Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын үеэр шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров "Н.Түвшинбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Түүний хувьд өөрийнх нь үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэдгийг анхнаасаа хүлээн зөвшөөрч ирсэн.
Цаг хугацааны хувьд, хохирогч хүнд гэмтэл авсан өдрөөс хойш харамсалтайгаар амь нас нь хохирсон. Хохирогчийн амь нас тухайн мөчид шууд эрсдээгүй. Богино хугацаанд эрсдээгүй буюу найман сар 22 хоногийн турш эмчилгээ хийлгэж байгаад амь нас эрсэдсэн.
Хоёрдугаарт, прокурор үйлдэгдсэн гэмт хэргийн сэдэл санаа, зорилго, үйлдлийн шинж чанарт хууль зүйн буруу дүгнэлт хийсэн. Цаг хугацааны хүчин зүйлээс шалтгаална. Мөн хууль хэрэглээний хувьд хэд хэдэн үндэслэлүүд байна.
Талийгаач болон Н.Түвшинбаяр хооронд хэн нэгний хувийн байдалтай холбоотой таарамжгүй харьцаа, атаа хорсол байгаагүй. Мөн амь насыг нь шууд хохироох санаа зорилго байгаагүй. Тухайн үед үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан үр дагавар учирсан. Үйлдэлдээ санаатай, хор уршигдаа санамсар болгоомжгүй хандсан" гэв.