Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглагдаж буй автобус ээлж дараагаараа шатдаг явдал бараг л хэвийг үзэгдэл болж. Дээр нь хэзээ ч эвдэрч зогсож магадгүйг илтгэх мэт дуу чимээтэй ихтэйн дээр хар утаа ихээр хаяж байгаль орчныг бохирдуулах автобус нэлээдгүй бий. Тэгвэл дээрх асуудал ганц нэг байгууллагын буруутай үйлдэл гэхээс илүүтэй нийтийн тээврийн салбарт бүхлээр нь шинэчлэл хийх шаардлагатай болсон. Тэр дундаа төрийн нэгдсэн нэг бодлого, дэмжлэг хэрэгтэй болсныг илтгэж буй юм.
Өөрөөр хэлбэл, нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 970 автобус үйлчилгээнд гарч байгаа бөгөөд эдгээрээс 532 автобусны ашиглалтын хугацаа дуусчээ.
"2022 оны эхний хагас жилд ашиглалтын хугацаа дууссан 532 автобус
акталж оронд нь шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлнэ"
Уг асуудлын талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээлэл өглөө.
-Нийтийн тээвэрт ашиглагдаж буй автобусны хэдэн хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан юм бол?
-Нийслэлд 1200 гаруй нийтийн тээвэр бүртгэлтэй байдаг. Түүнээс 970 гаруй нь үйлчилгээнд явж байгаагаас 532 автобус нь ашиглалтын хугацаа дууссан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 70 гаруй автобусыг шинэчилсэн. Үүнээс өөрөөр шинэчлэл бараг хийгдээгүй.
-Сүүлийн үед нийтийн тээврийн автобус шатах хэрэг олноор гарах боллоо. Өнгөрсөн зургаадугаар сард гэхэд хоёр ч автобус шатсан. Үүний шалтгаан нь ашиглалтын хугацаа дууссан гэдэгтэй холбож ойлгож болох уу?
-Яг тийм. Ашиглалтын хугацаа дуусч моралын элэгдэлд орсон гэсэн үг. Олонх автобусны ашиглалтын хугацаа дуусаад 10 жил болж байдаг. Үүнийг үе шаттайгаар шинэчлэлт хийх ёстой байсан. Гэтэл энэ ажил бараг хийгдэж байгаагүй. Нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэдийн аюулгүй байдлаа хангаж, засвар үйлчилгээ тогтмол хийх ёстойг байнга хэлдэг байсан. Инженер техникийн ажилчид ч аль чадлаараа хянамгай ажиллаж байгаа.
-Ашиглалтын хугацаа дууссан 500 гаруй автобусыг хэзээ үйлчилгээнээс гаргах вэ. Оронд нь хэчнээн автобусыг хэдий хэр хугацаанд үйлчилгээнд нэвтрүүлэх юм бол?
-Энэ онд багтааж 500 гаруй шинэ автобус худалдаж авахаар төлөвлөсөн. Эхний ээлжийн шинэ автобус буюу нэг давхар 65 ширхэг, хоёр давхар 10 автобус, сургуулийн 25 автобус үйлчилгээнд нэвтрүүлсэн. Шинэ автобус худалдаж авахад нийслэлд эхний ээлжинд 80 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ төсөв 500 гаруй автобус худалдаж авахад хүрэлцэхгүй тул худалдан авахтай холбоотой саналаа Засгийн газарт материалаа хүргүүлсэн. Хичээлийн улирал эхлэхтэй зэрэгцэн энэ асуудал шийдэгдэх байх.
-Хэмнэлтийн тухай хууль хэрэгжиж байна. Ийм цаг үед автобус шинээр худалдаж авах асуудал шийдэгдэхгүй буцаагдвал яах вэ?
-Нийтийн тээвэрт шинэчлэл хийх ажил нь иргэдийн амь настай холбоотой учир хэмнэх тухай ярих нь зохимжгүй.