Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас чиглэл өгч, шийдвэрлэсний дагуу хэрэгжүүлж эхэлсэн шинэ төрлийн ял болох зорчих эрхийг хязгаарлах ял нь эрүүгийн ял шийтгэлийн бодлогод эрс шинэчлэл авчирсан алхам болсон билээ. Дэлхий нийтийн хэмжээнд хорих ял оногдуулах явдлыг багасгах түүнээс үүсэх сөрөг үр дагаварыг бууруулах зорилгоор хорихоос өөр төрлийн ялыг олон төрлийн сонголттой хувилбараар ял шийтгэлийн бодлогод нэвтрүүлж ирсэн олон сайн туршлага байдаг бөгөөд Монгол Улс ч бас энэхүү ял шийтгэлийн уян хатан бодлогод тодорхой хэмжээний оролцоог бий болгож хорихоос өөр төрлийн ялыг эрүүгийн хууль тогтоомждоо заан оногдуулж байгаа билээ.
Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд цахим технологийн шийдлийг ашигласан цахим бугуйвч буюу байршил тогтоох төхөөрөмж ашиглан зорчих эрхийг хязгаарлах, тодорхой газар очихыг хориглох, гэрийн хорионд байлгах зэрэг шинэлэг хориглолт, хязгаарлалт тогтоох ялыг хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсад 2015 онд “Эрүүгийн хууль”, 2017 онд “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль” тус тус шинэчлэн батлагдаж, 2021 онын 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх алба хангаж эхэлснээр Монгол Улсын эрүүгийн ял, шийтгэлийн бодлогод эрс шинэчлэлийг бий болгох шинэ хуудас нээгдсэн билээ.
Өнөөдрийн байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2464 ялтанд хяналт тавин ажилласнаас шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж хяналтад авсан 1335, “Өршөөл үзүүлэх тухай хууль”-аар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон 1129 ялтан, ялыг биеэр эдэлж дууссан 1025 ялтан байна. Зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтнуудыг ял шийтгэлийн байдлаар нь авч үзвэл, анх удаа ял шийтгүүлсэн 754 буюу 52.3 хувь, хоёр ба түүнээс дээш гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн 685 буюу 47.7 хувийг тус тус эзэлж байна. Энэхүү ялыг хэрэгжүүлж эхэлсэнээс хойш ялын хэрэгжилтэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас олон нийтийн болон ял шийтгэгдсэн хүнээс сэтгэл ханамжийн болон үр нөлөөнд дүн шинжилгээ хийж үзэхэд эерэг үр дүн өндөр хувьтай гарсан. Тухайлбал, ял шийтгэгдсэн этгээдийн зүгээс ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгон, суралцах боломжоор хангагдаж, гэр бүл, нийгмийн хүрээлэл дунд ял эдлэх боломжийг олгосноор тухайн хүнд гэм буруугаа ухамсарлах, нийгэмших том эрх зүйн боломжийг олгож байгаа юм.
Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлсэнээр нийгмийн өндөр ач холбогдол бүхий багагүй үр дүн гарах нь ял хэрэгжүүлж эхэлсэнээс хойш 2 жилийн хугацаанд тодорхой болж байна. Тухайлбал, улс орны санхүүгийн байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд ял эдлүүлэх ажиллагааны зардал буурч, төсөвт үзүүлэх ачаалал буурна, гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн хүн нь гэр бүл, нийгмийн хүрээлэл дунд ял эдлэх боломжоор хангагдаж, жам ёсны эрхээ эдлэх нөхцөл бүрдэх юм. Түүнчлэн ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгон, суралцах боломжоор хангагдахын зэрэгцээ, гэм буруугаа ойлгох, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, нөхөн төлбөрөө төлөх боломж нэмэгдэх зэрэг олон нийгмийн эерэг ач холбогдол үзүүлж байна.