Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар энэ жил улсын баяр наадмыг хот, хөдөө гэж ялгалгүй нэгдсэн байдлаар долдугаар сарын 11, 12-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Ингэхдээ наадмын төсөвт 2.3 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Тодруулбал, уг төсөв тохижилт үйлчилгээ ч хийгдэх аж.
Энэ жилийн баяр наадмаар "Улаанбаатарын үдэш" арга хэмжээ Хүй долоо худагт, Төрийн ёслол хүндэтгэлийн концерт Төв талбайд, наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэ тухай Шадар сайд С.Амарсайхан "Морь, сур, бөх бэлтгэлдээ орсон. Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн батлах тухай асуудал УИХ-аар хэлэлцэгдэж буй. Ойрын өдрүүдэд батлагдана. Уяачид, наадамчдын санал бодол зарим зүйл дээр зөрүүтэй байдаг. Үндэсний өв соёл бахархал болсон наадмаа ямар нэг маргаангүйгээр хийнэ. Тиймээс хаа хаанаа анхаарч, хүлээцтэй хандаж, ойлголцож ажиллана гэж найдаж байна. Шинэ хууль батлагдахаар баяр наадмаар бөхийн зохицуулалтын шинэ хувилбарууд орж ирнэ" хэмээлээ.