Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: “Хорхогийн уурыг даралгүй идэх нь найруулсан хор мэт биеийг тамирдуулна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 24 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Жил бүр Үндэсний баяр наадам болоод цагаан сарын баярын өдрүүдэд нойр булчирхайн цочмог үрэвсэл, хордлого зэргээс үүдэж эмнэлгүүдийн ачаалал ихэсдэг гэдгийг эмнэлгийн байгууллагынхан хэлж байв. Тухайлбал, эдгээр баярын үед хуушуур, хорхог, бууз, айраг, архи спиртийн төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг голчлон хэрэглэдэг аж. Энэ нь нойр булчирхайг өвчлүүлэх гол шалтгаан болдог байна.

Тэгвэл нойр булчирхайн үрэвсэл, шалтгаан, урьдчилан сэргийлэх аргын талаар Хавдар Судлалын Үндэсний төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн элэг судлаач Ж.Өнөрбаттай ярилцлаа.

- Нойр булчирхайн талаарх ерөнхий ойлголтыг тайлбарлаж өгнө үү ?

- Нойр булчирхай маань дотоод болон гадаад шүүрэл ялгаруулдаг эрхтэн. Энэ шүүрэл нь хоол боловсруулах эрхтэн тогтолцоогоор орж ирж буй хоол хүнсийг задлан шингээж, бие махбодод хэрэгцээт амин дэм, витаминуудын солилцоонд нөлөөлдөг. Нойр булчирхай бол дангаараа үйл ажиллагаа явуулдаг эрхтэн биш. Харин хоол боловсруулах эрхтэн системтэй холбогддог. Нойр булчирхайн фегментүүд ходоодны гарах хэсэгт уулзаж, хоолыг шингээж, задлах үүрэг гүйцэтгэнэ. Хоол боловсруулах эрхтэн системийн хямралаар нөхцөлдөж нойр булчирхайн үрэвсэл үүсдэг гэсэн үг . Харин нойр булчирхай нь шууд цочмогоор өвдөж болдог. Үүнд хүчтэй хордлого, ходоод улаан хоолойн удаан хугацааны хямрал зэрэг нөлөөлнө.

- Баяр наадмын өдрүүдэд хүмүүс хуушуур хорхог зэрэг өөх тос ихээр агуулсан хоол хүнсийг архи спиртийн төрлийн хүнстэй хамт хэрэглэдэг. Энэ нь нойр булчирхайн үрэвсэл үүсгэх шалтгаан болох уу?

-Наадам, цагаан сар эсвэл ямар нэг амралтаар нойр булчирхай, хоол боловсруулах төрлийн өвчлөл, хордлого ихэсдэг. Үүний шалтгаан нь Монголчуудын буруу хооллолттой шууд холбоотой. Хүмүүс амарч байх үедээ эсвэл баярын өдрүүдэд тасралтгүй иддэг. Харин ажиллаж байх үедээ тодорхой цагт хооллож, ходоодонд тухайн хоолыг боловсруулах, шингээх хугацаа олгож байдаг. Эрүүл хүний ходоод хоосрох хугацаа нойр булчирхай болон цөсний фегментийн ялгарах хугацаа, хоол задрах хугацаа, шимэгдэх хугацаа, биеэс гадагшлах хугацаа гээд бүгд эрхтэн тус бүртээ тодорхой хугацаатай байдаг.

Махан хоол дунджаар 1.5-2 цагийн хугацаанд ходоодонд шингэхэд бэлэн хэлбэрт ороод цааш дамжих нөхцөлийг хангадаг. Тасралтгүй идэх буюу цаг тутамд хооллох ямар нэг зүйл идэж байнга идэх нь нойр булчирхайн фегментийн ялгаралтыг багасгаж, хоол боловсруулалтыг удаашруулдаг. Улмаар нойр булчирхай, ходоод, цөсийг хүчтэй цочроох биологийн идэвхт бодисууд ялгардаг. Тэдгээр нь маш хүчиллэг чанартай, өөрийгөө хүртэл хайлуулах чанартай.

-Монголчуудын дунд хоол идсний дараа хийжүүлсэн ундаа уух, спирт найрлага орсон бусад төрлийн бүтээгдэхүүн хэрэглэснээр хоол шингэлтийг сайжруулдаг гэж ярьдаг. Энэ тал дээр ямар мэдээлэл өгөх вэ. Энэ нь зөв үү?

- Эрэгтэй дунджаар 40 нас, эмэгтэй дунджаар 35-аас эхлэн олон жилийн буруу хооллолтын улмаас нойр булчирхайн фегментийн харьцангуй дутагдалд орсон байдаг.

Жишээлбэл 20 настай байх үед ялгардаг фегментүүд маань 40 настай үед 20 хувь дутуу ялгарах гэх мэт. Нэгэнт ийм дутагдалд орчихсон байхад хоолыг ихдүүлснээр тухайн хоол задарч чадахгүйд хүрнэ. Хоолоо шингээж байна гээд хийжүүлсэн ундаа ууж, архи хэрэглэх нь зөв гэж ярьдаг. Гэтэл хэтрүүлж идсэн хоолоо хүчээр шингээх гэж химийн нэгдэл ашиглах нь ходоодонд хүчтэй хариу урвал явагдах нөхцөлийг бий болгодог. Үүнийг л ходоод нойр булчирхай цөсний хямрал гэж нэрлэдэг.

Халуун өдөр хөнгөн хоол, хүйтэн сэрүүний үед илчлэг ихтэй хоол хүнс идэх ёстой байдаг.

- Ходоод, нойр булчирхай, цөсний хямрал нь ямар шинж тэмдгээр хамгийн түгээмэл илэрдэг вэ?

- Хэрэв энэ хямрал үүсвэл хамгийн ойр байгаа зүйл рүүгээ гарахыг хичээнэ. Энэ нь бөөлжих юм. Тэгэхээр хамгийн анхны хордлогын шинж тэмдэг бөөлжих, дотор муухайрахаар эхэлдэг. Цаашилбал гэдэс гүйлгэх, хатгуулах зовуурь илэрнэ.

- Ходоод, нойр булчирхай, цөсний хямрал, нойр булчирхайн үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд цаашид юунд анхаарах шаардлагатай вэ?

- Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд амаар орж буй бүх зүйлдээ хяналт тавих юм. Иддэг зүйлийнхээ хэмжээг нь бага багаар давтамжийг нь ойрхон идэх ёстой. Хоол идэх давтамжит хугацаа нь дунджаар 3 цаг байна. Энэ хүү 3 цаг дотроо давтан олон удаа хооллохгүй байх шаардлагатай. Мөн хэтрүүлсэн хоолоо хүчээр шингээхгүй байх.

- Нэгэнт нойр булчирхайгаа үрэвсүүлсэн бол хэрхэн эмчлэх вэ?

- Нойр булчирхай маань хайлуулах чадвар сайтай, хүчиллэг фегмент ялгаруулдаг. Хэрэв энэ нь хүндрэх юм бол өөрийнхөө эдийг хайлуулж, гадагш шүүрлээ ялгаруулахаа больж өөрийн суваг дотроо шүүрлээ ялгаруулж өөрийгөө хайлуулж эхэлдэг. Зөвхөн нойр булчирхай хайлаад зогсохгүй ойр орчмын бусад эрхтнүүдийг гэмтээдэг. Нойр булчирхай үрэвссэн үед шат дараалалтай хагалгаа яригдана. Мөн цаашилбал хорт хавдар үүсэх шалтгаан болдог.

- Ярилцсанд баярлалаа.

Нойр булчирхай нь хоол хүнсний зүй бус хэрэглээнээс болж өвчилдөг. Харин уламжлалт анагаах ухаанд хоолны зохилдлогооны талаар хэрхэн тайлбарладаг талаар мэргэжилтнээс тодрууллаа.

"Сүү тараг, цагаан идээ, гүүний саам зэргийг гэсгээж буй түүхий махны хажууд тавих нь хоорондоо үл цохилдож, биеийг хорлоно"

НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Лхагважав: Уламжлалт анагаах ухаанд хоорондоо үл зохилдох идээ ундаа гэж байдаг. Тухайлбал, хүмүүс баяр наадмын үеэр ихэвчлэн чанасан мах, эсвэл хорхог, боодог хэрэглэдэг. Ингэхдээ уурыг нь бүрэн дарахгүйгээр шууд хэрэглэдэг. Энэ нь хоорондоо харшилдаж найруулсан хор мэт биеийг тамирдуулдаг.

Мөн сүү тараг, цагаан идээ, гүүний саам зэргийг гэсгээж буй түүхий махны хажууд тавих нь хоорондоо үл цохилдож, биеийг хорлоно гэсэн үг.

Зуны улиралд байгаль цаг уурын эрхшээлээс үүдэн, хүний бие махбодын арьсны гадаргуу дах нүх сүв бүгд нээгддэг. Энэ үед гадаа хэт их халсан биеийн элчийг уг нүх сүвээр гадагшлуулж, тэнцвэрийг хангадаг. Ингэж биеийн элч гадагшлахын хэрээр ходоодны галын элч /уламжлалт анагаах ухаанд хоол шингээлтийг хэлдэг/ буурдаг. Иймд удаан боловсордог мах махан бүтээгдэхүүнээс татгалзаж, сүү сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэх ёстой. Дангаар нь хэрэглэж болох ч нийлүүлээд хэрэглэвэл найруулсан хор мэт биеийг хямраадаг хоол хүнснээс татгалзах ёстой.

Хүнсний мах нь төрлөөсөө шалтгаалан хүний ходоодонд 4-6 цаг боловсордог. Энэ хугацааг бага байлгах хэрэгтэй.

Манай ард түмэн Үндэсний баяр наадмын өдрүүдэд халуун хуушуур, хорхог идчихээд араас нь айраг, хүйтэн ундаа зэргийг уудаг. Энэ нь хоорондоо цохилдохгүй хоол хүнс учир биеийг хямраадаг.

Бие хямарснаар дархлаа муудаж, шим тэжээлийн бодиос биед бүрэн шимэгдэж чадахгүй нөхцөлийг бүрдүүлнэ. Дархлаа муудсанаар өвчлөмтгий болно. Хүмүүсийн дунд нийтлэг буруу ойлголт байдаг нь махан бүтээгдэхүүн хэрэглэсний дараа хийжүүлсэн ундаа уувал хоолыг задалж шингээдэг гэж ярьдаг. Бидний ходоод хоол хүнсийг дулааны аргаар боловсруулдаг. Гэтэл халуун хоолны араас хүйтэн зүйл уух нь ходоодонд хоол хүнсийг удаах шалтгаан болдог.

Мөн өглөө бүр заавал 7.40-9.40 минутын хооронд хөнгөн хоол буюу аяга ус, цай, талх, өндөг зэргийг хэрэглэх ёстой байдаг. Ингэж өлөн элгээ тайлснаар ходоодны шархлаа бусад өвчлөлүүдээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх таван зөвлөмжийг танилцуулъя

Дэлхийн хэмжээнд жил бүр зургаан сая хүн ямар нэг байдлаар бохирлогдсон хоол хүнс хэрэглэсний улмаас хоолны хордлогоор өвчилж, 420 мянган хүн нас бардаг. Манай улсад 2022 оны эхний зургаан сарын байдлаар 74 хүн өвчилсөн байна.

Хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийн тулд:

- Хоолыг цэвэр байлгах ёстой. Энэ нь гарын ариун цэвэр сахихаас эхэлнэ. Гарын ариун цэвэр сахихын ач холбогдлыг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодитойгоор баталж харуулсан.

- Хүнсийг хийж буй сав суулга, багаж, хүнстэй хүрэлцэж буй бүх гадаргуу цэвэр байх ёстой. Хамгийн гол нь хүнстэй хүрэлцэж буй хүн нь өөрөө эрүүл буюу цэвэр байх ёстой.

- Бүрэн болсон хүнс болон, түүхий хүнсийг тусгаарлах ёстой. Шууд хэрэглэдэг жимс бусад төрлийн бүтээгдэхүүнийг түүхий хүнс буюу заавал халуун боловсруулалт хийж байж хэрэглэх шаардлагатай хүнстэй нэг дор байлгаснаар хоолны хордлого гардаг. Жишээлбэл түүхий мах, болсон мах, түүхий өндөг, болсон өндөг зэргийг хамт байлгаж болохгүй гэсэн үг.

- Хоол хүнсийг гүйцэт чанаж болгох. Нян нь 70-аас дээш хэмд устаж, үгүй болдог. Тиймээс гүйцэт болсон хоол хэрэглэх чухал.

- Хүнсийг зохих хэмд хадгалах. Ямар нэг хүнсний бүтээгдэхүүний хадгалах температурыг алдагдуулснаар тухайн бүтээгдэхүүний шинж чанар алдагдаж, өвчин үүсгэгч үржих таатай орчин бий болдог.

Улаанбаатарт бага зэргийн бороотой
Улаанбаатарт бага зэргийн бороотой
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.