"Алтан Дорнод Монгол" ХХК-ийн захирал Т.Ганболд Х.Гаажидтай гэрлэсэн гэрлэлтийн гэрчилгээгээ устгуулсан асуудал гараад буй. Улмаар албан ёсны эхнэр нөхөр биш тул эд хөрөнгөө хуваахгүй нөхцөл байдал үүсээд байгаа талаар түүний эхнэр Х.Гаажид мэдэгдээд байсан. Тиймээс Х.Гаажид Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Х.Гаажид ялалт байгуулжээ.
Энэ тухайгаа тэрбээр "Т.Ганболдын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын байцаагчаар устгуулсан гэрлэлтийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр үлдээлээ. Одоо Ганболдод Дээд шүүх дээр давж заалдах 28 хоног бий. Ичих булчирхайгүй юм чинь давж заалдах л биз. Хамаагүй ээ. Монголын шүүх шударга ажилладаг гэдгийг харлаа.
Хэрвээ бүх юм нь ойлгомжтой бол Дээд шүүх бүр хэлэлцэлгүй, өнөөдрийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээдэг аж.
Гэхдээ энэ бол Ганболдын өдөөсөн хэргийн дөнгөж нэг хэрэг нь. Үүнээс гадна гарын үсгийг минь дуурайлгаж зурж нотариаттай нийлж миний өмчийг хулгайлсан эрүүгийн хэрэг, гэрлэлтийн баталгаагаа албан ёсоор салгаж үр хүүхдүүдээ өөр дээрээ авах иргэний хэргийн шүүх хурлууд давхар явж байгаа. 3-аас 1-т нь л хагас дутуу яллаа гэсэн үг. Зарим нэг хүнийг бодвол надад нас байна, цаг байна. Дуустал нь шантрахгүй явнаа.
Энэ хүн эр хүн шиг байсан бол бусад гэр бүлийн адил гэрлэлтээ салгах нэг л Иргэний хэргийн шүүх хурал явах байсан атал миний өмчийг хулгайлж, УБЕГ-т авлига өгч өөр Эрүү болон Захиргааны шүүхийн хэргүүдийг эхлүүлсэн билээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Шившигээ таримаар байгаа бол одоо яалтай.
Бусад эмэгтэйчүүдэд сургамж болог гэж бодож он цаг, шүүх хуулийн процедурыг бичээд байгаа юм шүү. Зөвөөр ойлгоорой эрчүүдээ. Эм хүн эм хүндээ маш их хайртай байж болдог байгаа шүү. Дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа" гэжээ.