Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дефолт айсуй

Ангилал
Нийтлэлч
Огноо
Унших
5 минут 24 секунд

2023 онд Монгол Улс дефолт зарлана, эсвэл валютын сангийн хөтөлбөрт орно. ОУВС-ын хөтөлбөр урд урдынхаас илүү хатуу нөхцөлтэй байх болов уу. Бүх халамжийг зогсоох, нийгмийн даатгалын санг татан буулгах, ипотекийг зогсоох, банк санхүүгийн салбарт гадныхан орж ирэх гэх мэт. Ахмадууд, нийгмийн доод давхарга хамгийн их хохирно. Уг нь халамж нүдээ олбол тийм ч муу бодлого биш. Манай дарга нар л өрийг өрөөр овоолж хэтэрхий муухай болгосон болохоос бүх халамж буруу биш л дээ.

Одоо харин дахиж өрийг өрөөр овоолох зай үлдээгүй. ДНБ-ээсээ 3 дахин их өртэй лүүзэр улсын бондыг худалдаж авах адгийн тэнэг байхгүй. Том хуйвалдаан, стратегийн ордуудаа туудаггүй л юм бол бидэнд дээрх 2 сонголт л байгаа. Хоёр Хүрэл даргынхаа үйлийн үрийг бүх нийтээр амсах цаг асуй. 9 их наядын өр дарлаа гээл шоудаад байсан. Үнэндээ дарагдсан өр 1 ч байхгүй. Зүгээр сонгуульд ялахын тулд, зүгээр л ерөнхийлөгч болохын тулд энэ улсын эдийн засгийг дэндүү муухай зольсон доо. Одоо тосгоныхон яг сайхан заасан замаар нь улсаа хорлоод явж байна. Бүр нэмээд татварын өрийг эрүүгээс хассан, гүтгэх доромжлохыг иргэний маргаан болгосон гэх мэт ардчилсан улсууд, олон улсын байгууллагаас бидэнд байнга сануулж хэдэн парламент дамжиж арай гэж баталсан эрх зүйн дэвшлүүдийг өсгийдөн дарах боллоо. Тэд үнэхээр энэ улсад эзэн суугаад бүхнийг дохио зангаагаар удирдахаар шийдчихэж. Хоёрдугаар Чингис хаан, Ким жон ун айн...?

Манай ДНБ 12-13тб $. Гадаад өр 33 тб$. Бас болоогүй ээ өөрсдийгөө хуураад энэ нь Засгийнх тэр нь банкных энэ нь оюутолгойнх гээд ангилчихсан. Эцэстээ бүх өр засаг дээр бууна. Өөр яриа байдаггүй юмаа найзуудаа. Ийм улсад хэн ч хөрөнгө оруулалт хийхгүй, оруулсан нэг нь барьцаа ахиулах гэж гэдийнэ. Рио тинто чинь хайчинд оруулж биднийг бөхийлгөх өдрөө анаад сууж байгаа. Дараагийн ерөнхий сайд нь Сайханбилэг шиг дахин нэг дубайн гэрээ зурах вий. Түүх давтагдана гэхдээ илүү муугаар.

Дотоодын эх үүсвэр гэж юу байгаа билээ? Энэ Улсад мөнгө эргэлдүүлж байгаа цог зальтай бүхнээ зодоод, тамлаад шоронд хийхийг нь хийчихлээ. Төрд нүх байвал ашиглая гэж шунах нь ямар ч бизнесмэнд байх л араншин. Төртэй хутгалдаж ашиг олсон, эсвэл их мөнгө зээлээд төлж чадаагүй бүхнээ гэмт хэрэгтэн гэж тооцвол энэ улсын шоронгийн даац хүрэлцэхгүй. Тэнд төрийн зардлаар хооллож байснаас хэдэн доллар атгуулаад казино тоглуулбал мөнгө олоод ирэх сүүхээтэй хүмүүсээ бүгдийг нь шоронд хийгээд амар сайхандаа жаргах юм биздээ.

Төрийн алба, нам гэж тэр чигээрээ баялаг бүтээдэггүй том сав байна. Хөдөлмөрийн насныхан тэн хагас нь нам, тэн хагас нь төрийн алба боллоо. Хэн баялаг бүтээх вэ? Хэн ажил хийх вэ? Хэн татвар төлөх вэ? Бүгдээрээ сайхан нам засаг хоёртоо заяагаа даатгаад хагас өлмүүн тосгоны амьдралруу явж болно л доо.

Тэмцэх, бяцлахаас өөрөөр ургуулах, өсгөх (мод биш) ухаан тосгоны хэдээс шавхаад шавхаад гарахгүй нь дээ. Засаг тогтворгүй байх мэдээж муу. Гэхдээ муу засаг тогтвортой байх түүнээс ч муу юм шүү. Жаахан эрдэм боловсрол үнэрлэсэн хүмүүст эрх мэдлийг нь өгөөсэй. Эртхэн дефолт зарлаж хямралын менежментрүү ороосой.

Хамгийн егөөдтэй нь ард түмэн Тосгоныхон, Хүрэл дарга нараа хэзээ ч ийм хорлол хийсэн гэж ухаарахгүй. Аль ч нийгэм анархи байдаг нь ертөнцийн хууль. Хүмүүс аль болох бага ажиллаж их идэхийг л хүсдэг. Энэ бүх овоолсон баасыг цэвэрлэх дараагийн хүмүүс л үйл тамаа үзнэ. Өмхий үнэртээд байна, өлсөөд байна гээд ард түмэн байнга балбана. Хүрэл даргын үед өр зээлээ тэглүүлж явлаа, ус дулаанаа даалгуулж явлаа гэж агсамнана. Аргетиныг нураасан Хуан ферон, Венесуэлийг хоосолсон Уга Чавес нарт ард түмэн нь жигтэйхэн их хайртай гэх юм билээл...

С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй
С.Амарсайхан: Өнгөрсөн жил барилдсан бөхчүүдээс нэг нь ч цол авах боломжгүй
 
ТАНИЛЦ: Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэж, эдийн засгийг тэлэх 14 мега төсөл
ТАНИЛЦ: Нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэж, эдийн засгийг тэлэх 14 мега төсөл
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.