Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудал сөхөгдөхтэй зэрэгцэн "Чингис хаан" банкны хэрэг шүүхийн шатанд шилжсэн. Энэ хүрээнд тус банкны зээлдэгчээсээ өрөнд авсан гэх хүнсний ногоо хадгалах зориулалттай зоорийг төрд 25 тэрбумаар шахах гэж байна гэх яриа гарч, үүний цаана Сангийн сайд Б.Жавхлан бий гэх хардлага нийгэмд үүсээд байна. Тэгвэл УИХ-ын чуулгын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Сангийн сайд Б.Жавхланд хандан “Найр наадам яах вэ, хийчихнэ. Чадахгүй юм биш.
Гол нь хөгжихгүй байгаад асуудал байна. 200 мянган ам.доллар Украины дүрвэгсдэд хандивласан байна лээ. Тэрэнд чинь баяр хүргэе. Ерөнхий сайддаа дамжуулаарай. Танаас асуух юм байна. Та таван тэрбумын зоорийг 25 тэрбумаар шахаж байна гэнэ үү. Ингэвэл Монгол Улс хөгжих үү” гэж асуусан юм.
Үүний хариуд Сангийн сайд Б.Жавхлан “Энэ асуудлыг улс төржүүлж, хэсэг бүлэг хүн над руу зохион байгуулалттайгаар дайрч байна. Энэ асуудал улсын төсөв, төлөвлөгөөнд огт ороогүй.
Хувийн компани хаана юу хийж явсныг мэдэхгүй. Надад тэнд орооцолдох шаардлага, шалтгаан байхгүй. Тэрнийг улс төржүүлж, над руу бүлэглэн зохион байгуулалттай дайрч байна. Тийм үү. Би тэгж ойлголоо шүү. Та энэ асуудлаа эцэслэн шалгачихаад энд орж ирж хэлээрэй” гэж хатуухан хариу дайлаа.