Аялал жуулчлалын улирал эхэлж орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр орон нутгийн замуудад хяналт шалгалтуудыг тогтмол хийж байна. Тодруулбал, нийслэл хотоос дамжин өнгөрөх замууд, дүүргийн алслагдсан гудамж зам болох Өлзийт, Био комбинат чиглэлд хяналт шалгалтыг эрчимжүүлэн, ялангуяа бага насны хүүхдийг зөв тээвэрлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Мөн Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан салбар зөвлөлтэй хамтран зориулалтын суудалгүйгээр хүүхдээ тээвэрлэж явсан 10 гэр бүлд 0-10 насны хүүхдийн биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын суудал бэлэглэж иргэд жолооч нарыг бага насны хүүхдийг зөв тээвэрлэж явах талаар заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Иймд орон нутгийн замд хурдаа тохируулан, 0-10 насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэн явахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.