Энэ онд Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс эхлэн нэгдсэн вэбсайтаас цахимаар худалдан авах боломжтой болсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тасалбар захиалга 2022 оны долоодугаар сарын 1-ний 11:00 цагт eNaadam.mn сайт дээр идэвхжих ба вэбсайтад албан ёсны бүртгэлээ урьдчилан үүсгэсэн байх шаардлагатай. Нэг хэрэглэгч үүсгэсэн бүртгэлээ ашиглан хамгийн ихдээ хоёр тасалбар худалдан авах боломжтой юм.
Тасалбар захиалга баталгаажсаны дараа та бүртгэл дээр оруулсан хаягаараа тасалбараа хүргүүлэн авч болно. Мөн уг сайтаар дамжуулан Хүй долоон худагт автомашинаа байршуулах зогсоолын эрхээ ч баталгаажуулах боломжтой. ЭНД дарж бүртгэлээ үүсгэнэ үү.
Тасалбар, зогсоолын зөвшөөрлийн тоо цөөн, худалдан авах хүсэлтэй хүний тоо их байдаг тул цахим захиалгаа амжилттай хийхэд тань туслах заавар мэдээллийг хүргэе.
- Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагт eNaadam.mn сайт дээр эхэлнэ.
- Ухаалаг утас, вэб сайт ашиглан цахимаар тасалбар захиалах боломжгүй байгаа бол танд туслах боломжтой хүмүүст эртнээс хандахыг сануулъя.
- eNaadam.mn вэбсайт руу захиалга хийхээс аль болох өмнө нэвтрэн орж, урьдчилан бүртгэлээ үүсгэсэн байх.
- Захиалах тасалбар, авто зогсоолын зөвшөөрлийн тоо хязгаартай! Нэг хүн 2 тасалбар, 5 зогсоолын зөвшөөрөл захиалах боломжтой.
- Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 10 минутын дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 10 минут өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
- Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
- Үнийн хувьд сүүдрэвчтэй суудлууд 52,500, сүүдрэвчгүй нь 42,000 төгрөгийн сонголттой. Энэ нь хоёр өдрийн буюу долдугаар сарын 11-ний нээлт эхлэхээс 12-ны хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.
- Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.
- Захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан бий.
1. Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, дансны үлдэгдэл, интернэтийн тасалдал зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
2. Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
3. Төлбөрөө дутуу төлсөн.
Иймээс “Таны төлбөр амжилттай төлөгдлөө” гэсэн төлөвийг төгсгөлд нь гарч ирж байгаа эсэхийг заавал шалгах шаардлагатайг сануулъя.
Үндэсний их баяр наадмын тасалбарыг Коди ХХК-тай хамтран, тэдний програм хангамжид суурилан борлуулна. Коди ХХК-ийн зүгээс систем унахгүй, гацахгүй, нэг дор нэг сая хүн зэрэг хандах боломжтой гэх баталгаа өгч байгаа юм. Үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээ мэдээллийг eNaadam.mn, болон Naadam 2022 сошиал хуудсуудаас цаг алдалгүй авах боломжтой.
Үндэсний их баяр наадмын албан ёсны вэбсайт болох eNaadam.mn-ээр үйл ажиллагаа, автозогсоолын зөвшөөрөл зэрэг үндсэн үйл ажиллагаатай холбоотой захиалга, зөвшөөрлүүд худалдаалах ба баяр наадмын комиссоос гаргасан нийт 8 мянган тасалбар зарагдана. Түүнчлэн уг сайтад баяр наадмын хөтөлбөр, 21 аймгийн мэдээлэл багтжээ.