Япон улсын топ 3 үүрэн телефоны оператор компанийн нэг KDDI Corp-ийн сүлжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд доголджээ. Үүний үр дүнд 39 сая гаруй хүн дуудлага хийх, нийтийн тээврээр үйлчлүүлэх, далай тэнгисийн цаг агаарын мэдээлэл авах, АТМ ашиглан бэлэн мөнгө авах боломжгүй болжээ.
Шинжээчдийн дүгнэлтээр Бямба гаригийн шөнийн 01:35 цагт дуудлагын програмд үүссэн алдаа нь үүрэн телефоны системийг бүхэлд унагах хүчин зүйл болсон бөгөөд инженер техникийн мэргэжилтнүүд системийн алдааг засварлахаар 40 цаг тасралтгүй ажиллаж, хэвийн горимд нь оруулж чаджээ.
COVID-19 цар тахал, газар хөдлөлт, цунами зэрэг байгалийн гамшигт үзэгдэлд эмзэг буй Япон Улсын хувьд KDDI Corp-д тохиолдсон энэ явдал нь харилцаа холбооны системийн найдвартай ажиллагаа, цахим дэд бүтцийн хөгжүүлэлтийн асуудал хэчнээн чухал болохыг анхааруулж байна.