Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичигт нийцүүлж “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ төсөл нь “Баруун терминал”-ын цогцолбор, 5.5 км урттай Туул гол дамнасан гүүр бүхий эко өргөн чөлөө-авто зам, Ард түмний цэцэрлэгт хүрээлэн зэрэг гурван үндсэн төслөөс бүрдэнэ.
Улаанбаатар хотыг баруун зүгт тэлж хөгжүүлэх энэхүү төсөл нийтдээ 10 мянга гаруй га талбайг эзлэх юм. Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийг дамнан хэрэгжих юм. Нийслэл хотын барилгажсан талбар 1990 га орчим талбайг эзэлдэг учраас нягтрал, түгжрэл их байдаг. Тиймээс ч “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх нь ач холбогдол өндөртэйг холбогдох мэргэжилтнүүд тодотгож байна. Төсөл хэрэгжүүлэх талбарт хөнгөн хийцтэй барилга байгууламж, үйлдвэрүүд оршдог.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: Нийслэлийн дүүрэг бүрд бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, ард иргэдийн ая тухыг хангасан цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Зөвхөн энэ талбарт гэхэд эхний ээлжид 30 га, дараа нь 70 га, нийтдээ 100 орчим га талбайд ногоон байгууламж бүхий Ард түмний цэцэрлэгт хүрээлэнг байгуулах юм. Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэд чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх боломжийг олгоно.
Нийслэлийн баруун бүс болох Яармаг, Нисэх, Сонсголон, Гурвалжингийн гүүрнээс баруун тийш Өнөр бүс, Өнөр хорооллын арын дэнж, 22-ын товчооноос эргээд Сонгинохайрхан уулын бэлийг багтаасан 10 мянга гаруй га талбарт нийт 800 мянгаас нэг сая хүн амьдран суух хотын төлөвлөлтийг хийсэн. Энэхүү хотод хонгилын системийг байгуулахаас аргагүй.
Урин дулааны улирал ирэхээр шугам сүлжээ засварлах гэж халуун ус тасаллаа, барьж байгуулсан замаа сэтэллээ хэмээн шүүмжилдэг. Тиймээс ирэх 30 жилийн төлөвлөлтийг шинжлэх ухаанч байдлаар төлөвлөж байгаа.
Өнөөдрийн хувьд бид тэрхүү шинэ хотын тохижилтын хамгийн түрүүнд хийгдэх босоо чиглэлийн авто замын трассыг үзэж байна. Түгжрэл бууруулж, төвлөрөл сааруулахад онцгой нөлөөтэй энэхүү зам бол хөгжлийн зам байх юм. Яармаг орчмын түгжрэлийг бууруулахын дээр автобусны том терминал байгуулахад дөхөм болох зам. Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг дэмжиж, өргөн хүрээгээр оролцуулах бодлогыг бид барьж байна. Энэ бодлогод ч нийцсэн нэгэн сайхан бүтээн байгуулалтыг хийнэ гэдэгт итгэлтэй байгаа.