Улсын баяр наадмаар үндэсний бөх сонирхогч хүн бүрийн сэтгэлд нэг хүлээлт үүсдэг. Энэ нь улсын гарьд Б.Гантогтоход улсын арслан цол нөхөж олгох болов уу гэсэн горьдлого. Энэ горьдлого хүлээлт энэ жил ч гэсэн үүсээд байсан юм.
Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, арслан цол олгох таамаг олны дунд өрнөж байсан. Гэвч үндэсний бөх сонирхогчдын урам энэ удаа ч гэсэн мөн хугарах бололтой.
Тиймээс нэгийн давааны оноолтын өмнө улсын гарьд Б.Гантогтохтой холбогдож дараах зүйлийг тодруулсанаа хүргэе.
-Сайн байна уу. Үндэсний бөхийн нэгийн даваа удахгүй эхэллээ. Дэвжээн дээр гарна гэхээс тэсэн ядаж байна уу?
-Ах нь гарч барилдахгүй.
-Уг нь та бүртгүүлсэн биз дээ. Таны аав Далай даян дархан аварга Х.Баянмөнх ч гэсэн таныг барилдана гэж надад хэлсэн?
-Уг нь барилдах санаатай бүртгүүлсэн юм. Гэвч ямар ч урам алга.
-Яагаад вэ. Аав тань зодог тайлна. Дээр нь тэгш ой тохиож байна шүү дээ?
-Учир байна аа.
-Танд арслан цол нөхөж олгох яриа гараад байгаа. Танд мэдсэн зүйл байна уу?
-Тэр худлаа болсон байх өө. Ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл зарлигаа гаргасангүй. Өнөөдөр гаргаагүй зарлигаа хэзээ гаргах вэ дээ.
-Арай үгүй байх аа. Миний сонссоноор гурвын давааны үеэр гэсэн яриа байна лээ?
-Худлаа худлаа. Ах нь арван удаа арслан цол "авч, өглөө". Үнэн, худлыг ялгахтайгаа. Тийм байхад юундаа баярлах вэ дээ.
-Тавын давааны үеэр таны аав Х.Баянмөнх зодог тайлах ёслолын арга хэмжээ болно. Тэр ёслолын үеэр та дэвжээн дээрээ гарна биз дээ?
-Гарахгүй.
-Таныг гарна гэж аав тань хэлсэн шүү дээ?
-Уг нь гаръя гэж бодсон юм. Гэхдээ гарч барилдахгүй.
-Барилдахгүй гэдгээ аавдаа хэлсэн үү?
-Хэлсэн. Өөрөө мэд гэсэн. Ер нь үндэсний бөх надаар дутах биш дээ. Тийм биз дээ. Өчнөөн сайхан бөхчүүд байна.