Гутал, хувцас, гар утасны дагалдах хэрэгсэл гэх мэт төрөл бүрийн бараа захиалж урьдчилгаа мөнгө шилжүүлээд бараагаа ч авч чадаагүй, мөнгөө авч чадаагүй тохиолдол таны эргэн тойронд байгаа л байх. Бага мөнгөн дүнгээр урьдчилгаа өгсөн учраас иргэд хууль цагдаагаар ч явахгүй, тэгсгээд зөнд нь орхидог. Ганц, хоёр тооны гутал, хувцас, ахуйн хэрэглээний барааг тоохгүй байж ч болох олон арван хүний захиалгын урьдчилгаа нийлвэл залилагчид нэг том орлого болдогийг тооцоолж байхад илүүдэхгүй.
Онлайн захиалгын гэмт хэргийг монгол эмэгтэйчүүд сошиэл орчинд захиалга авах замаар хийж байгаа бол нөгөө талд жижиг хэмжээнээс давсан томоохон онлайн захиалгуудаар байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүсийг хохироосон хэргүүдийг гадны иргэд хуурамч сошиэл хаяг, компанийн вэб сайт, мэйл ашиглан үйлдэж байна. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс өгсөн мэдээллээр он гарсаар онлайн захиалгын залилангаар 1476 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн бол эдгээрээх 83 эрүүгийн хэрэг мөрдөн байцаах ажиллагаанд шалгагдаж байгаа гэнэ. Задалж үзвэл эдгээр хэрэгт холбоотой залилагч нарын 50,5 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол нь АНУ, Польш, Япон, БНХАУ-аас хуурамч цахим хаяг ашиглан үйлдсэн, эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргүүд байна. Тэр дундаа онлайн захиалгын залиланг ихэвчлэн Хятад, Өвөрмонголын хуурамч компаниудын нэрээр, хамтран ажиллах гэрээгээр халхавчлан үйлдэж байна.
Онлайн захиалгын залилан дотроо бас илгээмж, компанийн бараа бүтээгдэхүүн түүхий эд материал нийлүүлэх, гар утас их хэмжээгээр борлуулах нэрийдлээр гэх мэтээр өөр өөр байдлаар үйлдэгдэж байна. Энэ хэргүүдийн заримаас дурдъя.
-Дипломат илгээмж явуулсан гэж 90 саяыг залилжээ-
Олон улсын цэргийн байгууллагын түрүүч цолтой гэх нэр, зурагтай хаягнаас өөрийгөө Лив улсад байлдаж байгаа гэж итгүүлэн Монгол улсын иргэн И-тэй цахимаар харилцаа тогтоож Исламын Бүгд Найрамдах Улсын нуусан их хэмжээний бэлэн мөнгө болох 4,430,000 ам.долларыг дипломат илгээмжээр явуулсан гэж итгүүлэн илгээмжийн зардалд 6 удаагийн үйлдлээр нийт 27,750 ам.доллар Бүгд Найрамдах Турк Улс руу шилжүүлэн авч залилжээ. Үүний цаана нэг хүн биш, байгууллагын зохион байгуулалтанд орсон залилангийн улс дамнасан бүлэглэл ажиллаж байгаа гэдгийг сануулах нь зүйтэй юм.
-Бараа бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж 200 сая төгрөг залилжээ-
БНХАУ-ын Сав баглаа, боодлын үйлдвэр гэсэн нэр барьж, хуурамч онлайн хаяг үүсгэн их хэмжээний сав, баглаа, боодол Монгол руу ачуулах гэж байна гэж иргэн О-д итгүүлж нийт 68,780 ам долларыг Бүгд Найрамдах Турк Улсын KuveytTurk банкны дансаар шилжүүлэн авсан хэрэг гарчээ. Хэрвээ хохирогч тухайн үедээ Хятадын сав баглаа боодлын үйлдвэр яагаад Турк улс дахь банк руу мөнгөн гуйвуулгыг шилжүүлж авч байна вэ? гэж бодож үзээд, нягталж шалгасан бол 200 орчим сая төгрөгөөр хохирохгүй байж болох байсан.
-Тоног төхөөрөмж захиалж, 127800 юань шилжүүлсэн ч ор сураггүй болжээ-
Хувь хүн ч биш байгууллагаад, аж ахуй нэгжүүд онлайн залилангийн хохирогч болох тохиолдол маш их байна. Яг ийм хохирол амссан 5 байгууллага цагдада гомдол гаргасан байна. Жишээ нь иргэн Б-ийн удирддаг компани л гэхэд ӨМӨЗО-ны тоног төхөөрөмжийн компанитай худалдан, худалдан авах харилцаанд орж, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж худалдан авахаар тохирч “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан Эрээн хотруу 5 удаагийн үйлдлээр нийт 127,800 юань “BANK OF INNER MONGOLIA” банк дахь дансанд шилжүүлсэн боловч одоог хүртэл захиалсан тоног төхөөрөмж болон мөнгөө авч чадахгүй эрүүгийн хэрэг үүсээд байна.
-Жүжигчний нэр зургийг ашиглан гар утас хожсон гэж залилан хийсэн хэрэг гарчээ-
“Жүжигчин...” гэсэн хаягтай facebook ашиглан Iphone Xs Max 256 GB гар утас, Samsung S-10 гар утаснуудыг 99% хямдруулж авах эрх хожсон байна гэж зохиомол байдлыг бий болгон иргэдээс 1% төлбөрийг бусдын Хаан банкны дансаар авч залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад 187 удаагийн үйлдлээр нийт 13,803,925 төгрөг бусдаас залилан авсан нь тогтоогдсон байна.
Онлайн захиалгын залилангийн улмаас хохирсон байгууллага, хувь хүмүүсийн нийт хохирлын хэмжээ юань, доллараар тооцвол 4,5 тэрбум, монгол төгрөгөөр бол 15,3 тэрбумаар хэмжигдэж байна. Харин 2012 оноос хойш 10 жилийн хугацаанд зманай улсад нийт гарч байгаа алилангийн гэмт хэргийг улмаас 536.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирснаас ердөө 129.3 тэрбум төгрөгийн хохирлыг л нөхөн төлүүлсэн байна.
Ер нь ковидын хөл хорионы улмаас онлайн захиалгын залилангийн хэрэг сүүлийн 2 жилд огцом өссөн үзүүлэлттэй байна. Хүмүүс зөвхөн онлайн хуудсуудад захиалга хийж залилуулаад зогсохгүй компаниуд хүртэл хамтран ажиллах нэрээр захиалга хийж залилуулан хөрөнгө мөнгөөрөө хохирч байна. Залилагч завшиж, хохирогч хор хохирол, сэтгэл санаа, итгэл, эрүүл мэндээрээ хохироод үлддэг.
Хамгийн эмгэнэлтэй нь хохиролыг 100 хувь барагдуулна гэж огт байдаггүй. Зарим нь бүр хэзээ ч олдохгүйгээр улс үндэстэн дамнаж алга болдгоороо бусад төрлийн хэргүүдээс ялгаатай байгаа юм.
Буцах хаягтай, Буух эзэнтэй газруудад л онлайн захиалга өгөхгүй бол залилагч нарын арга улам уран нарийн болж, итгэмээргүй хэргүүд ар араасаа гарсаар л байна.