Хаврын чуулганаа энэ лхагва гарагт хаахаар төлөвлөөд буй эрх баригчид ҮХНӨ-ийн асуудлаар төдийлөн дорвитой алхам хийж чадахгүй бололтой. Угаас Ж.Мөнхбат, Т.Доржханд тэргүүтэй хэдэн идэвхтнүүдээс бусад нь ҮХНӨ дээр яг ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй хэвээр байгаа. Үндсэн хууль ярьж байгаа бол улс төрийн намуудтайгаа, сөрөг хүчинтэйгээ, Ерөнхийлөгчтэй, тэр ч байтугай нам доторх сөргүүдтэйгээ ч гэсэн ойлголцох даалгавар үүсдэг.
Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар ҮХНӨ ерөнхийдөө удааширч, гацаанд орох тал руугаа хэдийнээ явсан байна. Учир нь дээр дурдсан олон талын төлөөллүүдтэй төдийлөн ойлголцож чадахгүй байгаа аж.
Тиймээс ҮХНӨ хийх ажлыг зогсоож, ирэх намар “Давхар дээл”-тэй холбоотой гомдлыг ҮХЦ-ээр хэлэлцүүлж гишүүдээ “давхар дээл”-тэй болгох хувилбарыг бэлтгэж эхэлжээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2022.07.27/ ҮХЦ-ийн Их суудал хуралдаж холимог тогтолцоог хэрэглэх боломжийг бүрдүүлсэн. Мэдээж үүний цаана эрх баригчдын нөлөө ороогүй байна гэж байхгүй. Цэцийн шийдвэрээс болж Т.Доржханд тэргүүтний ярьж байсан ҮХНӨ-ийн гол амин сүнс нь утгагүй болж хувирсан. Ингэснээр намраас хүсвэл гишүүдийг “давхар дээл”-тэй болгох боломж бүрдэж буй юм. ҮХЦ дээр байгаа иргэн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын “давхар дээл”-тэй холбоотой гомдлыг хэлэлцэхэд бэлэн байгаа. Эрх баригчид хүсэх л юм бол асуудлыг хэзээ мөдгүй шийднэ. Уг нь энэ асуудал ҮХНӨ хүртлээ явахгүйгээр өнгөрсөн өвөл Цэц дээр сонгуулийн тогтолцоог Т.Доржхандын гомдлоор, “давхар дээл”-ийг АН-ын гишүүдийн гаргасан гомдлоор шийдчих боломж байсан. Гэвч дунд нь Ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын дарга нар “хар муур” гүйлгэж Цэц дээрх ажиллагааг нь зогсоосон. Ерөнхийлөгчийн дахин сонгогдох хүсэл, Ц.Нямдоржийн сайдын суудлаа алдахгүй гэсэн тэмцэл хоёр нийлсэн гэхэд хол зөрөхгүй.
Тэгвэл энэ удаад ҮХНӨ нь мухардах тал руугаа хандаж өнгөрсөн өвлийн арга руугаа шилжихээр болсон бололтой.
ҮХНӨ явахгүй байхад маш олон зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, Сү-гийн фракц, Засаг дарга нарын фракц болон Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нарын эсэргүүцэгчдийн тоо “толгой” олширсон. Ерөнхийлөгчийн хүсээд байгаа парламентаас дахин сонгогдох боломжийг нь нээчихвэл ҮХНӨ нь тэр чигтээ муухай харагдана. Дээр нь үнийн өсөлт, хил гаалийн гацаа, бензин шатахууны үнийн хөөргөдөл иргэдийг ҮХНӨ-д анхаарал хандуулах боломжгүй болгосон зэрэг нийгмийн асуудлууд тулгарсан.
Тиймээс эрх баригчид наадмын дараа наймдугаар сард ээлжит бус чуулган зарлаж ҮХНӨ-ийг ярих нь эргэлзээтэй болж байна. Цаг хугацааны хувьд ирэх наймдугаар сардаа багтаан эхлүүлж, есдүгээр сарын дунд гэхэд ҮХНӨ-ийг эцэслэхгүй бол амжихгүй. Засгийн газрын шинэ бүрэлдэхүүн, ирэх оны төсөв гээд ирэх намар, өвөл ҮХНӨ шиг томоохон асуудлыг хэлэлцэж шийдэх зав байхгүй. ҮХНӨ-ийг нэг ярьсан бол тасралтгүй хэлэлцсээр батлах учиртай. Хэлэлцүүлэг нь багадаа сарын хугацаа хугацаа зарцуулна. Ингээд сонгуулийн өмнөх жил ҮХНӨ-ийг хийх боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ зунаас өөр ҮХНӨ-ийг хийх цаг эрх баригчдад үлдсэнгүй.
Ерөнхий сайд, генсек тэргүүтэй төв намаас ҮНХӨ-ийг явуулахаар хичээж буй нийтлэг үйл хөдлөл улс төрд ажиглагдаж буй. Гэвч энэ бол гаднах дүр. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр дотроо юу тооцоолж буйг таахад бэрх. Үнэндээ сонгуулийн тогтолцоог холимог байна гээд Үндсэн хуульдаа оруулах нь МАН-ынханд л ашиггүй. Т.Доржхандын яриад байгаа сонгуулийн тогтолцоо нь МАН-д гай л болно. Хэрвээ сонгуулийн тогтолцоогоо өөрчлөөд холимог тогтолцоо руу шилжчихвэл тэдний олонх болох боломж л багасна. Дээр нь эдийн засгийн нөхцөл байдал ирэх жилүүдэд улам хүндэрнэ.
Өөрөөр хэлбэл, улсаа бодвол ҮХНӨ-ийг хийгээд сонгуулийн тогтолцооноос эхлээд олон асуудлыг өөрчлөх хэрэгтэй. МАН өөрсдийгөө бодвол ҮХНӨ-ийг гацаах нь зүйтэй. Угаасаа Цэцээр бүх асуудлаа шийдүүлэх боломж тэдэнд бий.
Г.Лхагвадорж