Жэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар очсон Монгол Улсын 23 жуулчин аяллын хуваариа дуусгаад холбоо тасарсан гэх мэдээлэл цацагдаад буй. Тодруулбал, энэ сарын 22-ны өдөр эрүүл мэндийн шинжилгээний хөтөлбөртэй аяллын чиглэлээр очсон 150 монгол жуулчны 23 нь сураггүй болсон гэх.
Тэд 4 шөнө 5 өдрийн аялалтай байсан бөгөөд аялалаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөсөн ч аяллын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр сураггүй болсон гэх мэдээлэл байгаа юм.
Тэгвэл албан ёсны эх сурвалж болох БНСУ-ын Аялал Жуулчлалын ТӨК-өөс тодруулахад "Энэ сарын 22-ны өдөр БНСУ руу 150 монгол иргэн хилээр нэвтэрсэн байна. 5 иргэн хүндэтгэх шалтгаантай байсан. Тухайлбал, хоёр иргэн нь коронавирусийн халдвар авч тусгаарлагдан тусгаарлалтын хугацаа дуусахыг хүлээж буй. Хоёр иргэн нь Сингапур руу дамжин явахаар тасалбараа захиалсан. Нэг иргэн нь аяллын үеэр паспортоо гээсэн бөгөөд шинэ паспорт захиалаад буцахаа хүлээж байгаа.
Харин 18 иргэн холбоо тасарсан. Тус иргэдийг одоогоор визний зөрчилтэй гэж үзэх боломжгүй. Учир нь Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул долоодугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгалах боломжтой. Мөн жэжү арал руу тогтмол хуваарьт нислэг байдаггүй тул БНСУ-ын Гадаад иргэн харъяатын газраас захиалгат нислэгээр ирсэн жуулчдын тус онгоцоороо буцах журам хэрэгжүүлдэг тус тус жуулчид ирсэн онгоцондоо суугаагүй, мөн ямар нэгэн тодорхой хүдэтгэх шалтгаан хэлэлгүй алга болсон хууль бусаар оршин суух магадлалтай гэж үзээд байгаа болно" хэмээлээ.
Харин ГХЯ-наас тодруулахад "Одоогоор БНСУ-ын талаас албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй байна. Цагдаагийн газраас эрэн сурвалжилсан гэх мэдээлэл ч байхгүй. Энэ хүмүүс энэ сарын 22-нд Жэжүд очсон. Долоодугаар сарын 21-нд визгүй зорчих хугацаа нь дуусна. Жэжүд Монгол Улсын иргэд 30 хоног визгүй зорчих боломжтой. Тиймээс визний зөрчил гаргасан гэж хэлэхэд эрт байна. Долдугаар сарын 9, 14-нд Жэжүгээс наашаа нислэгтэй. Тиймээс тэрэнд амжаад ирчих байх гэж найдаж байна" гэлээ.
Ташрамд дурдахад, тус иргэд хугацаандаа эх орондоо буцаж ирснээр дараа дараагийн аялагчдад хилээр нэвтрэхэд асуудал үүсэхгүй байх юм. Учир нь манай улс Жэжү рүү визгүй, мөн ирэх аравдугаар сарын 1-нээс ЯньЯн руу визгүй зорчих боломжтой болсон. Хэрвээ дээрх 18 иргэн визний хугацаагаа дуусахаас өмнө ирэхгүй дээрх улсууд руу визгүй зорчих, дараагийн аялагчид явах боломжгүй болох зэрэг асуудал үүсэх юм.