Залуучуудад зориулсан хөгжлийн хөтөлбөр ингэж тогтвортой, үр дүнтэй ажиллаж, олны анхаарлыг татсан нь ховор биз. “LEAD Mongolia” хөтөлбөр хэн нэгний сэдэлд бууснаас эхлээд брэнд болох хүртэлх сонирхолтой түүхийн талаар тус хөтөлбөрийн Дэд захирал Д.Хулантай ярилцлаа.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “World Learning”-ийнхэн гэрээсээ ажиллаж байсан ч “Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхийн тулд өнөөдөр оффистоо ажиллаа” гэсээр Д.Хулан намайг угтлаа. Маш урт, аль ч хэсгийг нь хасмааргүй өгөөжтэй санагдсан ярилцлагаа танаж танаж та бүхэнд хүргэж байна. Хөтөлбөрт хүсэлт илгээх бол тун анхааралтай уншаарай.
Бидний гол зорилго бол шинэ үеийн залуу манлайлагчид буюу ардчиллын үнэт зүйлсийг ойлгодог хүмүүсийг л ирээдүйд бэлдэх, цаашид шийдвэр гаргах түвшинд очихдоо зөв хүмүүс байгаасай гэж хүсч л анх энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Төсөөлөөгүй үр дүн бол салбар хоорондын ажиллагаа байсан.
Тав дахь буюу сүүлийн жилдээ зарлагдаад байгаа “LEAD Mongolia” хөтөлбөрийг төгссөн салбар салбарын 180 гаруй манлайлагч залуу өнгөрсөн хугацаанд нэгэн том гэр бүл болсныг онцлов. 2015 онд АНУ-аас Монгол Улсад суусан Онц бүрэн эрхэт элчин сайд Женнифер Зимдал Галт Монголд залуучуудыг дэмжих хөтөлбөр хэрэгтэй гэсэн санаачилга гаргаснаар “LEAD Mongolia”-гийн эхлэл тавигджээ.
Нэг талаас Элчин сайд Галтын ямар ч улс залуучуудаа дэмжиж байж л хөгждөг гэсэн үзэл баримтлал, нөгөө талаас хөтөлбөрийг санхүүжүүлэгч “АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг” (USAID)-т 2.5 сая долларын хөрөнгө гараад ирсэн нь хөтөлбөрийг хурдхан эхлүүлэх завшаан болж, дэлхийн 60 гаруй оронд хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг “World Learning” үүнийг бид хэрэгжүүлье, хийж ирсэн туршлага нь байна гэж ханцуй шамлажээ. Гэхдээ “LEAD Mongolia” хөтөлбөрийн төлөвлөгөөг зөвхөн Монголд зориулан бэлдэж эхэлжээ. 2016 оны 6 дугаар сард хөтөлбөрөө судалгаагаар эхлүүлж, 9 дүгээр сард олон нийтэд зарласнаар эхний 30 манлайлагч залууг төгсгөсөн байна. Санхүүжилтийн хүрээнд хөтөлбөр 2 жил л үргэлжлэх ёстой байсан ч хүлээгдээгүй гайхалтай үр дүнгийн улмаас дахин 3 жилээр сунгагдаад буй нь энэ.
Энэ хөтөлбөр оролцогчиддоо өгч чадах хамгийн үнэ цэнэтэй зүйл нь юу болохыг сонирхоход оролцоо хийгээд тэгш, хүртээмжтэй байдал гэв.
“Төв Азид нутагтай Монгол Улс тайван замаар ардчилалд шилжсэн үнэт зүйлээ одоо хүртэл авч яваа нь сор болсон жишиг” гэж Д.Хулан хэлээд, “LEAD гэдэг нь англиар Leaders Advancing Democracy буюу Ардчиллыг Бэхжүүлэх Залуу Манлайлагчид гэсэн утгатай. Тэгэхээр ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг залуучуудад түгээх нь хөтөлбөрийн гол зорилго гэлээ.
Харин ардчилал хос багана дээр тогтоно. Тэдгээр нь оролцоо бас тэгш, хүртээмжтэй байдал.
“Эхнийх нь оролцоо. Оролцоо байхгүй бол ардчилал өөрөө байхгүй гэсэн үг. Тэгэхээр хөтөлбөрийн үйл ажиллагаа, залуучууддаа олгож байгаа мэдлэг, ур чадвар нь оролцоон дээр суурилж явагддаг. Хоёр дахь нь “World Learning” ТББ-ын үйл ажиллагааны зарчим болох inclusion буюу тэгш, хүртээмжтэй байдал. Ямар нэгэн шийдвэр юм уу үйл ажиллагаанд хэнийг орхигдуулахгүйгээр ажиллахыг хэлнэ. Орхигдуулахгүйн тулд төлөвлөж чаддаг, төлөвлөснийхөө үндсэн дээр оролцуулаад хамруулж чаддаг ур чадварыг олгох зорилготой”-г онцлов.
"LEAD Mongolia 2019", Америк дахь солилцооны хөтөлбөрийн төгсөгчид АНУ-ын Конгрессын бодлого, хууль боловсруулалтын талаар мэдээлэл хуваалцах аялалын үеэр. Капито Хилл, Вашингтон ДиСи.
LEAD Mongolia 2020 хөтөлбөрт дараах холбоосуудаар нэвтэрч хүсэлтээ илгээгээрэй.
- -LEAD Mongolia 2020 Монгол дахь хөтөлбөрийн цахим өргөдөл https://form.jotform.com/200118347897461
- -LEAD Mongolia 2020 АНУ дахь солилцооны хөтөлбөрийн цахим өргөдөл https://form.jotform.com/200118299440451
Хөтөлбөр анх эхлэхээсээ маш их судалгаа хийжээ. Тэдгээр судалгаанууд нь мөн л оролцоо, тэгш, хүртээмжтэй байдлыг хангасан учраас хөтөлбөрийн төлөвлөгөө, хэрэгжүүлэлт ч ийм болж чадсан байна. Учир нь тэд энэ байдлыг хангахын тулд бид юу хийх ёстой вэ хэмээн тэгш асууж чадсан байна.
“Мэргэжлийн хүмүүс Вашингтон ДиСи-гээс ирээд гурван сарын хугацаанд Монголын судалгааны багуудтай хамтарч ажилласан. Ингэхдээ судалгаан дээрээ орхигддог бүлгүүд юу байна гэдгийг ярилцаад хамгийн эхний судалгаагаа хийхээр Баян-Өлгий рүү ниссэн. Үндэсний цөөнх ихэнхдээ хоцрогддог учраас. Эхний 2 долоо хоногийн хугацаанд орхигдоод байгаа бүлгүүдийн төлөөлөлтэй уулзсан. “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”, “Хараагүйчүүдийн холбоо”, “Сонсголгүй иргэдийн холбоо”, сонсголгүй иргэдэд үйлчилж нийгэмтэй харилцахад нь гүүр нь болдог “Дохионы хэлмэрчдийн холбоо”-той уулзсан. Бид хөтөлбөрөө төлөвлөхдөө юун дээр анхаарах ёстой вэ гэж асуусан? Тэр дунд зөндөө уйлмаар уйлмаар түүхүүд байсан”... ХЭН Ч, ХЭЗЭЭ Ч ХӨТӨЛБӨРИЙНХӨӨ ДИЗАЙНЫГ ЯАЖ ХИЙВЭЛ ОРОЛЦООГ ИЛҮҮ ХАНГАХ ВЭ ГЭЖ ТЭДНЭЭС АСУУГААГҮЙ БАЙСАН”...
Гурван сарын хугацаанд судлаад 200 гаруй хуудастай дүгнэлт гаргажээ. Түүнд дээрээ үндэслээд, хөтөлбөрөө хаагуур, яаж зарлах, анкет нь ямар загвартай байх, мэдээллээ хэрхэн хүргэх зэргээс эхлээд бүхий л үйл ажиллагааг маш нарийн төлөвлөсөн байна. “LEAD Mongolia” хөтөлбөрийн ихэнх мэдээлэл англи, монгол хэл дээр; видео контентийн дийлэнх нь дохионы орчуулагатай, эсвэл хадмал орчуулагатай байгаа нь мөн л тэгш оролцоог хангахаар төлөвлөснийх аж.
Хөтөлбөрийн оролцогчид АНУ-ын Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзах үеэр. Улаанбаатар хот.
Д.Хулан “Энгийн жижиг зүйлсээс л өөрчлөлт эхэлдэг шүү дээ” гэсэн яриа нь “World learning”-ийн олон “жижиг” хичээл зүтгэлүүд “том” үр дүнг авчирдгыг харуулах хэд хэдэн кэйс өгүүлэв. Тухайлбал,
- 21 аймагт хөтөлбөрийн талаар мэдээлэх нь: “2016 онд сошиал медиагийн хэрэглээ өөр байсан. Тэгэхлээр бид нар зөвхөн Фэйсбүүкээр зарлаад явах юм бол 21 аймгийн залуучууд яаж мэдэж оролцох юм бэ, мэдсэн ч үүнд оролцож болох юм байна гэсэн итгэл үнэмшил төрөхгүй бол яах вэ? Үүнийг орон нутагт ажиллаж байсан өөр ажлын туршлагаасаа харж байсан тул тэнд хүрч очоод мэдээллээ өгөөд, чи хандаж болно, ядаж хандчихаад шалгараагүй бол гомдолгүй өнгөр гэж хэлдэг. Ялангуяа гадаад нэртэй хөтөлбөр болохоор их мундаг залуучууд ордог юм байна гэж сүрдээд өрсөлдөхөөсөө өмнөө өөрийгөө хасаад хаячихдаг хүн олон. Тэгүүлэхгүйн үүднээс 21 аймагт уулзалтаар мэдээллээ өгдөг”.
- Хараагүй иргэдэд тусад нь форм бэлдэх нь: “Бид Хараагүйчүүдийн холбоо руу анкетаа явуулдаг бөгөөд манай хараагүй иргэд бүрэн оролцох боломжтой. Гэхдээ онлайнаар бөглөх программыг хараагүй иргэдийн программ бүрэн уншдаггүй учраас тэдэнд тусад нь зориулаад формоо word документ дээр энгийн болгодог. Ингэхдээ тэд нарын компьютер дээр бүрэн уншигдахаар, бие даан бөглөх боломжтойгоор хийдэг. Жишээ нь, эр, эм хүйс сонгодог цонхыг тиклэх хийх ёстой байхад түүнийг хараагүй хүмүүст зориулсан программ уншихгүй учраас эр, эм гээд зайг нь орхиж өгдөг. Жижиг мэт боловч энэ нь маш чухал, тэгж л өгөхгүй бол тэр хүн анкетаа ганцаараа бөглөж чадахгүй, хэн нэгнээс хамааралтай болчихдог”.
- Анкетийн мэдүүлэг дээр хүйсийг сонголттой болгох нь: “Одоо гаагүй болчихоод байгаа ч 2016 оны үед анкет дээр эр, эм гэсэн хоёр л хүйсийн сонголт байдаг байсан. Одоо бол харин эр, эм, бусад гэсэн сонголтууд байдаг болчихлоо. Хүн өөрийгөө ямар гэдгээ илэрхийлэх сонголт нь байх ёстой гэдэг утгаар манай анкет анхнаасаа ийм сонголттой хийгдсэн”.
- Нэг хүнд дөрвөн хэлмэрч: “Сонсголгүй иргэдийн дийф влогийг хийдэг, 2016 оны оролцогч Нэмэхбаярыг хөтөлбөрт бүрэн оролцуулахын тулд Монгол дахь сургалтуудаа дохионы хэлмэрчтэй хийсэн. Америкийн солилцооны хөтөлбөрт явахад нь ч бас хэлмэрчтэй явуулахаас өөр аргагүй. Гэтэл тэр хэлмэрч маань Монголоос хамт АНУ-руу явах гэтэл цалинтай ажил хийж байгаа гэдэг утгаараа ажлын визтэй байх ёстой гэдэг шаардлагаар явах боломжгүй болсон. Ингээд АНУ-д дөрвөн хүнийг хэлмэрчээр авч ажиллуулсан. Сонсголын бэрхшээлтэй хүний дохионы хэлмэрчийн үйлчилгээ гэдэг өндөр нарийн техниктэй, зохицуулалттай. Бид хоёр хоорондоо ярихад та намайг сонсоод л сууж байна. Гэтэл дохионы хэлмэрчийн хувьд гарнаас гадна нүд, ам, бүх зүйлээ хөдөлгөж байдаг утгаараа хүнд хөдөлмөр. Тэгэхээр дохионы хэлмэрч хүн 30 минутаас илүү хэлмэрчлэх ёсгүй, солигдох ёстой байдаг. Ийм шаардлагатай учраас ядаж өдөртөө 2 хүн солигдоод байх тухай бодсон л доо. Дохионы хэл дотроо улс орны хэл тус бүрээр өөр байдаг юм байна. Монгол дохионы хэл, Америк дохионы хэл, Олон улсын дохионы хэл ялгаатай. Манай оролцогч олон улсын дохионы хэлийг 70-80 хувьтай, америк дохионы хэлийг 30-40 хувьтай мэддэг гэж үзэхээр бидэнд олон улсын дохионы хэлмэрч байхаас өөр аргагүй болсон. Гэтэл Америкт ОУ-ын дохионы хэлмэрч нь ихэнхдээ сонсголгүй иргэд байдаг юм билээ. Багш наана сургалтаа хийж, ярихад түүнийг сонсголтой 2 хэлмэрч Америк дохиогоор хэлмэрчилнэ. Түүнийг нь сонсголгүй 2 хэлмэрч ойлгож аваад олон улсын дохионы хэлээр манай Нэмэхээд ойлгуулж байсан. Ингээд бид нар 4 хэлмэрч орчуулагчтай 3 долоо хоногийн турш ажилласан даа”.
Мэргэжилтнүүдтэй хийх хэлэлцүүлгийн үеэр.
-Одоо хөтөлбөрт тэнцэхийн тулд юуг анхаарах тухай ярилцъя. Өнгөрсөн хугацаанд нийт хэдэн аппликэйшн хүлээж авсан бэ?
-Хамгийн анхны шалгаруулалтыг би сайн санаж байна. 30 хүн шалгаруулна гэхэд 250 хүнээс анкет ирүүлж байсан.
-Өрсөлдөөн чанга байна аа?
-Тийм. Яагаад би энэ тоог сайн санадаг гэхээр “Харвардын сонгон шалгаруулалтын чанарыг хангах нь” гээд зүгээр тоглоом болгож ярьж байсан. Өөрөөр хэлбэл, Харвардын Их Сургууль нийт элсэхийг хүсэгчдийн 10%-ийг л авдаг. Манайх бол 11%, бараг л адилхан гэж тоглож байлаа. Гэхдээ анхнаасаа бид чанартай хийе, залуусыг оролцох хүслийг өдөөсөн премиум хөтөлбөр байя гэдэг зорилт тавьсан. Хоёр жилийн хугацаанд тэр зорилтдоо хүрээд, хүмүүс ч манай хөтөлбөрийг сонсоод, мэдээд авчихсан, хамрагдахыг хүсдэг болсон гэж боддог.
Монгол дахь хөтөлбөрт хүсэлт гаргагчдын тоо АНУ дахь хөтөлбөрт ханддаг хүний тоог гүйцдэггүй. 2017 оны хувьд нийт 230 анкет ирснээс 190 орчим нь АНУ-ын хөтөлбөрийнх байсан.
Нийтдээ 1200 гаруй анкет иржээ гэж болно.
-Жилээс жилд оролцохыг хүсэгчдийн тоо нэмэгдсэн үү?
-2017 онд хоёр хөтөлбөрт хуваагаад, тавих шаардлагадаа нэг хүн хоёуланд хандаж болохгүй гээд эрэлтээ хуваачихсан. Анкетын тоо нэг их өсөөгүй шүү. Би хувьдаа 25-40 насны энэ хөтөлбөрт хандъя гэж үзсэн хүний тоо нь гүйцэж байгаа юм биш биз дээ эргэлзсэн. Гэхдээ үгүй байх. Мундаг залуучууд маш олон байдаг, бид мэдээллээ л илүү сайн хүргэх хэрэгтэй. Жилээс жилд хандаж, оролцож байгаа залуучуудын төрөл нь баяжиж байгаа шүү. Өмнө нь иргэний нийгмийнхэн олон байсан бол 2017, 2019 оны солилцооны хөтөлбөрийн тухайд хувийн хэвшлийнхэн олон болсон. Манай хөтөлбөрт орон нутгийн залуучууд оролцоход тулгарсан том саад нь англи хэл байсан. Монгол дахь хөтөлбөрийн хувьд англи хэл шаардахгүй учраас түлхүү орон нутгийн залуучууд хамрагдах хандлагатай. Монголдоо хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаагийн цаад шалтгаан бол орон нутгийн залууст боломж олгох явдал юм. Агуулга, зорилго, аялал нь яг ижилхэн.
-Та өргөдөл хүлээн авахаас эхлээд шалгаруулах үе шатуудын талаар товчхон хэлж өгөхгүй юу?
-Өргөдөл бол гурван үндсэн хэсэгтэй. Эхнийх нь овог, нэр, пасспортын дугаар гэх мэт ерөнхий мэдээлэлтэй. Хоёрдугаар хэсэгт хувь хүнийг таниулах зорилготой эссений хэсэгтэй. Одоо тухайн хүн яг ямар итгэл үнэмшилтэй, юу бодож санаж явсан, юу хийж ирсэн, юу хийх гээд байгаа юм гэдгийг таньж авах зорилготой хэсэг байгаа. Эссе дотроо таван хэсэгтэйн сүүлийнх нь видео эссе. Видео бичлэгийн ач холбогдол гэхээр цагаан дээр хараар бичсэнийг уншаад хүнийг таних нэг өөр. Бодит бичлэгээр асуултад хариулж байгаа байдлыг харахад өөр шүү. Гурав дахь хэсэг нь бодлогын сэдэв. Манайх чадавхжуулах хөтөлбөрөө улсын хэмжээнд тулгамдсан 3 асуудлаар, бодлогын сэдвийн хүрээнд хийдэг. Нэгдүгээрт, ажилгүйдэл болон ядуурлыг бууруулах. Яагаад гэвэл энэ бол монголын номер нэг тулгамдсан асуудал. Хоёрт, байгаль орчин ба хотжилтын асуудал. Гуравдугаарт, авлигатай тэмцэх болон ил тод байдлын тухай асуудал. Оролцогч анкет дээрээ ийм сэдэв барьж оръё гэж бодож байгаагаа сонгож, илэрхийлдэг.
-Өргөдөл илгээгчид маш нямбай хандах ёстой байх. LEAD-д оролцох хувь заяаг шийдэж байгаа онооны зөрүү нь хэр зөрүүтэй байдаг вэ?
- Маш нарийн шүүдэг. Ялангуяа тэр эссэнүүд яагаад энэ хөтөлбөрт орох гээд байгаа, юу хэрэгтэй юм гэдгээ өөрийнхөө зүгээс маш сайн илэрхийлэх хэрэгтэй. Өөрт өгөгдсөн хугацаа бүрийг үр өгөөжтэй ашиглах хэрэгтэй. Мөн заавраа хэр сайн дагаж байгааг харна. Одоо 75 секундийн видео хийдэг хүмүүс байна. Видео нь үнэхээр тасархай. Асуултынх нь чанарыг яриагүй, хариултынх чанарыг нь ярьж байна тээ. Мундаг хийчихсэн мөртлөө шаардаж буй 60 секундээс хэтэрсэн секунд болгоноороо оноо нь хасагдаад явна гэх мэт их нарийн дүрмээр шүүдэг.
- Амжилтгүй болж байгаа өрөгдлүүдийн нийтлэг гаргаж буй алдаанууд юу вэ?
- Видео эссен дээр бол хугацаагаа битгий хэтрүүл, мөн өгсөн линк нь ажилдаггүй. Анкетаа өгөхөөс өмнө чи бичлэгээ Youtube дээр unlisted хэлбэрээр байршуулсан байх ёстой. Эссен дээр гэвэл 200 үгний боломж байхад хоёр өгүүлбэр бичээд явуулдаг хүмүүс байна. Лаг ажил хийсэн байж болно гэхдээ тэрийг бүрэн тайлбарлах хэрэгтэй. Бас маш нуршуу бичдэг, асуултдаа хариулдаггүй. Маш их оршил бичдэг. Нуршиж явсаар байгаад эцэст нь бидний хүсээд байгаа хариултыг ганц хоёр өгүүлбэрт багтаагаад биччихсэн байдаг. Манай ихэнх асуултууд тодорхой жишээ асуудаг. Тодорхой жишээ бичнэ үү гэхээр би ерөнхийдөө ингэнэ гэх мэт манайхан өнгөлөөд хариулаад байдаг асуудал бий.
- Одоо “LEAD Mongolia” хөтөлбөрийн үр дүнгийн талаар ярилцъя. Түрүүн та төсөл хэрэгжүүлэх үе шатыг дурдсан шүү дээ. Бодлогын гурван сэдэв нь солигддог уу?
- Үгүй. Бодлогын сэдвүүд маань ерөөсөө өөрчлөгдөхгүй. Яг энэ хөтөлбөрийн гол зорилго учраас.
- Өнгөрсөн хугацаанд хэдэн төсөл хэрэгжсэн бэ?
- Яг одоогийн байдлаар хорин төсөл хэрэгжчихсэн. Одоо явж байгаа 6 төсөл байгаа. 4 сарын 30 гэхэд төсөл зорилтоо биелүүлсэн байх ёстой байсан ч коронагаас болоод хойшлогдоод байна. Гэхдээ одоо хэрэгжиж буй төслүүдээ коронагийн үеийн нөхцөл байдалтай хэрхэн уялдуулж болох вэ гэдэг дээр багууд маань ажиллаж байна.
-Тэднээс хамгийн өвөрмөц, шинэлэг, үр дүнтэй төслүүд нь юу байсан бэ?
-Бүгд өвөрмөц. Тиймээс салбар бүрээс нь нэг нэг төлөөллийг ярья.
2017 оны солилцооны хөтөлбөрийн Байгаль орчин хотжилтын төслийн багийн “Бид өрөөсөө эхэлье” гэдэг төсөл байгаа. Агаарын бохирдол, усны бохирдол гээд хотжилтын маш олон тулгамдсан асуудлаар хийсэн. Байгаль орчны зөвлөхүүд, Монголын шилдэг 10 график дизайнерууд хамтран ажиллаж постер гаргасан. Асуудлуудыг залуучуудад ойлгогдохоор хүргэе, тэгээд дараа нь яах вэ гэдэг дээр илүү их анхааръя гэсэн. Салбарын мэргэжилтнүүд нь 2 сарын хугацаанд мэдээлэл өгөнгүүт 10 дизайнер 160 өөр постер гаргасан. Усны нөөцийн асуудлыг жишээлбэл ингэж үзүүлсэн. Ингээд харахаар залуучууд ойлгож байгаа. Дийлэнх их, дээд сургуулиудад үзэсгэлэн болгож гаргасан, 2 аймаг руу авч явсан. Олон улсын мэйеэрүдийн үзэсгэлэн дээр Улаанбаатар хотын үзэсгэлэн болгож гаргасан. Энэ төслийг санаачилсан Золзаяа бол одоо үүний хоёр дахь шат болох “Creative 100” гэдэг төслийг үргэжлүүлээд явж байна.
2016 онд Ажилгүйдэл, ядуурлын төслийн багийн “Ажилд хүрэх зам” гэдэг төсөл байгаа. 15 гишүүнтэй баг “Ажилд хүрэх зам” гэдэг 40 минутын, 3 дүртэй баримтат кино хийсэн. Нэг дүр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ээж. Байнгын асаргаатай хүүхэдтэй, ажил хиймээр байвч олдохгүй. Хоёр дахь нь сонсголын бэрхшээлтэй залуу. Хувиараа гэртээ мужаан хийдэг ч ажил олддоггүй. Гурав дахь нь зуданд малаа алдаад Улаанбаатар хотод ирсэн, олон хүүхэдтэй айлын бага охин. Тэр охин бол барилгын коллежид сурдаг, сэтгүүлч болох зорилготой хэрнээ мөнгөгүйгөөс тэнд ажилллангаа сурч байгаа. Бид ажилгүй хүн гэхээр залхуу ч юмуу, архи уудаг гэдэг ч юмуу асуудлыг буруу шийдэл рүү хурдан түлхдэг. Гэтэл тэдгээр хүмүүсийн ажил олох зам нь өөр өөр гэдгийг харуулах зорилготой. Тэр кино бол маш гоё бүтээл болсон. Хийж байхад нь, нээлтийнх нь үеэр, хийсний дараа гээд гурав, дөрөв үзчихсэн мөртлөө үзэх болгондоо уйлдаг.
https://www.facebook.com/gereltusgay/
Авлига, ил тод байдал дээр 4 янзын төсөл байгаа. Залуучууд маань ажиллахдаа хүртээмжтэй байдлаа ч бас боддог учраас нэг төслөө Налайхын 18-р сургуульд хийж байсан. Сургууль төсвөө хэрхэн зарцуулахыг захирал мэддэг. Хэнийгээ авах, яах тухайгаа, төсвөө ил тод байлгах ёстой боловч хэр ил тод байдаг нь мэдэгдэхгүй. “Голомт” цогцолбор дээр хамтарч ажиллаад бас ил тод сургууль ямар байх ёстой талаар удирдлага, багш, ажилчид, суралцагчдыг оролцуулаад хийсэн төсөл. Тэндээсээ гарын авлага гаргаад ил тод сургууль байх юм бол, яг ямархуу нөхцөл байдлуудыг яаж хэрэгжүүлээд байх юм бол сургуулийн гүйцэтгэл, бүтээмж, суралцагчдын сэтгэл ханамж өндөр байхыг харуулсан гарын авлага гаргасан. Тэр гарын авлагыг монгол, казак 2 хэл дээр гаргасан. “Голомт” цогцолборыг сонгосон шалтгаан нь Налайх дүүрэгт Баян-Өлгийгөөс гадна нь хамгийн олон буюу 30 хувьд казак иргэд байдаг. Гарын авлагадаа үндэсний цөөнх ямар байдалтай байгааг харуулсан. Сургуулийн удирдлага дэмжиж ажилласан нь их бахархууштай.
Бид оролцогчдоо сургахдаа тэгш, хүртээмжтэй оролцоог яаж хангах вэ гэдэг агуулгыг маш сайн өгдөг. Тэгээд эргүүлээд төслөө хэрэгжүүлэхэд ч төсөл нь тогтвортой, олон талыг татаж оролцуулах боломжтой, санхүүжилтээ олох, багаар ажиллах гээд төслөө хийнгээ залуучууд маань суралцаад явдаг.
-Миний анзаарснаар “LEAD Mongolia” төсөл хэрэгжүүлэх үе шат нь хамгийн төсгөлдөө байдаг. Өөрөөр хэлбэл сургалтуудад суугаад сертификатаа авсны дараа энэ ажил явагддаг. Тэгэхээр төсөл хэрэгжүүлэх тал дээр идэвхи буурах эрсдэлтэй харагдаад байгаа. Танайх үүнийгээ хэрхэн хянадаг вэ?
-Идэвх буурах эрсдэл байна. Сургалт нь дуусчихлаа гээд сертификатаа эрт өгч байсан үе бий. 2019 онд бол бүх агуулгаа дуусгачихаад өгсөн. Монгол болон Америк дахь хөтөлбөрт аль алинд нь байна. Хичнээн сайн сонгон шалгаруулсан ч 30 дотор бол хааяа даа нэг Америк явж ирээд л ор тас алга болчихдог хүмүүс байна. Хэрвээ тэрийг нь бодоод хөтөлбөрөө төлөвлөх юм бол төсөл хэрэгжүүлснийхээ дараа нь урамшуулаад явуулах ёстой ч юм шиг. Гэхдээ хамгийн гол нь солилцооны хөтөлбөрөөр 3 долоо хоног явж үзэж харсан юмаа Монголд ирээд, газар дээр буулгаад хэрэгжүүлэх гол зорилттой, тийшээ явж тэр хүний харах өнцөг, цар хүрээ нэмэгдэж байгаа учраас тэндээс авсан мэдлэг туршлагаа ашиглаад, баяжуулаад төсөл хийх ёстой. Оролцоог аль болох хангах талаас баг бүр ажилладаг. Ялангуяа төслөө хийгээд явж байхдаа оролцогчид атгасан гар шиг чанга болдог, дотно болдог.
Мэдээж төсөл дотроо үйл ажиллагаагаа хувааж авч ажиллаж болдог. Нэг нь төлөвлөлтөө, нэг нь санхүүгээ, нэг нь тайлангаа хариуцаж болно. Зохион байгуулалтын, оролцоогоо хэрхэн хангах нь багийн хариуцах асуудал байдаг. Бид бол хянаад явж байхын хувьд үр дүнг нь гаргуулна, дэмжиж ажиллана. Манай хөтөлбөрийн баг бол залуучуудынхаа төслийн үр нөлөөг аль болох дэмжиж ажилладаг. Оролцогчид маань бол мундаг.
Бид бол өөрсдийгөө тэднийг төслийнхөө үр нөлөөг сайжруулахад нь дэмжих гишгүүр гэж харж байна. Оролцогчид дараа ч өөрсдөө ярьдаг. Бид бол мундаг юм байна, чадах байсан байна гэж. Тэдэнд өөрөө өөртөө итгэх итгэл, ялангуяа салбартаа их зүйл бүтээх хүсэлтэй залуус ганцаарддаг, өөр салбарт хэрэгтэй хүн нь ижил юм бодоод явж байсан байна гэдэг. Хөтөлбөрийн хүрээнд итгэл үнэмшил дээрээ нэгдэж танилцдаг учраас хамтарч ажиллах боломж үүсдэг. Гэхдээ энэ боломжоос гадна зориод, ур чадвар нь байгаад, зөв нөлөөлөөд, хамтрагчаа зөв тодорхойлоод хийх юм бол юуг ч хийж чадах юм байна гэсэн итгэл үнэмшил нь нэмэгддэг. Хийж байгаа ажил нь ч үр дүнтэй болдог. Жишээ нь арван жилийн турш аль нэг салбарт төсөл хийгээд явчихсан, одоо ингээд яах вэ гэдгээ мэдэхгүй байгаа хүн бол сэргээш хэрэгтэй байх үедээ хандаж, эрч хүч аваад ирэхээрээ, ур чадвараа өөр өнцгөөс харах чадвартай болоод ирэхээрээ нөгөө хийж байсан юмаа илүү үр дүнтэй үргэжлүүлэх боломж олддог. Хамгийн гол нь орон нутгийн залуучууд маань нэг л учраас олохгүй байсан чинь сайхан болчихлоо, гольдролдоо орчихлоо гэдэг. Тэр нь төсөл хэрэгжүүлэх ур чадвар ч байж болно, багаар ажиллах боломж эсвэл өөр хоорондоо мэдээлэл солилцох эсвэл урам зориг ч байсан байж болно.
Бидний гол зорилго бол шинэ үеийн залуу манлайлагчид буюу ардчиллын үнэт зүйлсийг ойлгодог хүмүүсийг л ирээдүйд бэлдэх, цаашид шийдвэр гаргах түвшинд очихдоо зөв хүмүүс байгаасай гэж хүсч л анх энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Төсөөлөөгүй үр дүн бол салбар хоорондын ажиллагаа байсан.
Дорноговь аймагт зохион байгуулсан мэдээлэл, туршлага солилцох арга хэмжээний үеэр.
Төгсөгчдийн холбоо бол бидний зорилтод байгаагүй. Холбоо үүсгэн байгуулна гэсэн зүйл байгаагүй. Эхний 2 жилийн дараа тайлан гаргах явцдаа тогтвортой байдлаа хангахын тулд хөтөлбөр зогссон ч гэлээ лийдийн залуучууд юу хийж болох вэ гээд, 2018 оны хавар гурван ангийн 100 залуугаа нийлүүлээд хооронд нь бат бэх танилцуулах зорилгоор 2 өдрийн шат дараатай сургалтууд хийгээд тэгээд эргүүлээд дахин нэг өдөр үлдээсэн. Хөтөлбөр дуусвал та нар юу хийх вэ гээд асуусан. Гэтэл тэгш, хүртээмжтэй байдлаа 21 аймагтаа хүргэж ажиллая, энэ сүлжээгээ авч үлдье, 21 аймагт сургалтын агуулгаа хүргэе гэдэг олон санаачлага гарсан. Эргүүлээд хоорондоо бие биеэсээ суралцъя гэсэн.
Төгсөгчдийн холбооны гол зорилго бол ардчиллыг бэхжүүлэх дуу хоолойгоо сонсгодог байгууллага болъё, гишүүддээ үйлчилдэг байгууллага болъё гэсэн. Одоогоор 180 гаруй залуучууд төгсөгчдийн холбоонд байгаа. Энэ жилийн 2 хөтөлбөр дууссаны дараа 240 гаруй төгсөгч болох байх. Энэ олон залуус салбар бүрийн төлөөлөл байгаа учраас Санхүүгийн зохицуулах хороонд ажилладаг нэг нь ирээд бонд гаргах, IPO гэж юу юм, хувьцаа авахдаа юунд анхаарах вэ гэх мэт санхүүгийн тухай мэдлэг мэдээллээ бусаддаа хуваалцдаг. Салбартаа мундаг хүмүүс байгаа учраас сүлжээн дундаа мэдээллээ хуваалцаж, чадавхжуулж байгаа нь эргээд сүлжээ үр дүнтэй явах үндэс суурь болно. Ингээд хүчтэй үргэлжлэл яваад ирэхээр гадагшаагаа залуучуудаа чадавхжуулъя гээд төгсөгчид 4-6-гаараа нийлээд аймаг, аймагт очиж өөрсдийн мэдлэг, туршлагаасаа хуваалцах арга хэмжээ зохион байгуулах болсон. Анх Эрдэнэтэд, хөл хориноос өмнө Дорноговь аймагт хийсэн. Тэнд 300 гаруй залуу оролцож 21-р зуунд өрсөлдөх чадвартай байхын тулд залуучууд ямар ур чадвар байх ёстой талаар ярилцсан. Орон нутагт байгаа залуучууд мэдээллээр маш их ангаж цангадаг. Дараагийнх нь Баян-Өлгийд төлөвлөсөн ч цар тахлын улмаас хойшлогдоод байна. Тэрний дараа Дорнод гээд залуучууд маань 21 аймгаар явах зорилготой. Эдгээр арга хэмжээг бол хөтөлбөр огтхон ч төлөвлөөгүй. Залуучуудаас гарч буй органик шийдэл.
Манлайллын хөтөлбөр гээд байгаа боловч манайд “манлайлал” гэдэг нэртэй сургалт бол байхгүй. Хүн бүр л манлайлах чадвартай, итгэл үнэмшил дээрээ л суурилна. Тэрийгээ хэрхэн яаж илэрхийлэх нь хүн бүрийн хувьд өөр. Ардчиллыг бэхжүүлэхийн хувьд ялгаварлан гадуурахгүй гэдэг дээр бид баттай зогсож, тэр нөхцөл байдлыг хангахыг хичээж ажилладаг.
Ярилцсан: Г.Мандахбилэгт