Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Адъяасүрэн намын дарга болж явсан О.Цогтгэрэлтэй тэнцүү санал авснаас болж АН-ын бүлэг даргаа сонгож чадсангүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 27 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан намын бүлэг даргаа сонгох гэж хоёр хоног “нухаад” барсангүй. Гэхдээ оргүйгээс охинтой нь гэгчээр бул хар “дов” болсон Д.Ганбатыгаа бол огцруулаад амжсан.

Д.Ганбатаас бүлгээ авсан Ш.Адьшаа, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь, Б.Бейсен, Ц.Туваан нарын гишүүд өчигдөр мэдээлэл хийсэн. Гэвч тэд батлуулсан хуульд нь Ерөнхийлөгч хоригийг тавих эсэхийг хүлээх шаардлагатай болсноос болж бүлгийн шинэ даргаа тодруулж чадаагүй гэж худал тайлбар хэлцгээв. Нэг ёсондоо хууль биелүүлж байгаа юм байх. Хориг тавиулах хэмжээний алдаа, завхралтай хууль батлуулсан юм уу, аль эсвэл хориг тавигдаад Д.Ганбатыг бүлгийн даргаараа үлдээсэй гэж хүсээд байгаа хэрэг үү. Тэгж яривал дарга сонгох болохоороо хориг хүлээж хууль биелүүлдэг, Д.Ганбатыг огцруулах болохоороо хориг хүлээдэггүй нь хаанахын ёс юм бэ. АН-ын бүлгийн гаргасан энэ мангар тайлбарыг жинхэнээсээ ойлгосонгүй.

Үнэн хэрэгтээ 11 хүнтэй АН-ын бүлгээс хэт олон хүн бүлгийн дарга болохоор зүтгэснээс л хамаг хэрэг мандсан. Тодруулбал, даваа гарагт хуралдсан АН-ын бүлгийн хуралд 9 гишүүн оролцов.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Адъяасүрэн, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Ж.Батсуурь нарыг бүлгийн даргад дэвшүүлсэн ч эцсийн мөчид гол өрсөлдөөнд А.Адъяасүрэн, Н.Ганибал, О.Цогтгэрэл гурав тунан үлджээ. Ингээд санал хураахад хуралд оролцсон гишүүд нэр дэвшигчдэд гурав, гурван санал өгч, санал тэнцжээ.

Ингээд үдэш болтол дэмий хэрэлдсээр тарав.

Хуулиа батлуулахын тулд тэд Ардын намынхны хөлд сөгдөхөөс бусдыг хийсэн. Гэтэл яг гарман дээрээ ирээд хамтдаа явж ирсэн ЖАН-гийнхан нь хоёр биш гурав хуваагдсан нь гаслантай. Ялангуяа намын дарга болохоос эхлээд бүлгийн даргаа огцруулах хүртлээ зүтгэсэн О.Цогтгэрэлийн хувьд хамгаас илүү харамсалтай байгаа нь гарцаагүй.

Тэгвэл бүлгийн хурлын үеэр магадгүй хэний ч тооцоолоогүй. Бүр төрд байтугай төлөг маллахад ч нэмэргүй хэмжээнд үнэлэгдэж байсан А.Адъяасүрэн жинхэнэ “билүү морь” байлаа. Түүний хувьд бүлэг дотроо чимээгүйхэн хэрнээ хүчтэй өрсөлдөөн үзүүлчихлээ. Дөнгөж саяхан л нэг муу хэрүүлтэй бүлэг байтугай, Ардчилсан намын дарга болж байсан О.Цогтгэрэлтэй энэ тэнцүү өрсөлдөөн үзүүлж утгаар нь “хэрэг” тарив. О.Цогтгэрэл гишүүн хэдийгээр Женко талаас АН-ын даргаар томилогдсон ч гэсэн гишүүдийн олонх, дэмжигчдийн цөмийг бүрдүүлж буй хэсгээс тодорч, гялтайсан хүн.

Өөрөөр хэлбэл, бүлгийн даргаа огцруулах хуулийг оройлон батлуулсан О.Цогтгэрэл бүлгийн дарга болох магадлал нь бусдаасаа хавь илүү гэж улс төрийн хүрээнийхэн ярилцаж байв. Гэвч эхний удаад А.Адъяасүрэн гэх шавилхан биетэй эмэгтэйг барсангүй. Харин ирэх намар бүлгийн даргын асуудал нь хэрхэн өрнөж, хэн дарга болох юм бол доо.

Г.Лхагвадорж

Н.Эрдэнэхүү: Өөрсдийнхөө хэмнэсэн мөнгөө хөрөнгө оруулалт болгож жүжигчдийн хандивласантай ижил хоёр аппарат нэмж авна
Н.Эрдэнэхүү: Өөрсдийнхөө хэмнэсэн мөнгөө хөрөнгө оруулалт болгож жүжигчдийн хандивласантай ижил хоёр аппарат нэмж авна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.