Нэхүүл хөдөлгөөний тэргүүн Л.Отгонбатыг Дундговь аймгийн нутгийн өөрөө удирдлагын нэр бүхий албан тушаалтнуудтай үгсэн хуйвалдаж, ашигт малтмал олборлох зөвшөөрлийг хууль бусаар гаргуулан авч үйл ажиллагаа явуулсан гэх мэдээлэл гараад буй. Ингэхдээ хууль бусаар үйл ажиллагаа явуулахдаа эсэргүүцсэн нутгийн иргэдийг айлган сүрдүүлж байна гэх мэдээлэл ч тархаад буй юм. Тэгвэл эл мэдээллийн мөрөөр хууль бус ашигт малтмал олборлож, байгаль орчныг сүйтгэсэн, их хэмжээний ашиг олж мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр Л.Отгонбатыг Экологийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ. Энэ талаар Экологийн цагдаагийн албанаас тодруулахад "Шалгалтын ажиллагаа мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна. Дууссаны дараагаар албан ёсны мэдээлэл өгнө" гэлээ.