ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахаар Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж буй. Түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраас тодрууллаа.
-Хил давж орж ирсэн түймрийн одоогийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Өнөөдрийн байдлаар Булан аймгийн Бугат, Төв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын чиглэлд ОХУ-ын хил давж, Монгол Улсын нутаг дэвсгэр лүү түймэр орж ирсэн талаарх мэдээлэл тавдугаар сарын 25-ны өдөр Онцгой байдлын албанд Хил хамгаалах байгууллагаас ирүүлсэн.
Үүнтэй холбоотойгоор Онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч, ОБЕГ-ын дэргэдэх 110 дугаар ангиас нисдэг тэргээр алба хаагчдыг түймрийн голомт руу хүргэх ажлыг тавдугаар сарын 26-ны өглөө 06:00 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна. Газар дээр Төв аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын 16 алба хаагч нэг нисдэг тэрэгтэйгээр ажиллаж байна. Монгол Улсын хил давж нэг километр орчмын өргөнтэй, 700 орчим метрийн урттай түймэр орж ирсэн. Түймрийг унтраах ажлыг зохион байгуулж ажиллаж байна.
-Улсын хэмжээнд он гарсаар гал түймрийн дуудлага мэдээлэл хэр их бүртгэгдэж байна вэ?
-2022 оны тавдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монгол Улсад нийтдээ 70 удаагийн ой хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад түймрийн тоо 34 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
-Түймрийн нөхцөл шалтгааныг юунаас үүдэлтэй хэмээн харж байна?
-Өнгөрөгч жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан иргэдийн хөл хөдөлгөөн хязгаарлагдмал байсан. Энэ нь иргэдийн санамсаргүй болгоомжгүй байдал, түймрийн аюултай үед галын аюулгүй байдлын хангахгүй зан үйлээс гарч байгаа талаар мэргэжлийн байгууллагууд дүгнэж байгаа. Энэ жил УЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр нийт нутгаар түймрийн эрсдэлтэй зэрэг буюу хуурайшилтай байгаа үед ард иргэд маань амарч зугаалахдаа жижигхэн боловч түймрийн аюултай үйлдлийг хийхгүй байхыг анхааруулж байна.
-Шадар сайдын зүгээс ямар үүрэг, чиглэлийг өгөв?
-Шадар сайдын өгсөн үүргийн дагуу түймэр унтрааж буй ажилтан алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, ОХУ талдаа гарч буй түймрийн мэдээллийг мэргэжлийн байгууллагууд хоорондын шугамаар тодруулж, түймрээс урьдчилан сэргийлэх, орж ирсэн түймрийг цаг алдалгүй унтраах чиглэлээр өгөгдсөн даалгавар чиглэлүүдийг биелүүлэхээр мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.