Үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар ҮХНӨ оруулах асуудлаар иргэдэд мэдээлэл хүргүүлэх тухай тогтоолын төсөл хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Улстөрийн намууд буюу нийт 15-16 нам гарын үсэг зурж, албан тоот хүсэлт илгээсэн. Мөн УИХ-ын зарим гишүүд, иргэдийн хоёр гурван удаагийн жагсаалаар илэрхийлсэн хүсэлт, шаардлагыг нэгтгэж, иргэдийнхээ санаа бодлыг сонсоё гэж байгаа. Хэрвээ иргэд ҮХНӨ хийгээд хэрэггүй гэвэл хуулийн төсөл боловсруулахгүй. Хийх нь зөв гэвэл цаашдаа төсөл боловсруулах байдал руу орно" хэмээлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Тогтоолын төслийн нэр нь ҮХНӨ оруулах асуудлаар гэсэн байна. Нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг өргөн мэдүүлсэн хуулийн төсөлгүйгээр хэлэлцэж болохгүй. Тэгвэл Үндсэн хууль зөрчсөн болно гээд журмын тухай хуульд заачихсан. Үүнд яаж ч тайлбарлаад нэмэргүй. Үндсэн хуулийн 3-т "Шууд сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа ард түмэн төрийн эрх барина" гэж байна. Ер нь нам сонгоно гэдэг чинь намаа сонгуулчихаад ард нь ард түмэнд нэр нүүрээ барсан, ахиж сонгогдох боломжгүй, банкны хулгай зэрэг элдэв юманд хутгалдсан нөхдүүд л гараад ирнэ. Эсвэл өмнө нь ард түмэнд шүүгдчихсэн нөхдүүд дахиж орж ирнэ" гэлээ.