Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Чанаргүй зээлүүдийг төлүүлж чадахгүй бол ЗГ-ын төлбөрийн чадварт нөлөөлж, манай улс дефолт болох эрсдэлтэй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
17 минут 58 секунд
Гэрэл зургийг Ubn.mn

Нэг их наяд гаруй төгрөгийн асуудлыг араасаа дагуулсан Хөгжлийн банкны асуудлыг эрх баригчид, хууль хүчнийхэн хэрхэн шийдвэрлэхийг ард түмэн нүд салгахгүй ашиглаж байна. Уг асуудалд холбогдуулан нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн бөгөөд хуулийнхан энэ өдрүүдэд эд ажиллаж буй. Тэгвэл үүнтэй уялдуулан Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо УИХ байгуулсан юм. УИХ-ын тал бүрийн төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй уг түр хорооны анхны хуралдаан болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга, тус түр хорооны дарга Ж.Сүхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Хянан шалгах түр хороо нь УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдсан бөгөөд хууль эрх зүйн хувьд нэлээдгүй өндөр чадамж бүхий байнгын хороотой дүйхүйц статустай билээ.

-Нийгмийн анхааралд хамгийн тодоор байгаа Хөгжлийн банкны асуудлыг хянан шалгах түр хороо эхний хуралдаанаа хийлээ. Тодорхой мэдээллийг сонслоо. Олон нийт таны ахалж буй түр хорооноос ямар үр дүн хүлээх вэ?

-Хөгжлийн банкны хэрэг явдал өнгөрсөн 11 жилийн хугацаанд болсон үйл явдлыг хамаарч байгаа. Гол асуудал нь эргэн төлөгдөхгүй байгаа наядаар яригдах зээлийг эргэн төлүүлэхэд оршино. Энэ жилдээ нэг их наяд орчим зээлийн эргэн төлөлтийг хийлгэчихвэл, Хөгжлийн банк ирэх жилээс үндсэн зорилгынхоо хүрээнд хөгжлийн төслүүддээ хөрөнгө оруулалт хийгээд явна гэж харж байна. Чанаргүй зээлийг төлүүлж чадахгүй бол Хөгжлийн банк цаашаа оршин тогтнох боломжгүй болоод зогсохгүй Засгийн газрын төлбөрийн чадварт нөлөөлж, манай улс дефолт /дампуурах/ болох бодитой эрсдэл байна. Тиймээс өр, зээлийг төлүүлэх бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, хууль хяналтын байгууллагуудыг гэм буруутай этгээдүүдийг хариуцлагад татах үйл ажиллагааг шахах, туслах чиглэлд анхаарна. Гуравдугаарт, зээл аваад эргүүлэн төлсөн ч хөгжлийн зориулалттай зээл аваад өөр зорилгоор зарцуулсан асуудалд анхаарал хандуулна. Ер нь Хөгжлийн банк шиг өмнө нь олон янзын төрийн банкууд удаа дампуурч алдагдлыг нь төсвөөс хааж ирсэн. Энэ байдлыг эцэслэж, зогсоох ёстой. Тиймээс хянан шалгах түр хороо хууль зүйн орчныг сайжруулах анхаараад зогсохгүй, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах ёстой.

Хөгжлийн банкны өнгөрсөн хугацаанд яаж ажилласан бэ гэдэг дүр зургийг түр хороо бүрэн утгаар нь баримттай, мэдээлэлтэй гаргаж олон нийтэд ил тавих болно. Нөгөө талаараа, Хөгжлийн банкны эрсдэлийг улсаараа үүрэх гээд байна. Үүнийг үүрч болохгүй. Тиймээс зээлийн эргэн төлөлтөд онцгой анхаарч Хөгжлийн банкны ирээдүйг хамгаалах учиртай.

-Түр хороо эхний хурлын үеэр барьцаа хөрөнгө, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн зээлийн асуудал гээд анхаарал татсан мэдээллүүд олон байлаа?

-Бид эхний хуралдаанаараа Хөгжлийн банк, прокурорын байгууллагын мэдээллийг сонслоо. Прокурорын байгууллагаас 61 хүнд эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татсан. Мөн хөгжлийн банк болон төрийн албан хаагчид зэрэг нийт 33 хүнийг яллагдагчаар татсан гэх мэдээллийг өглөө. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал есөн удаа өөрчлөгдсөн. Дунджаар нэг жил хоёр сарын хугацаанд удирдлагууд нь солигддог. Гэтэл их хэмжээний чанаргүй зээл гараад явчихсан байна. Эдээс харахад, энэ банктай холбоотой хэрэг бол улс төр, эдийн засаг холилдсон ээдрээтэй олон янзын асуудлыг өөртөө агуулж байна. Түр хороо эдгээр асуудлуудад системтэйгээр анхаарал хандуулах шаардлагатай.

Мөн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 650 гаруй тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Энэ зээлийг төр зохицуулах ёстой. Зөвхөн хувийн хэвшлийг зээлээ төл гэж шахахаас гадна төрийн нэр дээрх зээлийг төлөхөд төр өөрөө анхаарал хандуулах нь зүйтэй. Мөн зээл олгоход гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн эрх үүргийг нарийн тодорхойлоогүй. Ил тод байдал, хяналтын систем нь сайн ажиллаагүй байна. Жишээлбэл, гүйцэтгэх захирал нь зургаан тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой байх жишээтэй. 11 арилжааны банкуудаар дамжуулан 1656 төсөлд зээл олгосон. Дамжуулан олгосон энэ зээлүүдийн үр дүн ямар байсан бэ. Энэ хөгжлийн төслүүд амжилттай хэрэгжсэн үү гэдэг асуудлыг гишүүд бас хөндөж байна.

-Түр хорооны дараагийн шатны үйл ажиллагаа, арга хэмжээ юу байх вэ?

Өнөөдрийн мэдээллийн гол учир шалтгаан нь түр хорооны гишүүдийг, иргэдийн мэдээлэлтэй болгох. Түр хороо дараагийн хурлаараа нотлох баримт цуглуулах талаар шийдвэр гаргана. Мөн хянан шалгагчийг томилно. Ингээд нотлох баримт шинжлэн судлах сонсгол хийнэ. Энэ бүхний дүнд Хөгжлийн банкийг тойрсон асуудлыг тодруулж гаргана гэсэн үг. Энэ бол хууль хяналтын байгууллагын ажлыг орлон хийж байгаа. Эсвэл хутгалдаж буй асуудал огт биш. Парламентын хөгжилтэй бусад орнуудад парламентын мөрдөн шалгалтыг явуулдаг хэлбэрээр явна. Манайд бол тусгай шалгалт хэлбэрээр томьёологдсон. Засгийн газрын бүх шатны байгууллагууд бидэнд мэдээллийг тодорхой хугацаанд бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэгтэй. УЕП, Монголбанктай хамтран ажиллана.

Гэрэл зургийг Ubn.mn

-Түр хороонд ажиллаж байгаа гишүүд ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Өмнөх ажлын хэсгийн үеэр ашиг сонирхлын зөрчил яригдаж байсан. Мөн Хөгжлийн банкны асуудалд гишүүд эхнээсээ холбогдож эхэлсэн. Магадгүй ирээдүйд өөр гишүүд ч холбогдох эрсдэлтэй. Энэ нөхцөлд түр хорооны гишүүдээс ашиг сонирхол гарах вий гэх болгоомжлол байна?

-Түр хороог байгуулахдаа би хууль сануулсан. Гишүүд ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил бий бол ямар нэгэн байдлаар хуралд оролцох боломжгүй гэдгийг хэлсэн. Ашиг сонирхлын зөрчлийн хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулиар энэ асуудлыг тодорхой заасан. Нэр бүхий дөрвөн гишүүн түр хороонд ороогүй. Улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хүмүүсийг Хөгжлийн банкны хэргээр шалгаж байгаа асуудал бий. Нотлох баримтыг шинжлэх хүрээнд энэ асуудал хэрхэн яригдах нь өнөөдрийн байдлаар хараахан эрт байна. Түр хороо зөвхөн гишүүдтэй холбоотой асуудал биш өөр олон асуудлыг хэлэлцэнэ. Магадгүй энэ хүрээнд яригдахыг ч үгүйсгэхгүй.

-Хөгжлийн банкны зээлийг аваад дамжуулан зээлдэх. Эсвэл хөгжлийн гэх нэрээр зээл аваад өөр зүйлд зарцуулсан тохиолдлууд яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд улстөрчид, улс төрийн хамаарал руу нийгмээрээ анхаарлаа. Тэгвэл мөнгө угаалтын схем гэж хэлж болохуйц энэ асуудалд түр хороо хэрхэн анхаарах вэ?

-Бидний хүрээ хязгаар ер нь нэлээд том болчихоод байна. Дамжуулан зээлдэгчдийн тоо бараг хоёр мянга гаруй байх шиг байна. Арилжааны банкууд 1656 зээлдэгчдэд дамжуулан олгочихсон. Хөгжлийн банкны зээлээ эргүүлж төлсөн ч зориулалтын дагуу хөгжлийн төсөлдөө зарцуулсан уу гэдгийг заавал ярих ёстой. Бага хүүтэй, хөнгөлөлттэй зээлийг аваад банк бус санхүүгийн байгууллагад оруулсан. Бусад зээлийг төлсөн гэх хардлага, яриа байна. Хардах үндэслэл ч бий. Тиймээс баримт мэдээллүүдийг гаргаж, мөрдөн шалгалтын ажиллагааны явцад тодорхой болно. Түр хорооны хурлын үеэр прокурорын байгууллагаас энэ чиглэлээр мэдээл өгөх боломжгүй гэсэн ч үгүйсгээгүй.

-Төр чанаргүй зээлээ төлөх ёстой. Хөгжлийн банк түр хороонд мэдээлэл хийхдээ үнэт цаас гаргах замаар энэ өрийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилаа. Алдагдалтай, өртэй төрийн өмчит компаниудын үнэт цаас зах зээлд үр дүнтэй арилжаа болж чадах уу. Магадгүй Монголбанк, Эрдэнэт зэрэг газрууддаа “шахчих” вий дээ?

-1.8 их наядын чанаргүй зээл байгаа. Газрын тосны зээлийг оруулаад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн чанаргүй зээлийг 650 тэрбум гэж Хөгжлийн банкныхан үзэж байна. Ер нь бол 420 тэрбум төгрөгийн өр төрийн өмчит компаниудтай холбогдож байна. Түр хороо өр төлүүлэх хүрээндээ Засгийн газар үүргээ биелүүлж өөрт хамаарах өрөө шийдэх ёстой гэдэг байр сууриас хандана. Гэхдээ татвар төлөгчдийн нуруун дээр шууд дарамт үүсгэхгүй байх аргыг эрэлхийлэх ёстой. Энэ дунд санхүүгийн арга хэрэгслийг ашиглах саналаа Хөгжлийн банк санал болгож байна лээ. Ингэвэл мэдээж төрийн өмчит тодорхой компаниудад үнэт цаас болгох, Монголбанкинд даалгах гэх зэрэг цөөн тооны гарц бий байх. Тиймээс энэ хувилбаруудын алийг нь Засгийн газар сонгохыг би мэдэхгүй байна. Ямар ч байсан татвар төлөгчдөд дарамт учруулах замаар шийдэж болохгүй. Чанаргүй зээлийн 3/1 хувь нь төртэй холбоотой болохоор төр дуртай ч бай, дургүй ч зохицуулж л таарна.

Гэрэл зургийг Ubn.mn

-Төр зээлээ төлөхөд анхаарах юм байна. Тэгвэл тухайн үед зээлийг үр ашиггүй зарцуулсан албан тушаалтнууд, төрийн өмчит компаниудын удирдлагууд хариуцлагаас мултрах вий гэх болгоомжлол байна?

-Хоригдсон 14 хүн дунд уг асуудлуудтай холбоотой удирдлага, захирлууд бий. Ер нь төрд ажиллаж байсан хүмүүс дунд санаатай, санамсаргүй хариуцлага алдсан зүйл байгаа. Энэ хүмүүсийг хариуцлагаас орхиж болохгүй. Түр хороо ч гэсэн хариуцлага яаж яригдаж байна вэ гэдэгт анхаарал хандуулна. Угаасаа хариуцлага ярихаас өөр аргагүй. Хариуцлагагүй байсан учраас энэ байдал үүссэн. Хөгжлийн нэртэй биш хулгайг өөхшүүлдэг шинжтэй банк болж хувирсан. Түр хороо өнөөдөр дүгнэлт хэлэх биш баримтуудыг гаргаад олон нийтэд ил болгочихоор асуудал хаана, юундаа оршиж байсныг тов тодорхой ойлгоно. Ер нь Хөгжлийн банк бол манай төрийн сул дорой, авлигажсан байдлыг л тод харууллаа.

-Төрийн өмчит компаниудын зээлийн асуудлыг төр зохицуулах явцад зарим улс төрд нөлөө бүхий этгээдийн хамаарал бүхий хүний авсан зээл төлөгдөх магадлалтай. ТОСК-аар дамжуулж зээл авсан Шинэ Яармаг төслийн асуудлыг хэлж байгаа юм шүү?

-"Шинэ Яармаг төсөл"-ийн хувьд төрийн өмчит ТОСК компанитай хамтарсан юм билээ. Хийсэн ажлын гүйцэтгэл муу, эргэн төлөлт байхгүй байна. Ерөнхийлөгч байсан хүн одоо албан тушаалгүй байгаа. Тиймээс тэр хүний нөлөөлөх нөлөөлөл байхгүй. Хоёрдугаарт, бид шүүхийн тухай хууль, бусад хуулиудаар тухайн үед Ерөнхийлөгчийн нөлөөллийг хааж байсан. Түр хорооны хурлын үеэр гишүүд "Шинэ Яармаг төсөл"-тэй холбоотой яллагдагчаар татагдсан хүн яагаад гадуур шалгагдаж байгааг прокуророос тодруулж байна лээ. Биеийн байдлын улмаас хүсэлт гаргаад шүүхээс гадуур шалгахаар шийдвэрлэсэн гэх мэдээллийг прокурор өгсөн. Үнэхээр эрүүл мэндийн шалтгаантай байсныг нь би хэлж мэдэхгүй. Гэхдээ ер нь бол шударга л байх хэрэгтэй дээ.

-Түр хороо байгуулагдах үед хүрээ хязгаартай холбоотой асуудал яригдаж байсан. Хүрээ хязгаараа хэр хэмжээнд тогтоож чадсан гэж түр хорооны даргын хувьд үзэж байна вэ. Магадгүй хүрээ хязгаар нэмэгдвэл эргээд эрсдэл үүсэх талтай гэж бас яригдаж байсан?

-Хүрээ хязгаарыг яг хуулийн хүрээнд боломжит байдлаар тогтоосон. Бид энэ хүрээ хязгаараа барьж ажиллана. Магадгүй таны хэлсэн шиг хүрээ хязгаараа хэтэрхий нэмээд явах эрсдэлтэй.

-Түр хорооны гол анхаарах зүйл бол Хөгжлийн банкны ойлгомжгүй, алдаа согогтой явж ирсэн хуулийг шинэчлэх ажил бололтой?

-Хөгжлийн банкны шинэчилсэн дүрмийг өнгөрсөн оны наймдугаар сард баталсан. Гэтэл өнгөрсөн долоо хоногт л төрийн мэдээлэл дээр хэвлэгдэж байх жишээний. Би бол Хөгжлийн банкны одоогийн удирдлагуудыг харьцангуй ажиллаад байна гэж хараад байгаа. Тэдний ирүүлсэн мэдээлэл дунд удирдлага зохион байгуулалт, ил тод байдал, шинэ стандарт гээд Хөгжлийн банкны хуульд зайлшгүй оруулах өөрчлөлтийн талаар дурдсан байна лээ. Түр хорооны эцсийн хамгийн том үр дүн бол Хөгжлийн банкны эрх зүйн орчныг сайжруулаад зогсохгүй. Ер нь төрийн өмчит банкийг ажиллуулаад, дампуурах эрсдэлд оруулдаг учир шалтгааныг олж хаах тухай асуудал. Хууль тогтоомжийн асуудал бол зайлшгүй яригдана.

Гэрэл зургийг Ubn.mn

-Түр хороо энэ асуудлаар сонсгол явуулна. Сонсголоо хэзээ явуулахаар тооцоолж байна вэ?

-Хаврын чуулгандаа багтаж сонсгол хийнэ. Ирэх сардаа багтаж сонсгол явагдах болов уу гэж бодож байна. Дараагийн хурлыг ойрын хоёр долоо хоногийн хугацаанд хийнэ. Хэрэг уншиж байгаатай адилхан бөгөөд нотлох баримт цуглуулах ажиллагаанд юу дутуу байна вэ гэдэгт анхаарна. Тиймээс асуудалд хэт яаравчилж хандаж болохгүй. Гишүүдэд судалж, танилцах хугацаа хэрэгтэй. Гэхдээ аль болох хугацааг боломжит байдлаар шахаж явна.

-Улстөрчидтэй холбоотой эсвэл ардаа томоохон улс төр явж байдаг хэргүүд дандаа нууцын зэрэглэл рүү орчихдог болох нь. Эсвэл дүн мэдээлэл нь нууц. Мэдээ мэдээлэл нь ил тод биш байдаг. Таны удирдаж буй Хөгжлийн банкийг хянан шалгах түр хороо хэвлэл, олон нийтэд хэр нээлттэй байх вэ?

-Ажлын төлөвлөгөөг хэлэлцэх үеэр түр хорооны мэдээллийг олон нийтэд хүргэх талд нээлттэй ажиллах чиглэлийг өгсөн. Энэ ажиллагаанд УИХ-ын тамгын газрын ХМОХХ-ийг татан оролцуул гэдгийг зориудаар сануулж хэллээ. Түр хорооны гишүүд аль болох хэрэгтэй бүх мэдээллийг та бүхэнд ил тод, нээлттэй өгч байх болно. Түр хорооны шийдвэр нууц болохгүй. УИХ-ын хяналт шалгалтын хуулиар мэдээллийн нэгдсэн санд хянан шалгагдсан бүх материалууд нийтэд ил тод байршина.

-Хөгжлийн банк шиг том мөнгө, том улс төр эргэлдсэн асуудлыг нэг талд нь гаргах гээд явахад эргэн тойрноос эхлээд л янз бүрийн улс төрийн “гал” ирнэ. Даргын хувьд үүнд хэр бэлтгэлтэй байна вэ. Хараат бус байх тал дээр хэрхэн төвлөрч байна даа?

-Ер нь тэрийг мэдэж, тооцож л байна. Намайг бол хүмүүс мэднэ шүү дээ. Төрийн албанд 25 жилийн өмнө орж ирсэн. Өнгөрсөн хугацаанд улс төрд янз бүрийн “гал” авч, эрсдэл үүрч, хохирол амсаж. Мөн иймэрхүү асуудалд орооцолдсон хэсэг бүлэг этгээдүүдтэй урд нь үзэлцэж л явсан. Тиймээс надад бусад хүмүүстэй харьцуулахад юу юугүй дарамт шахалт үзүүлэх нь бага байх. Мэдээж тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх гэсэн оролдлого гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ бүх юмыг нөлөөлөл гэж харж болохгүй. Зарим хүмүүс асуудлаа бүрэн ойлгуулахын тулд гомдол, мэдээлэл өгөх зэрэг асуудал гарна. Ялгаж, салгаж ойлгох нь зүйтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагвадорж

Хятадуудын бэлтгэсэн бус дотоодын үйлдвэрт боловсруулсан махыг хэрэглэх боломжийг ҮГҮЙ хийсэн “МБҮ“ компани
Хятадуудын бэлтгэсэн бус дотоодын үйлдвэрт боловсруулсан махыг хэрэглэх боломжийг ҮГҮЙ хийсэн “МБҮ“ компани
 
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Д.Энхтүвшин: Бизнес эрхлэгчдийг төлөөлөх чадваргүй, Ерөнхий сайдын зөвлөх хийдэг хүн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хаа сайгүй “кнопчид” бидний хувь заяаг шийддэг болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.