуулилтыг олон улс оронтой хамтарч хийдэг учир ард иргэд тайван байх хэрэгтэй” гэлээ.