Монголд ардчилсан хувьсгалын салхи сэвэлзүүлсэн АН 2010 эхэн үеэс дотоод асуудлаа шийдэж чадахгүй явсаар хоёр хуваагдсан. Хэдийгээр Дээд шүүхийн шийдвэрээр АН-ын эрх С.Эрдэнийн гарт очсон асуудал намжаагүй, харин ч хурцадмал байдлаа хадгалсаар байгаа юм. Нэг хэсэг АН-ын дарга болно, намын эрхийг атгах ёстой хүн гэж өөрийгөө цоллож явсан хүн бол экс Ерөнхийлөгч Х.Баттулга. Түүний хувьд АН-ын гишүүн хэвээрээ байгаа гэдгийг тодотгодог.
Тэгвэл түүний эсрэг босч, бас үгүй эхний даваагаа аваад байсан С.Эрдэнийн ард экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бат зогсдог. Одоогоор С.Эрдэнийн гэх АН-ын даргад Ц.Элбэгдорж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Д.Ганбат, Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга, нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Баатархүү, Хууль зүйн сайд, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар нэр дэвших магадлал тун өндөр.
Гэхдээ эдгээрээс гадна бас нэгэн сонин дүр орж ирсэн нь Сангийн сайд асан С.Баярцогт. Хуулийн хүрээнд тэрбээр өнгөрсөн удаагийн сонгуульд нэр дэвших боломжгүй байсан. Гэхдээ хэд хоногийн өмнөх прокурорын шийдвэрээр түүнд холбогдох бүх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэснээр тэрбээр АН-ын тамгыг атгаж, улмаар ирэх 2024 оны ээлжит сонгуульд хүч үзэх боломжтой болоод байна.
Гэвч зарим эх сурвалжийн өгүүлснээр С.Баярцогтыг бус харин Х.Тэмүүжинийг Ц.Элбэгдоржийн талынхан түлхүү дэмжих мэдээлэл байгаа юм.
Учир нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт холбогдох хэргээс үүдэн С.Баярцогтод холбогдох хэргийн шалгалт удааширсан. Дагаад түүний нэр хүнд хэсэгтээ сэхэл авахааргүй унасан зэрэг нь намын нэр нүүрт сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй бололтой.
Ямартай АН хоёр хуваагдсан байдал хэвээр үргэлжсээр байвал ирэх 2024 онд болох УИХ-ын сонгууль хийгээд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.
Тиймдээ ч Монголын төрийг нэгэн цаг үе атгаж явсан Х.Баттулга, Ц.Элбэгдорж хоёр уулзаж, нэгэн тохироо хийсэн гэх. Тэр нь АН-ыг нэг дээврийн дор нэгтгэх.
Хэрэвзээ тэдний тохироо биелэлээ олж, АН нэг толгойтой болчихвол МАН-ын эсрэг хамгийн том сөрөг хүчнийхээ байр суурийг эргүүлэн авах нь дамжиггүй. Энэ ч утгаараа МАН-ын зүгээс АН-ынхны дунд сурсан зангаараа хэрүүлийн алим шидэх нь тодорхой. Энэ хэрүүлийн алим юу байж, хаанаас хэн рүү нь чиглүүлж шидэх бол гэдэг их гоё өнцөг.