Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй УИХ-ын дөрвөн гишүүнд хилийн хориг тогтоох саналыг энэ сарын 26-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Энэ талаар шүүхээс тодруулахад "УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавиулах саналаа прокуророос шүүхэд ирүүлсэн. Одоогоор шүүх хурлын тов нь зарлагдаагүй" гэсэн юм.
Тэгвэл мөрдөгч нар дээрх нэр бүхий дөрвөн гишүүнээс мэдүүлэг, тайлбар авсан байна
Мэдүүлэг, тайлбарын үеэр гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаагүй, гэм буруугүй гэж мэдүүлсэн гэдгийг эх сурвалж хэллээ.
Хэргийг нэхэн сануулахад, УИХ-ын гишүүн, Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшинийг эрх мэдлээ урвуулж, Хассуурийн Ганхуяг нарын хамаарал бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгон, их хэмжээний зээл өгсөн гэх хэрэгт холбогдуулан шалгаж буй.
Тэдний хамаарал бүхий “Вертекс майнинг партнерс” ХХК Хөгжлийн Банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авсан талаар тус банкнаас мэдээлсэн юм.
Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг 2012-2014 онд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн Банкнаас гаргасан 1.8 их наяд төгрөгийн зээлийг үр дүнгүй зарцуулж, бондын хөрөнгийг үнэгүйдүүлсэн, Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болох “Хөтөл цемент”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэн Хөгжлийн Банкнаас зээл авахад эрх мэдэл, албан тушаалаа ашиглан давуу байдал олгосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэгт шалгаж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл аваад өдгөө чанаргүй зээлдэгчийн тоонд ороод буй НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгээс их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгасан байдаг.
Энэ хүрээнд эдгээр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлсэн.
Гэвч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болно гэж үзсэн юм. Гэвч дээрх дөрвөн гишүүний асуудлыг "УЕП-оос УИХ-д дахин оруулна, эсвэл шүүхэд саналаа хүргүүлнэ" гэх мэдээлэл гарсны дараа ийнхүү хилинй хориг тавиулах саналаа шүүхэд хүргүүлээд байна.